“Оюутан цагийн дурсамж устаж байгаад л гунигтай байна”        

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

“Оюутан цагийн дурсамж устаж байгаад л гунигтай байна”        

“Оюутан цагийн дурсамж устаж байгаад л гунигтай байна”        

Мөнгөн хонхны жингэнээ цангинах үе ойртлоо. Ерөнхий боловсролын сургууль, их сургуулиа амжилттай төгсч, амьдрал хэмээх их далайд хөл тавихаар яарах залуус төгсөлтийн хонхны баяраа инээд хөөр баяр баяслаар дүүрэн сэтгэл догдлон хүлээдэг.  Гэвч цар тахалтай холбоотойгоор их, дээд сургуулийн төгсөлтийн баяр хоёр дахь жилдээ цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Оюутнуудын хувьд амьдралын нандин дурсамж устаж байгаад сэтгэл дундуур байгаагаа хэлж байв.

Танхимын сургалтыг хорьж, оюутнууд хөл хорио дунд шалгалтаа өгч, дипломоо шуудангаар авах зохион байгуулалтыг энэ хичээлийн жилд анх удаа бүх их дээд сургуулийн хэмжээнд баримталж байгаа юм байна.

Улсын хэмжээнд их, дээд боловсролын нийт 88 сургуульд 147.293 оюутан суралцаж байгаагаас 25 мянга орчим оюутан энэ хавар төгсөх аж. 2020-2021 оны хичээлийн жилд нийт төрийн өмчийн 14 их сургууль, зургаан дээд сургууль, хувийн өмчийн 22 их сургууль, 40 дээд сургууль, гурван коллеж, олон нийтийн өмчийн хоёр их, дээд сургууль болоод шашны нэг сургуулийн хэмжээнд цахим сургалтыг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна.

"ДИПЛОМ ГАРДУУЛАН ӨГӨХ АЖЛЫН ТУХАЙД ШУУДАНГААР ОЮУТНУУДАД ХҮРГҮҮЛНЭ"

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар:

-Цар тахлын хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам баталсан. Энэ жилийн тухайд их, дээд сургуулиудын хувьд төлбөрийн асуудалтай холбоотой гомдол саналууд тодорхой тоогоор ирсэн. Хяналт шалгалтуудыг тухай бүрт нь мэргэжилтнүүдийг томилж хийсэн байгаа. Нийт 88 их, дээд сургуулиас 60 сургуульд найман төрлийн асуумж бүхий судалгаа авахад төлбөрийн асуудалтай холбоотой тушаалыг 90 хувь нь гардаж хүлээж авсан. Төгсөгчдийн төлбөрийн асуудлын тухайд холбогдох зохицуулалтыг сургууль тус бүр гаргаж ажиллаж байгаа гэсэн юм.

Мөн тус яамны зүгээс сургууль бүрийн сургалтын онцлогоос шалтгаалж төгсөлтийн шалгалтын хуваарь өөр өөр байгаа. Зарим сургуулийн төгсөлтийн шалгалт эхэлсэн байгаа бол зарим сургуулийн шалгалт тавдугаар сарын сүүлчээр дуусна. Төгсөлтийн шалгалтыг энэ сард авч дуусах төлөвлөгөөтэй байгаа талаар сургуулиудын холбогдох мэргэжилтнүүд мэдээлсэн. Мөн их, дээд сургуулиудын зүгээс дотоод зохицуулалтыг хийж диплом бичиж буй оюутнууд шалгалт өгөх хэлбэрийг сонгох сонголтыг гаргаж өгсөн. Зарим төрийн болон хувийн өмчийн их сургуулиуд оюутнуудаас санал асуулга авч, шалгалтыг мэргэжлийн хичээлийн дүнгээр тооцуулах асуудал ч ярьж байгаа. Диплом гардуулан өгөх ажлын тухайд шуудангаар оюутнуудад хүргүүлнэ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 28045 оюутан бакалавр, магистрын хөтөлбөрийн хүрээнд суралцаж төгссөн. Тэдгээр оюутны хувьд мөн нөхцөл байдалтай холбоотойгоор цахим сургалтад хамрагдаж, дипломоо авсан байгаа. Тиймээс сургалтын байгууллагууд энэ хаврын тухайд харьцангуй туршлагатай болсон гэх мэдээллийг өгсөн юм.

ТӨГСӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЯМАР НЭГЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ

Их, дээд сургуулиуд өмчийн хэлбэр харгалзахгүй үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой зохицуулалтыг хийжээ. Тухайлбал, МУБИС-ийн хувьд хаврын улирлын сургалт, төгсөлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах болсонтой холбогдуулан оюутнуудад онлайн шалгалт өгөх болон суралцсан хугацааны мэргэжлийн хичээлийн голч дүнгээр шалгалтаа тооцуулах сонголтыг олгожээ.

Хэрэв оюутнууд онлайн шалгалт өгөх бол шийдвэрээ холбогдох хөтөлбөрийн албаны мэргэжилтэн болон зөвлөх багшдаа мэдэгдэх ёстой аж. Харин диплом бичиж буй оюутнуудын тухайд хамгаалалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Мөн бүрэлдэхүүн сургууль бүрийн хөтөлбөрийн албанаас төгсөх курсийн оюутан бүртэй холбогдож ажиллаж байгаа юм байна. Төгсөлттэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахгүй болсонтой холбогдуулан оюутны дипломыг Улаанбаатар хотын харъяа төгсөгчдөд тусгай удирдамж гарган тараана. Орон нутгийн оюутнуудад шуудангаар хүргүүлэх шийдвэр гарсан тухай тус сургуулийн оюутны хөгжлийн албанаас мэдээлэл өгсөн юм.

Оюутнууд хонхны баяр болон цахим сургалтын талаар ямар бодолтой байгааг нь хуваалцлаа.

“ОЮУТАН ЦАГИЙН НАНДИН ДУРСАМЖ МААНЬ УСТАЖ БАЙГААД Л ГУНИГТАЙ БАЙНА”  

      

МУБИС-ийн оюутан Б.Мягмарнаран:

-Бидний хувьд оюутан цагийн нандин дурсамж маань устаж байгаад л гунигтай байна. Энэ жил их сургуулиа төгсч буй оюутан залуусын 80-аас дээш хувь нь анхны их сургуулиа төгсч байгаа шүү дээ. Магистрын зэргээ хамгаалах ч энэ цаг үеийн хамт олон, багш нартайгаа өнгөрөөх дурсамжаа нөхөх боломжгүй.  Төлбөрийн тухайд хэдий улс хямралтай байгаа ч уян хатан байх хэрэгтэй гэж бодож байна. Боловсролын сайд тушаал гаргаад дэмжсэн ч доод шатандаа үйлчилдэггүй талтай юм шиг санагддаг. Мэдээж танхим, онлайн сургалт эрс ялгаатай. Тийм учраас цаашид хөл хорио сунаж, доод үеийнхэн маань онлайнаар сурах бол сургалтын төлбөрийг тодорхой хувиар хасах нь зөв гэсэн байр суурьтай байна.

 “ТӨГСӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМААР Ч БОЛОВ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА”

МУИС-ийн оюутан Б.Азжаргал:

-Дөрөвдүгээр сарын 29-нд МУИС сургалтын үйл ажиллагааг зохицуулах тухай тушаал гаргасан. Түүнд тусгаснаар цахим сургалтын үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжилж, дипломыг шуудангаар хүргүүлнэ. Сургууль дээр биеэр ирж дипломоо авахыг хориглоно гэж заасан байсан. Цаг үе боломжгүй байвал төгсөлтийн үйл ажиллагааг цахимаар ч болов зохион байгуулахыг оюутнуудын зүгээс хүсч байгаа. Хөтөлбөр бүрийн онцлогоос хамаарч цахим сургалттай холбоотой асуудлууд тулгарч байгаа байх. Онлайн сургалтад гурван улирлын турш хамрагдахад улирал тутамд сургалтын чанар сайжирсан.

Өнгөрсөн сард Бизнесийн удирдлагын сургуулийн захирал Ж.Энхбаяр цахимаар хийсэн уулзалтын үеэр МУИС-ийн хэмжээнд цахим сургалтын төлбөрийг хөнгөлөх боломжгүй. Урсгал зардлууд буурсан ч төлбөр хөнгөлөх хэмжээнд биш байсан гэдгийг хэлсэн. Сургалтын төлбөрийн 80 орчим хувь нь багш нарын цалинд олгогддог учир багш нарын цалинг тавихад хүндрэлтэй юм байна гэж ойлгосон. Тиймээс миний хувьд төлбөр хөнгөлөх гэхээс илүүтэй цахим сургалтын чанарыг сайжруулах талаар сургууль болоод оюутнуудын зүгээс хамтарч ажиллах нь зүйтэй санагдаж байгаа. ”

“ХОНХНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЦОМХОН ТЭМДЭГЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЬ ЗӨВ”

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутан Б.Буяннэмэх:

-Иргэн бүр тэр дундаа залуус вакциндаа маш идэвхтэй хамрагдаж байна. Тиймээс хонхны баярын арга хэмжээг сургуулийн зүгээс цомхон тэмдэглэх зөвшөөрөл олгохыг хүсч байна. Хүн дэлгүүрт ороод мөнгө төлөөд талх авдагтай адилаар бид тодорхой хэмжээний төлбөр төлж, сургалтын үйлчилгээ авдаг. Гэхдээ танхимын сургалттай харьцуулахад онлайнаар орох нь хэрэглээний зардал хасагдаж байгаа учраас төлбөрийг тодорхой бууруулах ёстой гэж бодож байна. Өвчин хэлж биш хийсч ирдэг учраас цахимаар хичээл орж байгаа нь зөв. Өмнө жилийнхтэй харьцуулахад энэ жил алдаа дутагдлаа багш болоод оюутны хувьд илүүтэй анхаарч, давтахгүйг хичээж байгаа. Цахим сургалтын хувьд давуу тал олон байгаа хэдий ч мэргэжлийн ур чадварыг танхимаар авах нь чухал санагдсан.”

“ЭМНЭЛГҮҮДЭД ДАДЛАГАТ ГАРАХ БОЛОМЖГҮЙ БАЙНА”

АШУҮИС-ийн эх барихуйн ангийн оюутан О.Осоржам:

-Танхимаар болон цахимаар суралцаж олж авсан мэдлэг, эзэмшсэн чадвар маш ялгаатай санагдаж байгаа. Учир нь бид онолоор олж авсан мэдлэгээ эмнэлгүүдэд дадлагажиж өөрсдөө суралцдаг. Гэтэл Covid-19 халдвартай холбоотойгоор эмнэлгүүдэд дадлагат гарах боломжгүй болж, зөвхөн онлайнаар орж буй лекц, семинар мэргэжлийн мэдлэгээ онолын түвшинд хүлээж авч байна. Мэргэжил бүрийн хувьд суралцах чиглэл өөр өөр учраас төлбөрийн хувьд ч уян хатан байх нь зүйтэй. Давуу тал нь мэдээллийн дата баазыг ашиглах боломж их. Гэхдээ практик ур чадварыг олгох хэрэгцээ ч чухал гэдгийг хэлмээр байна.

“ТӨГСӨЛТИЙГ ОНЛАЙНААР ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ХЭМНЭЛТТЭЙ”

МУБИС-ийн оюутан Б.Ангирмаа:

-Миний хувьд өмнө нь их сургуулийнхаа шинэ жилд ч орж байгаагүй болохоор их сургуулийнхаа төгсөлтийг танхимаар хийнэ гэж төсөөлж байсан. Манай ангийн хувьд одоог хүртэл монтаж хийлгэх үгүйгээ шийдэж чадаагүй л байна. Гэхдээ төгсөлтийн үйл ажиллагааг онлайнаар зохион байгуулсан нь зөв санагдаж байгаа. Мэдээж хонхны баяр бол хүний амьдралд тохиох дурсамжтай өдөр хэдий ч нэг талаар эдийн засгийн дарамт үзүүлдэг асуудал.

Учир нь Covid-19 халдварын тархалт буураагүй байна. Нөгөө талаар цар тахлаас шалтгаалан айл өрх бүрийн орлого буурсан. Манай гэрийнхэн ч нэлээдгүй хугацаанд сул зогсолт хийлээ. Тиймээс төгсөлтийг онлайн хэлбэрээр  зохион байгуулах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэж үзсэн. Сургуулиас хонхны баярын тухайд хорио тогтоочихсон болохоор ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэж хэлсэн.

С.УНДАРМАА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж