"100 сая төгрөгөөр “Соната-8” маркын хуучин машин авсан"

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

"100 сая төгрөгөөр “Соната-8” маркын хуучин машин авсан"

"100 сая төгрөгөөр “Соната-8” маркын хуучин машин авсан"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга нарын хууль бус үйл ажиллагааны талаар өнөөдөр /2021.05.10/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боломжийг дарга нар эрх мэдлээ ашиглан хулгайлж байна. Шилэн дансанд харагдаж буй нээлттэй мэдээллээр 100 сая төгрөгөөр “Соната-8” маркын хуучин машин авсан. Тэргэнцэртэй хүн суугаад явах боломжтой 2015 онд үйлдвэрлэсэн “Старекс” машиныг 150 сая төгрөгөөр худалдан авсан байна. Тэгээд ч зогсохгүй тэр машиныг нь зам засварын үйлчилгээ эрхэлдэг байгууллага нийлүүлсэн. Төсвийн мөнгийг ийнхүү үр ашиггүй зарж, удаа дараа хууль бус үйлдэл хийж байхад тухайн үед алба хашиж байсан мэргэжилтнүүдэд ажлаас халахаас өөр арга хэмжээ аваагүй.

Үүнээс гадна төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан кейсүүдийг иргэд шилэн дансны мэдээлэл рүү орж харж болно. Нэг ширхэг халуун хэмжигчийг 500 мянган төгрөгөөр авсан жишээ ч байна. Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан тусгай веб сайт хийнэ гэсэн нэрийдлээр 35 сая төгрөгийг зарцуулсан. Өнөөдөр Монголд мэдээллийн сайтыг 3-5 сая төгрөгөөр хийдэг. Гэтэл тэр сайтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглах боломжгүй байна. Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулж мэдээний цэсүүдийг л аудио хэлбэрээр сонсох боломжтойгоос бусдаар мэдээ, мэдээллийг тусгай хэрэгцээт иргэдэд өгөх ямар ч боломжгүй байгаа юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хоёрдугаар сард салбарын хэмжээнд төсөв мөнгө завшсан, албан тушаалаа ашиглах гэж оролдсон хүмүүстэй хатуу тэмцэнэ гэж хэлсэн. Тиймээс энэ асуудлыг шийдэж, эдгээр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэж байна. Монголоос өөр газар төрийн байгууллагын эрх мэдлийг ийм бусармаг аргаар ашигладаг үйл явдал байхгүй байх. Би яам болоод холбогдох хүмүүст 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж хандаад хариу өгөөгүй учраас өнөөдөр мэдээлэл хийж байна. Хэрэв цаашид холбогдох арга хэмжээг шуурхай авахгүй бол өлсгөлөн зарлана” гэлээ.

Тус хэргийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүн ХНХЯ-ны мэргэжилтэн Г.МӨНХГЭРЭЛ:

-Иргэний гаргасан гомдлын дагуу ХНХЯ-наас ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалтын ажлыг зохион явуулсан.  М.Чулуун-эрдэнэ иргэний өгсөн зарим мэдээллийн дагуу хуулийн хяналтын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Нэг ширхэг халуун хэмжигчийг 500 мянган төгрөгөөр авсан зөрчил илэрсэн нь батлагдсан. Бидний хувьд тухайн үед арга хэмжээ авах боломж байгаагүй. Хуучин ажиллаж байсан мэргэжилтнүүд ажлаасаа гарсан. Дараагийн зөрчил болох “Соната-8” автомашиныг худалдан авсан талаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Иргэнд дүгнэлтийг танилцуулж, холбогдох хүмүүс асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд зарласан уралдааны шагналт байранд өгөх шагнал болох нэг компьютерийг өгөөгүй нь үнэн. Учир нь тухайн үед дөрвөн ангилал тус бүрт нэг хүн шалгарч, компьютер өгөх байсан ч ивээн тэтгэгчийн зүгээс нэг хүүхдийн шагналыг л өгсөн. Тиймээс агуулахад хадгалагдаж байсан” гэдэг тайлбар мэдээллийг өглөө.

С.УНДАРМАА

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж