ХӨСҮТ-ийн Амбулаторийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Саруул Covid-19-ийн эсрэг вакцин болон тогтох дархлаатай холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултад хариулт өглөө.
-"Covid-19"-ийн халдвар аваад эдгэрсний дараах дархлаа болон вакцин хийлгэсний дараа үүсэх дархлаа хоёрын аль нь илүү удаан хугацаанд хамгаалах вэ?
-Халдвар аваад эдгэрсний дараа тогтох дархлаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. Энэ талаар нарийвчлан судалсан судалгаа ч дэлхийд байхгүй. Тиймээс Covid-19-ийн халдварт байгалийн дархлаа хэр удаан тогтох нь тодорхойгүй гэсэн үг. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүн 90 хоногийн хугацаанд халдвар авахгүй байх хамгаалалт үүсэж байна. Харин вакцины дараах дархлаа нь удаан хугацаанд халдвараас хамгаална гэсэн судалгаа бий. Иймээс вакцины дараах дархлааг найдвартай дархлааны тоонд оруулж байгаа.
-"Covid-19"-ийн вакцинаас өвчин авах уу?
-Вакцинаас болж өвчин үүсэхгүй. Одоогийн хүн амд хийж буй баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй. Тэгэхээр өвчин үүсгэх чадваргүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, вакцинаас болж Covid-19 халдвараар өвчлөхгүй гэсэн үг.
-Вакцин хийлгээд дархлаа тогтоож амжаагүй байхад халдвар авч болох уу?
-Вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа үүсэж, тогтоно хэмээн судлаачид үзэж байгаа. Тиймээс вакцин хийлгэхийн өмнө эсвэл дараа дархлаа тогтох хүртэлх хугацаанд вирусийн халдвар авсан тохиолдолд өвдөж болно. Гэхдээ иргэд вакцин хийлгэсэн ч цуг амьдарч байгаа хайртай, дотны гэр бүлийнхэндээ халдвар дамжуулах боломжтой байдаг. Иймээс эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжүүдийг мөрдөж хэвших шаардлагатай юм.
Ц.ЯНЖИНДУЛАМ