Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу намууд нэр дэвшигчээ өнгөрсөн долоо хоногт зарлаж, тавдугаар сарын 6-нд СЕХ-нд бүртгүүлсэн юм. МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, ХҮН-аас "Датаком" ХХК үүсгэн байгуулагч Д.Энхбат нарын материалыг СЕХ хүлээн авсан. Харин АН-аас хоёр нэр дэвшигч тодруулсан тул оройдоо багтаж дотроо учраа олохыг даалгасан.
Гэвч, АН-ын нөгөө тал О.Цогтгэрэлийн талынхан Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж хэд хонолоо. Харин өчигдөр (2021.5.8) Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчдийг бүртгэх эцсийн хугацаа байсан тул Сүхбаатарын талбайд багагүй үймээн болов.
Эцэст нь СЕХ-оос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан нам (АН)-аас нэр дэвшүүлсэн С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэн авчээ.
ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДСАН ИРГЭДИЙГ УРАМШУУЛАВ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар тавдугаар сарын 5-нд Covid-19 цар тахлын эсрэг вакцины хоёр тунг авсан иргэнд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн.
Дархлаажуулах ажилд иргэдийн идэвхийг нэмэх зорилгоор вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн тохиолдолд данс руу нь мөнгө шууд орохоор зохицуулжээ. Энэ ажлыг ЭМЯ, Сангийн яамтай хамтран зохион байгуулж байна.
Түүнчлэн халамж авдаг 90 мянга орчим мөн хүнсний талон авдаг 30 мянган иргэн вакцинд хамрагдаагүй байгаа тухай судалгаа байна. Тиймээс иргэдийг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг Засгийн газар уриалсан.
ХӨЛ ХОРИОГ СУЛРУУЛЖ, БАЙГУУЛЛАГУУДЫГ ҮЕ ШАТТАЙ НЭЭХ БОЛОВ
Засгийн газрын хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Хөл хориог сулруулсан хэдий ч 18 чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдсан хэвээр үлдлээ. Мөн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-ныг хүртэл нээхгүй бөгөөд орон нутагт вакцинжуулалтыг идэвхжүүлнэ. Томоохон захуудыг энэ сарын 22-ноос нээхээр шийдвэрлэсэн байна. Шат дараатай нээх үйл ажиллагаанууд вакцины хоёр тунд хамрагдан, 14 хоног өнгөрсөн иргэдэд нээлттэй байх юм.
ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Ерөнхий сайд өмнийн говьд ажиллах үеэр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын болон “Тавантолгой” нүүрс баяжуулах үйлдвэр барих санхүүжилтийг газар дээр нь шийдэж, Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлүүллээ.
Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр"-ийг 2023 онд ашиглалтад оруулснаар жилдээ 30 сая тонн нүүрс баяжуулж нэмүү өртөг шингээн экспортод гаргахаар төлөвлөж байна.
Төрийн өмчийн хөрөнгөөр барих Тавантолгойн цахилгаан станц барих ажил ийнхүү урагшилсан нь Монгол Улсын эдийн засагт нэн ач холбогдолтой. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулснаар өмнийн говь дахь уул уурхайн эрчим хүчийг найдвартай эх үүсвэрээр хангах, нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай юм.
Холбоотой мэдээ