Дөрвөн жил гаран буюу урт удаан 1418 өдөр, шөнө үргэлжилж олон сая хүний амь насаар төлөгдсөн Аугаа их Эх орны дайны ялалтын үнэ цэнэ 76 жилийн дараа ч ач холбогдол хэвээр байгаа гэж тавдугаар сарын 8-ны өдөр болсон Монгол, Оросын судлаачид, эрдэмтдийн “Дэлхийн хоёрдугаар дайн, түүний сургамж” Эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлон тэмдэглэв.
Ялалтын өдрийн босгон дээр болсон цахим хурлыг нээж Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, профессор, хурандаа Б.Мөнхсайхан хэлсэн үгэндээ “Эх орны дайны болон Алс дорнодод Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн цэргийн ажиллагааны тухай түүхийг гуйвуулж буй завхруулагчидтай хийх тэмцэлд иймэрхүү арга хэмжээ зохион байгуулж, түүхийн үнэнийг хадгалах нь өнөө цагт нэн чухал байгаа”-г цохин тэмдэглэв.
ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын Шадар сайд В.Б.Цыбикжапов Дайны жилүүдэд Монголын ард түмнээс Улаан армид үзүүлсэн өгөөмөр тусламж, хагас сая агт морьд эд материалын төдийгүй, сэтгэл санааны гүн дэмжлэг болж, ялалтын баярт өдрийг ойртуулахад үнэтэй хувь нэмэр болсныг бага хуралд оролцогсдод хандаж хэлсэн үгэндээ онцлосон.
Хөрш хоёр орны эрдэмтдийн цахим хурлын үндсэн илтгэлийг Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар сонордуулав. Тэрээр “Монгол Ардын Хувьсгалт цэрэг Манжуурын стратегийн давших операцид” илтгэлдээ “Хэдийгээр анх дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадаагүй ч Өвөр Монголыг Японы дарлалаас чөлөөлж чадсан юм. Энэ дайнд оролцсоноор Монгол Улсын тусгаар тогтнол баталгаажиж, олон улсын харилцаанд эрх зүйн нэгэн субъект болохоо харуулав” гэж дүгнэж хэлэв.
Улаан Үд дэх ОХУ-ын боловсролын төвийн ажилтан, түүхийн ухааны доктор Д.Л.Доржиевын Эх орны дайны фронтуудад Монгол дайчид хэрхэн тулалдсан тухай илтгэлд сонирхолтой баримтууд нэг бус дурдагдсан. Тухайлбал, ой, тайгаар явж ан гөрөө хийж явсан монголчууд мэргэн буучаараа аргагүй шалгарч байсан. Тэд цагийн байдлыг үнэлж, эсрэг талдаа сэжиг авхуулахгүйгээр ашигтай байрлал эзэлж тавигдсан үүргээ онц биелүүлж байсан тухай жишээ баримттай өгүүлэв.
Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмэн “Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө” уриан дор 700 шахам вагон бүхий Бэлэглэлийн зургаан цуваа илгээсэн тухай илтгэлийг доктор, дэд профессор Лха.Баяр бэлтгэжээ. Манай ард түмэн 435 сая төгрөгийн мал, төрөл бүрийн эд зүйл, материал, 300 орчим кг алтыг ЗСБНХУ-д шилжүүлж, 485 мянган адууг хямд үнээр нийлүүлж, 32500 гаруй агт морьдоо фронтод бэлэглэжээ. Их Ялалт монголчууд бидний ч гэгээн баяр бас мартах учиргүй нандин түүх билээ.
ОХУ-д өнгөрсөн дайнд амь үрэгдсэн цэргүүдийг нэхэн тодруулах, дурсгалыг нь мөнхжүүлэх өргөн хүрээтэй ажил өрнүүлж буй талаар Бүх Оросын Цэрэг-эх оронч “Юнармия” хөдөлгөөний Буриадын салбарын штабын дарга В.В.Ефремов мэдээлэл хийсэн юм. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Нисэхийн ерөнхий инженер, ахмад Э.Мөнх-Эрдэнэ “Монгол ард” нисэх эскадрилийн дайчин замналын сонирхолтой түүхийг хүргэв. Дайны он жилүүдэд гвардын ахмад Н.П.Пушкин, ахлах дэслэгч Н.Я.Зеньковичийн удирдлагаар тус эскадрилийн нисгэгчид нийт 8474 байлдааны нислэг, 399 агаарын тулаан хийж , дайсны 327 онгоц, олон тооны амьд хүч, техникийг устгасан. Монгол ард эскадрилийн бүрэлдэхүүнд ЗХУ-ын баатар А.Н.Пушкин, А.И.Майоров, М.Е.Рябцев нар тулалдаж байжээ.
Цахим бага хурлын завсарлагаанаар “Дэлхийн хоёрдугаар дайн”, “1945 оны Чөлөөлөх дайн”-ы сэдвээр бүтээсэн хоёр шинэ клипийг үзүүлсэн нь судлаачид, оролцогсдын сонирхлыг татлаа. Ийнхүү 1941-1945 оны Эх орны дайны ялалтын 76 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Эрдэм шинжилгээний хурал цэрэг-дайны түүхийн баримтыг судалгааны эргэлтэд оруулж, нийтийн хүртээл болгох, эрдэмтэн судлаачид тухайн сэдвээр өөр өөрсдийн санал бодлыг солилцсон үр өгөөжтэй арга хэмжээ болов.
Бэлтгэл хурандаа Г.НЯМДОРЖ
Холбоотой мэдээ