Хүүхдийн төлөө фондын мөнгөө хаана байна. Сүүлийн үед хүн болгон үүнийг сураглаж эхлэв. Учир нь, өвчин, зовлонд шаналж, мөнгө төгрөггүйгээсээ болоод эмчилгээнд явж чадахгүй байгаа Б.Анандын адил олон хүүхдэд Монголд бий. Тэдэнд фондын мөнгөнөөс дэмжлэг үзүүлэх ёстойг сануулах хүн ч олон байна. Гэвч, энэ бүхэнд тодорхой хариулт өгчих хүн алга.
Шинэ жилийн өмнөх шөнө Ерөнхийлөгчийн санаалчилга, Засгийн газрын дэмжлэгээр хүүхдийн төлөө фонд байгуулж, иргэдээ хандив, гуйлга цуглуулсан. Уг арга хэмжээг "Херо" Б.Баатар зохион байгуулсан байдаг. Уг фондын мөнгө хаана, хэний "халаасанд" оров. Уг нь Засгийн газарт шилжүүлж өгнө гэж Б.Баатар өөрөө хэлсэн шүү дээ.
ФОНДЫН ХӨРӨНГИЙГ ХҮҮХДЭД НЬ БУС БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЗАРЦУУЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЖЭЭ
Байгуулагдаад удаагүй Хүүхдийн төлөө фонд ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин Г.Ундармаа “Хүүхдийн төлөө фондод хандивласан мөнгийг зөв зохистой зүйлд зарцуулаасай хэмээн харамлах, хардах эрх иргэдэд байгаа. Яагаад гэвэл ард түмний дундаас боссон мөнгө. Харин одоо цугласан мөнгөөр хүүхдэд зориулсан номын сан, хүүхэлдэйн театр, чөлөөт цагаа өнгөрүүлэх соёл амралтын хүрээлэн байгуулахаар төлөвлөж урьдчилан тооцоолсон. Энэ бүхнийг шилэн дансаар хянаад хэрэгжүүлбэл хамгийн гоё, үр дүнтэй ажил. Гэхдээ Хүүхдийн төлөө фондын цахим хаягаар хандаж буй хүмүүсийн зүгээс фондын мөнгийг хүүхдийн эмчилгээний зардалд зарцуулахыг шаардаж байна. Бид зорьсон ажлаа бүтээхээр ажиллаж байгаа юм. Хүүхдийн номын сан барилаа гээд зөвхөн ном өрөхгүй” гэв. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Онон “Хүүхдийн төлөө фонд нь нэг, хоёр хүүхдийн төлөө бус нийт Монгол хүүхдийн ирээдүйн төлөө үйл ажиллагаа гэдгийг ойлгох ёстой” гэдгийг тодотгосон юм. Жүжигчин Г.Ундармаа, Н.Онон нарын уран бүтээлчид “Карентин-14” нэвтрүүлгийн үеэр /2021.04.20-ны өдрийн дугаар/ ийнхүү Хүүхдийн фондын асуудлаар тайлбар өгсөн нь энэ билээ. Мөн УИХ-ын гишүүд ч бас фондын хөрөнгийг хүүхдийн эрүүл мэндэд зориулахаас татгалзаж, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахыг дэмжсэн байна. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа “Энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд батлагдсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.
Хуульд Хүүхдийн фондын тухай тусгахдаа хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, спортын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдэд олгох шагнал, урамшуулал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спорт тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх гэсэн гурван заалттай. Эрүүл мэндийн зарцуулалт байхгүй. Тухайн үед УИХ-ын чуулганаар Хүүхдийн фондын асуудлаар хэлэлцэж байхад эрүүл мэндийн зарцуулалтыг хүүхдийн фондын хөрөнгөтэй хольж болохгүй, эрүүл мэндийн даатгалаас шийдэх асуудал гээд санал дэмжигдээгүй.
Одоо бол Хүүхдийн төлөө фондын хөрөнгө нь хүүхдийн төлөө байгууллагын Г.Ундармаа, Б.Баатар нарын байгуулсан ТББ-д байршиж байгаа. Энэ бол одоохондоо улсын Хүүхдийн сан биш” гэсэн юм.
ХАНДИВТ ЦУГЛАСАН ХОЁР ТЭРБУМЫГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНД ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ
Хүүхдийн төлөө фондын хөрөнгийг Хүүхдийн төлөө санд шилжүүлэхээр болсныг УИХ-ын гишүүд мэдээлээд эхэлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Урлаг, соёлын одод Хүүхдийн төлөө фонд хэмээх хандивын аян өрнүүлсэн. Энэ хүрээнд тус фондод хоёр орчим тэрбум төгрөг цугларсан. Тухайн үед хүүхдэд тусгайлан зориулсан сан байхгүй байсан учир тэрхүү хандивын мөнгийг хаана нэгтгэн хуримтлуулах нь тодорхойгүй байсан. Энэ удаад Хүүхдийн төлөө сантай болох асуудал хуулиар зохицуулагдаж байгаа учраас дээрх хөрөнгийг тус санд төвлөрүүлнэ. Энэ утгаараа тус сангийн эхний хөрөнгө нь Хүүхдийн төлөө фондоос цугларсан хоёр орчим тэрбум төгрөг байх юм. Хандиваас цугларсан тэр хөрөнгөөс нэг ч төгрөг зарцуулагдаагүй байгаа. Одоо энэ хөрөнгө Хүүхдийн төлөө санд хуримтлагдана. Үүн дээр нэмээд саяхан дуудлага худалдаагаар өндөр үнэтэй худалдаалагдсан авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого болох 300-400 сая төгрөг санд төвлөрнө. Одоогийн байдлаар Хүүхдийн төлөө санд 10 орчим тэрбум төгрөг цугларч байгаа юм билээ. Цаашдаа энэ сангийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй” гэжээ.
Одоогоор Хүүхдийн төлөө фонд нь Засгийн газрын дэргэдэх байгууллага уу, эсвэл Соёлын яаманд харъяалагддаг уу, статус нь тодорхойгүй байна. Соёлын яамны мэдээлснээр Хүүхдийн төлөө фондод хөрөнгө цуглуулахад анх зохион байгуулагчаар оролцож байсан бол одоо салбар яамд хамаагүй асуудал болжээ. Өөрөөр хэлбэл, тус яаманд хүүхдийн төлөө фонд харъяалагдахгүй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцна гэх мэдээллийг өгч байв. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хүүхдийн төлөө фонд, Хүүхдийн сан бол нэг л асуудал” гэх тайлбарыг өгч Соёлын яам, Хүүхдийн төлөө фонд ТББ-ын мэдэх асуудал гэх тайлбар өгч буй.
Ямартай ч Ерөнхийлөгч санаачлан, уран бүтээлчдээр хүүхдийн нэр барин хандив хэмээн гуйлгуулсан Хүүхдийн төлөө фондын хөрөнгө одоо “Херо” Б.Баатарын төрийн бус байгууллагын дансанд байгаа аж. Энэ талаар жүжигчин Г.Ундармаа мэдээлэл өгөхөөс татгалзсан. Түүний өмнө нь хэлснээр фондын хөрөнгийг шилэн данстай болгохоор ажиллаж байгаа юм билээ. Хүүхдийн төлөө фондод цугласан хөрөнгө бол иргэдийн мөнгө юм. Тиймээс ч энэ бол нэхэж, хөөцөлдөх гол асуудлуудын нэг. Иргэд ч зөв зохистой, үр бүтээлтэй зарцуулахыг хүсч буй. Гэвч фондын хөрөнгийг хүүхдэд нь зориулахаар ярьж байсан ч одоо үндсэн зорилгоосоо хазайсан бололтой.