Урвалт, нэгдэл дагуулсан сонгууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС - Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Урвалт, нэгдэл дагуулсан сонгууль эхэллээ

Урвалт, нэгдэл дагуулсан сонгууль эхэллээ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн нийтийг нөмөрсөн цар тахлыг Монгол Улс дотооддоо алдаж,  өчигдрийн байдлаар нийт халдвар авсан хүний тоо 44.820 болж, 31.373 нь эдгэрч, 162 хүн нас баржээ. Цар тахлын тархалттай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгжүүд сүүлийн нэг жил хагас сарын хугацаанд хэсэгчилсэн болон бүтэн хатуу хөл хорионд өнгөрүүлэв.  Энэ хугацаанд хатуу хөл хорио тогтоох, вакцинжуулалтыг эхлүүлснээр өчигдрийн байдлаар 2.154.523 /2021.05.09-ний ЭМЯ-ны мэдээлэл/ хүнийг вакцинжуулалтад хамруулж, өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг зэрэглэлээр бууруулж, хэсэгчлэн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх, хэвийн амьдралдаа шилжиж эхэлж байна.

Иргэд вакцинжуулалтдаа хамрагдаж, хөл хориог сулруулж эхэлсэнтэй зэрэгцэн 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байна.  Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, бүртгэсэн учраас ийн сонгуулийн гараа албан ёсоор эхэлж байна гэсэн үг.

Хуулийн дагуу зөвхөн УИХ-д суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох зохицуулалтын дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарын материалыг хүлээн авч, бүртгэсэн.

Жил бүрийн хаврын улс төр, Сүхбаатарын талбайн жагсаал идэвжихээс гадна хамтрал, нэгдэл нэртэй улс төрийн урвалтууд ч өрнөв. Энэ парламентын цор ганц бие даагч Н.Алтанхуяг Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн боловч Сонгуулийн ерөнхий хороо бүртгээгүй учир УИХ-ын гишүүдтэйгээ нэгдэж, өлсгөлөн зарлав. Сонгуулийн өмнө  идэвхждэг улс төрийн акцыг  Н.Алтанхуяг тэргүүтэй Ардчилсан намын УИХ-ын  гишүүд өнөөдөр ч Сүхбаатарын талбай дээр өлсч, үргэлжлүүлж сууна.  Мөн УИХ-д цор ганц суудалтай МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай нэгдэж, хадаг тавилцан урваж байхтай зэрэгцэн тус намаас УИХ-д сонгогдсон гишүүн С.Ганбаатар ч хариу урваж, Ардчилсан намын гишүүнээр элсэв.

Ийн сонгууль дагасан улс төрийн дүйвээнээр сөрөг хүчин болох УИХ дахь Ардчилсан нам хоёр гишүүнээр бүлж нэмж, 13-уулаа болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгууль нь цар тахлын үед зохион байгуулагдахаас гадна хэд хэдэн онцлогтойгоор болох гэж байна. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулиар сонгогдох Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зургаан жилээр, зөвхөн нэг удаа  сонгогдоно. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 50-аас дээш настай, сүүлийн таван жил эх орондоо тогтмол амьдарсан, өмнө нь болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй зэрэг шаардлагын дагуу нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулсан.

Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 9-нд явагдах бөгөөд МАН, АН, Зөв хүн элэкторат эвслээс гурван нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаагаа тавдугаар сарын 24-нд эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны өдрүүд маш богино буюу 15 өдрийн хугацаанд явагдана гэсэн үг.

Гурван нам, эвсэл өрсөлдөх гурван нэр дэвшигч оролцох энэ удаагийн сонгууль цар тахал, халдварын дэглэмээ баримтлах, олон хүн нэг дор цуглуулахгүй байх гээд хязгаарлагмал зүйлс олон. Гэхдээ долоо дахь удаагийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, ялалт байгуулах сонирхол, эрх ашиг нам, эвслүүдэд  байгаа учраас өндөр ач холбогдол өгч буй. Улстөрчдийн уран сайханд бус улс орныхоо эв нэгдлийг илэрхийлэгч, хүний эрх, ардчиллыг дэмждэг, улстөржилтөөс илүү улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавих Ерөнхийлөгчөө сонгох сонгогчдын сонголт мэргэн байж, сонгох эрхээ эдэлсэн сонгууль болох болтугай.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ:

1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудыг зохион байгуулав.

  • 1993 он-П.Очирбат /МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшив/57,8 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 1997 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/ 60,81 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2001 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/58,13 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
  • 2005-Н.Энхбаяр /МАХН-аас дэвшив/ 53,44 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2009 он-Ц.Элбэгдорж /АН-аас нэр дэвшив/ 51,21 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2013 он-Ц.Элбэгдорж  50,23 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
  • 2017 он-Х.Баттулга /АН-аас нэр дэвшив/50,61 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байна.
  • 2021 он-?

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж