Ерөнхий сайдаас АСУУЯ: Улсаас урвасан улстөрчдийг нэрлэнэ үү!

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдаас АСУУЯ: Улсаас урвасан улстөрчдийг нэрлэнэ үү!

Ерөнхий сайдаас АСУУЯ: Улсаас урвасан улстөрчдийг нэрлэнэ үү!

Цаашид төрийн алба шат шатандаа хариуцлага хүлээдэг, ёс зүйтэй, хүнлэг, сахилга баттай байж, гүйцэтгэлд тулгуурлан үнэлэгддэг байх соёлыг нэвтрүүлнэ.

/Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнээс 2021.01.27/

Нутгийн ахаасаа Засгийн тамгыг “өвлөж” авсан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зуун хоногийн “төрсөн өдөр” өнөөдөр тохиож байна. Тэрбээр 30 сэтгүүлчийн асуултад нээлттэй ярилцах урилга илгээжээ. Түүнээс асуух асуулт иргэдэд болон хэвлэлийнхэнд их бий. Гагцхүү асуултад хэрхэн хариулах нь түүнийг эрх мэдэлтэй Ерөнхий сайд уу эсвэл У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юу гэдгийг таниулах болно. Мэдээж, зуун хоногтоо амжуулсан ажил, алдаа оноо, Засгийн газрын цаашдын бодлого мөрийн хөтөлбөр, бүх нийтийн вакцинжуулалт, цар тахал, эдийн засаг, улс төрийн өнөөгийн хямрал, гарц гаргалгаа, хариуцлага, шударга ёс гээд түүнд ярих зүйл олон байгаа ч биз.

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр супер эрх мэдэлтэй болсон хоёр дахь Ерөнхий сайд. Танхимаа огцруулах, сайд нартайгаа хариуцлага тооцох бүрэн эрх мэдлийг түүнд Үндсэн хуулиар олгосон. Гагцхүү энэхүү эрх мэдлээ хэрэгжүүлж, алдаа гаргасан танхимын сайд нартайгаа хариуцлага тооцож чадах эсэхийг түүнээс асуухыг иргэд хүсч байгаа нь мэдээж. Товчхондоо, ажлын хариуцлага алдсан, мөн эрх мэдлээ урвуулсан гэх асуудалд нэр холбогдсоны танхимынхаа сайд нарт хэрхэн хариуцлага тооцох нь олон нийтийн анхаарлын төвд байна.

 Шил дараалан гарч буй сенсааци, өдөр болгоны дуулиант үйл явдал дунд мартагдах шахсан нэгэн асуудал бол Шадар сайд С.Амарсайханы дабл стандартын “хэрэг”.

Эхнэр Ч.Ичинхорлоогийнх нь улаан бүс рүү нэвтэрсэн дуулианы араас хүү А.Эрдэнэхүслэнгийнх нь Болорвсролын зээлийн сангаас төлүүлсэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27166 ам.доллар буюу 77,423,100 /далан долоон сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийн баримт  дэлгэгдэж, “Мэдээллийн урсгал”-аар УОК-ын дарга тайлбар сэлт хэлсэн ч энэ нь түүний үйлдэлд зөвтгөл болж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл, С.Амарсайханы хүүгийн давуу эрхтэйгээр авсан зээлийн асуудал бусдын 1200 хүүхдийн зээлийг төлсөн гэх тайлбараар цагаатгагдана гэсэн үг биш. Тэгээд ч авсан мөнгөө буцаагаад өгчихвөл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг болохгүй гэсэн ойлголт Ардын намынханд бий.

Л.Оюун-Эрдэнийн танхимаас чөлөөлөгдөх “болзол”-оо хангасан дараагийн сайдууд нь  Батлан хамгаалахын сайд  Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар.  2021 он гарсаар хугацаат цэргийн алба хааж байсан хоёр  цэрэг, нэг офицер учир битүүлгээр амиа хорлосон. Мөн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч салааны согтуу захирагчдаа зодуулан амь насаа алдсан.  Хилийн цэргийн хоёр байлдагч харуулын даргаа буудаж хөнөөсөн гээд Монголын армид онц ноцтой хэргүүд ар араасаа гарсан. Гэтэл хэн, хэн нь ажлын хариуцлага хүлээх нь бүү хэл ар гэрээс нь уучлалт гуйгаагүй байгаа.

Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн 100 хоногийн өмнө засгийн тамгыг атгахдаа хэлсэн шударга ёс, хариуцлага түүний танхимаас эхлэх ёстой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавих бас нэг асуулт бол Монголын эрх ашгаас урвасан улстөрчид хэн бэ. Тэрбээр  өнгөрсөн сард “Ерөнхийлөгчийн сонгууль угтаж, улс төрийн хөөсрөлт бий болж байна. Улстөрчид битгий гай  бол. Вакцин татан явалтын явцад зарим улстөрч, УИХ-ын гишүүдийн хариуцлагагүй байдал бас нөлөөлсөн. Цар тахлын хажуугаар улс төрийн халалт үүсгээд яахав гэж бодоод асар их тэвчээр гаргаад явж байна. Гэхдээ би тийм их тэвчээртэй хүн биш. Шаардлагатай бол тэдгээр УИХ-ын гишүүдийг би зарлана гэж бодож байгаа. Цар тахлын үед ийм үйлдэл хийх нь эх орноосоо урвасан үйлдэл шүү. Тиймээс  тэдгээр улс төрийн алиа салбадай нарыг цар тахлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газарт нь хэлнэ" гэсэн нь эх орноосоо урвасан тэр “адгийн улстөрч” хэн бэ гэх асуулттай үлдээсэн. З

Тэгэхээр Ерөнхий сайд тэдгээр хүмүүс нэрлэх ёстой. Учир нь, цар тахлаар улстөржиж, иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж, вакцины татан авалтад нөлөөлсөн улстөрч байгаа бол түүнийг Төрийн ордноос хөөгөөд зогсохгүй шүүхийн өмнө дуудах учиртай юм.

Түүнээс “шаардлагатай бол зарлана” гэх нь өөрөө улс төр болж сонсогдоно.  Өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь тагнасан, чагнасан хүмүүсийг зарлана, мэдэгдэнэ гэж байгаад таг чиг болсон. Энэ удаад “эх орноосоо урвасан” гэх хүнд ял үйлдсэн улстөрчдийг нэрлэхгүй бол Ерөнхий сайд өөрөө хүн гүтгэсэн Эрүүгийн ялд унана. Эцэст нь, Ерөнхий сайдаас ахиад асууя: УОК-ын дарга болоод урвасан улстөрчдөд та ямар хариуцлага тооцох вэ?!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж