С.Ганбаяр: 32 их наяд төгрөгийн зээлийн 10 хувь нь чанаргүй зээл

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

С.Ганбаяр: 32 их наяд төгрөгийн зээлийн 10 хувь нь чанаргүй зээл

С.Ганбаяр: 32 их наяд төгрөгийн зээлийн 10 хувь нь чанаргүй зээл

Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяраас цар тахлын улмаас зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд өөрчлөлт орсон эсэх талаар тодрууллаа.


-Зээлийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл бүртгэлтэй байна вэ. Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өссөн үү?

-Монголбанкны Зээлийн мэдээллийн санд 2021 оны гуравдугаар сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгжийн 32 их наяд төгрөгийн нийт 2.1 сая ширхэг зээл, төлбөрийн мэдээлэл цугларсан байна. Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өөрчлөлт бараг ороогүй гэж хэлэхэд болно.

-Жилд дунджаар хэчнээн хүний мэдээлэл “хар жагсаалт”-д ордог вэ?

-Банк, санхүүгийн салбараас иргэд, аж ахуйн нэгжүүд нийт 2.1 сая ширхэг зээл болон зээлтэй адилтган тооцох үйлчилгээ авсан байх бөгөөд үүний 10 гаруй хувь нь чанаргүй зээлийн түүхийг бий болгож байна. Зээлийн мэдээллийн сангийн нийт мэдээллийн 90 орчим хувь нь эерэг мэдээлэл байгаа тул “хар жагсаалт” гэж нэрлэх нь оновчгүй юм.

-Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн сөрөг мэдээлэл хэдий хугацаанд хадгалагддаг вэ?

-Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу аливаа зээл бүрэн төлөгдсөн өдрөөс эхлэн иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд зургаан жилийн хугацаанд тусгагддаг. Энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд лавлагаанд тусгагдахгүй болдог.

-Иргэд цар тахлын энэ хүндрэлтэй үед нэг удаа “хар жагсаалт”-аас гаргаж өгөхийг хүсч жагссан. Төв банк энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Монголбанк 2014-2016 оны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон эдийн засгийг богино хугацаанд сэргээх зорилгоор 2017, 2018 онуудад нийт 66 мянга орчим иргэний зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх, хэвийн зээлийн ангилалд шилжүүлэх арга хэмжээ авсан.

Цар тахлын үед Монголбанк иргэн, аж ахуйн нэгжийн авсан зээлийн түүхийг хэвийн түвшинд хадгалах боломжит бүхий л арга хэмжээг авсан болно.

-Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч хуулийн этгээд болох ББСБ болон үүрэн холбооны оператор компаниуд апп ашиглан иргэдэд зээл олгодог. Тэдгээр байгууллагууд энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх эрхээ Төв банкнаас авдаг уу?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үүрэн холбооны оператор компаниуд маань ихэвчлэн өөрийн дэргэд ББСБ байгуулан, АПП ашиглан зээл олгож байна. Банк бус, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгож, эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг.

-Хууль бусаар энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд бий юу. Ямар хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай вэ?  

-Тусгай зөвшөөрөлгүйгээр банкны үйл ажиллагаа эрхэлсэн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

Харин банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

-Апплейкшнаар зээл аваад, муу ангилалд орсон иргэд хэр олон байдаг вэ?

-Апплейкшнаар дамжуулан зээл аваад чанаргүй зээлийн ангилалд орсон иргэн нэлээн байгаа. Нарийвчилсан статистик мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос лавлах нь зөв байх. Манай зээлийн мэдээллийн сан дээр Апп-аар олгосон эсхүл биечлэн гэрээ хийж зээл олгосон гэх мэдээлэл бүртгэгддэггүй.

Ерөнхий гэрээ байгуулаад Апп-аар дамжуулан зээл авч байгаа бол зээлийн нөхцөлийг ягштал баримталж, зээлийн эргэн төлөлтийг хийхийг хүсч байна. Зээлийн гэрээ маань Иргэний тухай хуулиар зохицуулагддаг тодорхой эрх зүйн үр дагавартай тул гэрээ байгуулахаасаа өмнө өөрийн санхүүгийн бодит нөхцөл байдлаа бүрэн үнэлсний дараа шийдвэр гаргахыг үүгээр зөвлөж байна.

-Зээлийн мэдээлэлд хэрхэн өөрчлөлт оруулах вэ?

-Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн зээл олгосон банк, санхүүгийн байгууллага хариуцдаг. Монголбанк энэ мэдээллийг өөрчлөх боломж хязгаарлагдмал. Иймд иргэн, аж ахуйн нэгж өөрийн зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бол зээл авсан банк, санхүүгийн байгууллагадаа хандаж мэдээллийн бодит, үнэн зөв байдлыг хангуулах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж