Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia иргэдэд үйлчлэх төвтэй болж, өнөөдөр /2021.05.09/ нээлтээ хийж байна. Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдлыг биечлэн хүргэж болохоос гадна “E-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа авах боломжтой юм. Одоогийн байдлаар тус системээр нийт 516 төрлийн үйлчилгээ авах боломжтой байгаа аж.
Он гарсаар нийт хандалтын хэмжээ 429 саяд хүрсэн байна. Түүнчлэн өдөрт 30-40 мянган иргэн “E-Mongolia” системээр вакцины лавлагаа авч байгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ онцолсон юм.
Тус иргэдэд үйлчлэх төвийн нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаныхан оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид цахим үндэстэн болох ёстой. Ийм учраас Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ийн үйлчилгээний төв болон өргөжиж байгаа юм. Аль нэг албан тушаалтантай тулахгүйгээр төрийн үйлчилгээг авах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн албан тушаалтан таны амьдралын үнэтэй цагаас хулгайлахгүй гэсэн үг. Одоогоор 500 төрлийн үйлчилгээг E-Mongolia системд нэгтгээд байна. Цаашид төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Гурван жилийн хугацаанд үлдэх хамгийн том өв нь цахим шинэчлэл байх болно” гэлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг нийслэлд эрчимжүүлэх ёстой. Найман байгууллагын 20 гаруй төрлийн үйлчилгээг E-Mongolia системд нэгтгэхээр бэлэн болгосон байгаа. Хүний өдөр тутмын үйл ажиллагааг илүү хялбаршуулах, богино хугацаанд өөрт шаардлагатай мэдээ, мэдээлэл, үйлчилгээг авах шинэчлэл рүү нийслэлчүүд шилжинэ” гэлээ.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ