Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар долоон аймгийн 116 сумын 7168 толгой малд шүлхий өвчний байгалийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхээр болжээ. Тандалтын шинжилгээний сорьц авах ажил маргааш /2021.05.10/ эхлэнэ. Үүнд, Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн нийт 448 малчин өрхийн шүлхий өвчинд мэдрэг 1798 бод, 5376 бог малаас шинжилгээний сорьц цуглуулах аж.
Манай улс мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зорилгоор Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын арга зүйн зөвлөмж, кодод нийцүүлэн шүлхийтэй тэмцэх заавар, стратеги боловсруулж мөрддөг байна. Ингэхдээ улс орнууд мал амьтны гоц халдварт шүлхий өвчингүй гэдгээ нотолсны үндсэн дээр тодорхой бүс нутгаа “Шүлхий өвчингүй, вакцин хэрэглэдэггүй” гэх статустай болгох өргөдөл гаргаж, шинжлэх ухааны хороод, Ерөнхий чуулганаар хэлэлцүүлэн баталгаажуулдаг аж. Уг статусыг эпизоотологийн байдал, тэмцэх арга хэмжээний онцлог, тандалт судалгааны үр дүн, шүлхий өвчнөөс хамгаалах тогтолцоо зэрэг хүчин зүйлийг үндэслэн олгодог байна.
Үүний хүрээнд 2016 оноос хойш шүлхий гараагүй, шүлхий өвчний вакцин хэрэглээгүй баруун бүсийн 7 аймгийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шүлхийгээс эрүүл статус албан ёсоор хүсэх гэж буй. Иймд холбогдох заалт, тавигдах шаардлагын дагуу сүүлийн 12 сард шүлхий өвчний вирусийн халдваргүйг нотлох ийлдэс судлалын тандах шинжилгээг явуулж үр дүнг нь тус байгууллагад өргөн барих юм. Уг баримт бичгийг ирэх сард илгээхээр төлөвлөж байгаа болохыг салбар яамнаас мэдээлсэн юм.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ