Цар тахлын дараах Уханийн богино хугацааны сэргэлт!

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

Цар тахлын дараах Уханийн богино хугацааны сэргэлт!

Хятадын Хубэй мужийн төв Ухань нь Хятадын хурдацтай хөгжиж буй ирээдүйн гол тоглогч хотуудын нэг. Ухань хот нь хэдэн мянган жилийн түүхт гурван хотын туурь дээр боссон. Тус хотын дундуур Азийн хамгийн том Хөх мөрөн  урсдаг. Хятадын төв хэсгийн хамгийн том, хүн ам ихтэй Ухань хотод 11 сая орчим хүн оршин суудаг. Тус хот нь Хубэй мужийн бусад хотыг холбодог тээврийн гол зангилаа. Уханьд 89 их сургуульд жил бүр 1.3 сая гаруй оюутан суралцдаг.

ЭДИЙН ЗАСАГ БОГИНО ХУГАЦААНД ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ҮЕД ХҮРЧ СЭРГЭЖЭЭ

Хотын удирдлагууд энэ дөрөвдүгээр сарын дундуур хийсэн мэдэгдэлдээ Уханийн эдийн засаг цар тахлын өмнөх үеийн нөхцөл байдалд 95 хувьтай хүрч сэргэсэн талаар онцолжээ. Түүнчлэн гадаад худалдаа энэ оны эхний улиралд рекорд хэмжээнд хүрсэн байна. Хотын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн 2020 оны эхний улиралд 40 орчим хувиар агшиж, эдийн засгийн хямралд өртөөд байсантай харьцуулбал, Ухань богино хугацаанд сэргэж чаджээ. Цар тахлаас өмнө Уханийн ДНБ-ний хэмжээ 240 тэрбум ам.долларт хүрч, Хятадын топ 10 хотуудын нэгээр нэрлэгдэж байв. Хятадын Засгийн газраас Ухань хотын эдийн засгийг сэргээхийн тулд төсөв санхүүгийн дэмжлэг, татварын хөнгөлөлт, шинэ төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх зэрэг бодлого баримталсан нь үр дүнгээ өгсөн байна. Түүнчлэн Ухань хот нь газарзүйн ашигтай байрлал, аж үйлдвэрлэл, иргэдийнхээ авъяас, чадвар гэх мэт дотоод хүчин чадлынхаа хүчээр цар тахлын эсрэг эдийн засгийн дархлаатай байсан нь хурдан сэргэх үндэс болсныг эдийн засагчид тайлбарлажээ. Ухань хотын удирдлагын зүгээс иргэдийн худалдан авалтыг дэмжих үүднээс 500 сая юанийн ваучер тараасан байна.

ЦАГААН САРААР COVID-19 ХАЛДВАРААР НАС БАРСАН ХҮМҮҮСТЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Ухань хотын оршин суугчид Цагаан сарын баярын шинийн нэгэнд Covid-19 халдвараар нас барсан гэр бүлийнхэндээ хүндэтгэл үзүүлжээ. Оршин суугчид нас барсан хайртай, дотны хүмүүсийнхээ булшин дээр гашуудлын цэцэг тавьж, хүж асаадаг уламжлалтай аж. Улмаар хотын дэлгүүрүүдэд шар, цагаан өнгийн шиваантиг цэцэг дууссан байна. Энэ нь Ухань хотод ямар олон гэр бүл хайртай дотны хүнээ цар тахлын улмаас алдсаныг илтгэж байгаа юм. Албан ёсны мэдээллээр Хятадад 90 мянга гаруй хүн цар тахлаар өвчилсний тал хувь нь Ухань хотын оршин суугчид байжээ.

УХАНЬД ЦАР ТАХЛААС ХОЙШ АНХ УДАА УСАН САНГИЙН ПАРТИ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

АНУ, Бразил зэрэг улсад өнгөрсөн наймдугаар сард цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдөрт хэдэн зуун хүн нас барж байхад Хятадын Ухань хотын оршин суугчид усны хувцастай шоу зохион байгуулсан нь олон улсын анхаарлыг татсан. Ухань хотын Маяа эргийн усан паркад 15 мянга орчим хүн амны хаалтгүй, хүн хоорондын зай барилгүй, электроник хөгжмийн фестивальд оролцсон зураг цахим сүлжээнд тархсан. Тус усан паркад амралтын өдрүүдэд парти зохион байгуулж, тухай бүрт олон мянган хүн цугларч байв.

ХОТОД 76 ӨДРИЙН ХАТУУ ХӨЛ ХОРИОГ ТОГТООСОН

Уханьд үл мэдэгдэх амьсгалын замын халдварт өвчин тархсанаар 2020 оны нэгдүгээр сарын 23-нд хатуу хөл хорио тогтоосон. Тухайн үед Уханьд 17 хүн нас барж, 400 гаруй хүн халдвараар оношлогдсон байв. Харин өнгөрсөн оны гуравдугаар сараас хотод тогтоосон хатуу хөл хориог аажмаар сулруулж эхэлсэн ба нэг гэр бүлээс нэг хүн хоёр цагийн хугацаанд байрнаасаа гарч болохыг зөвшөөрч байв. Улмаар зарим худалдааны төвүүдийг нээж, нийтийн тээвэр үйлчилж эхэлсэн боловч тавдугаар сард дахин хөл хорио тогтоосон юм. Мөн хотын 11 сая оршин суугчийг бүхэлд нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Харин өнгөрсөн оны зургадугаар сараас гудамжуудад эргэн хүний хөл хөдөлгөөн сэргэж, шөнийн захууд ажиллаж эхэлсэн байв. Эцэст нь 2020 оны долдугаар сарын сүүлээс Хятад даяар олонх хотууд эргэн хэвийн амьдралдаа эргэн орсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж