Чөлөөтийнхөн олимпийн эрхээ нэмж, боксынхон Европт тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн олимпийн эрхээ нэмж, боксынхон Европт тэргүүлэв

Чөлөөтийнхөн олимпийн эрхээ нэмж, боксынхон Европт тэргүүлэв

Монголын баг, тамирчид өнгөрөгч амралтын өдрүүдэд чухал тэмцээнд уралдаанд оролцлоо. Чөлөөт бөхийн таван тамирчин олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээндээ оролцсон бол боксын тамирчид Европт багаараа тэргүүлэв. Мөн мэргэжлийн сүмогийн Нацү башё эхэлж, дээд зиндаанд Монголын зургаан бөх өрсөлдөж байна.


ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД ОЛИМПИЙН ХОЁР ЭРХ ХҮРТЭВ

Токио-2020 олимпийн наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох сүүлийн дэлхийн тэмцээн Болгарын нийслэл Софи хотод болж, Монгол Улсаас таван тамирчин өрсөлдлөө. Эрэгтэй дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс МУГТ Э.Бэхбаяр 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, эх орондоо олимпийн эрх авчирлаа. Мөн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Х.Болортуяа мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх хүртэв.

Ийнхүү Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид түүхэнд байгаагүй амжилт үзүүлж, ирэх зуны Токиогийн олимпийн наадамд бүрэн багаараа буюу зургаан жинд бүгдэд нь оролцохоор боллоо. Харин эрэгтэй чөлөөтэй бөхийн тамирчид 57 кг, 65 кг, 125 кг гэсэн гурван жинд оролцохоор болов.

Монгол Улс одоогоор чөлөөт бөхийн спортоор олимпийн есөн эрх аваад байна. Чөлөөт бөхийн олимпийн эрхийг тухайн тамирчинд бус холбоонд нь олгодог. Тэгэхээр дээрх тамирчид олимпод оролцох уу эсвэл өөр тамирчид оронд нь оролцох уу гэдгийг Монголын чөлөөт бөхийн холбоо шийднэ.

БОКСЫН ТАМИРЧИД ЧЕХЭД БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЭВ

Чехийн улсын Усти-над-Лабем хотноо зохион байгуулсан “Гран-При” олон улсын тэмцээнд Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид оролцож, хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль тус тус хүртэн багийн дүнгээр нэгдүгээр байрт шалгарав. Монголын зургаан тамирчин алтан медалийн төлөө шалгарч, эмэгтэй 57 кг-ын жинд О.Есүгэн, эрэгтэй 63 кг-ын жинд Э.Цэндбаатар нар алтан медаль хүртжээ.

Алтан медаль

  • Эмэгтэй 57 кг – О.Есүгэн
  • Эрэгтэй 63 кг – Э.Цэндбаатар

Мөнгөн медаль

  • Эмэгтэй 51 кг – Л.Алтанцэцэг
  • Эрэгтэй 52 кг – Х.Энхмандах
  • Эрэгтэй 56 кг – Х.Энх-Амар
  • Эрэгтэй 75 кг – О.Бямба-Эрдэнэ

Хүрэл медаль

  • Эрэгтэй 64 кг – Б.Чинзориг
  • Эрэгтэй 69 кг – Б.Мишээлт

Чехэд тэмцээнд оролцсон боксын баг тамирчид тавдугаар сарын 9-20-ны өдрүүдэд Герман улсад Герман-Кубын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдах Азийн аваргад оролцох аж.

МЭРГЭЖЛИЙН СҮМО БӨХИЙН НАЦҮ БАШЁ ЭХЛЭВ

Нацү башё өчигдөр/2021.05.09/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд цар тахлын улмаас үзэгчгүй эхэллээ. Ёкозүна Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас энэ удаагийн башёд оролцох боломжгүй болсон учир Нацү башё ёкозүна цолтой бөхгүйгээр явагдах болсон.

Башёгийн эхний өдөр озэки цолтой дөрвөн бөх бүгд даваа авчээ. Зүүнийг манлайлж буй озэки Асанояама комүсүби Дайэйшог давсан бол барууны манлай озэки Такакэйшо маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Вакатакакагэг, озэки Шодай Хокүтофүжиг тус тус давав. Харин озэки цолоо эргүүлэн аваад буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн хоёрдугаарт эрэмбэтэй Мэйсэйг давжээ.

Монгол бөхчүүдээс Хошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар даваа авсан бол Кирибаяама Б.Лхагвасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан нар өвдөг шорооджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж