Ардчилсан намын дотоод хэрүүл хурцадсаар эцэстээ намаасаа хальж, гудамжинд гарлаа. Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар парламентад суудалтай намууд нэг хүн нэр дэвшүүлэх ёстой. Гэтэл АН-ын хоёр тал хоёр нэр дэвшигч дэвшүүлснээс болоод Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ-ын гишүүд талбай дээр өлсгөлөн зарлаад гурав хонолоо. Тэдний ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа болох нь өчигдрийн үйл явдлаас нэн тодорхой харагдсан.
Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийг хуралдуулж, Н.Алтанхуягийг бүртгэж авах асуудлыг тулгасан гэх мэдээлэл цацагдсаны дараа өлсгөлөн зарлаж буй жагсагчидтай өчигдөр өөрийн биеэр очиж уулзсан нь энэ бүх эвдрэл, хагарлын эзэн нь эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох Төрийн тэргүүн болохыг тайлбаргүйгээр нотлож өгсөн юм. Хэрэв Х.Баттулга үнэхээр л эв нэгдлийн тэргүүн мөн байсан бол Төрийн тэргүүнийн хувиар С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёроо дуудаж аваачаад, эвлэрэхийг сануулах ёстой байлаа.
Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулан, жагсаал зохион байгуулж, АН-ын хэрүүлд ард түмнийг татан оролцуулж байгаа нь дэндүү харамсалтай. С.Эрдэнийн талынхан ч О.Цогтгэрэлийн талынхны эсрэг сануулах жагсаал зохион байгуулсан.
Цар тахлаас болж хоногтоо мянга мянгаараа халдвар аван, өдөртөө хэд хэдээрээ нас барж байхад парламентад суудалтай нэг нам нь жагсаал хийж, Цар тахлын хуулийг зөрчин, Ерөнхийлөгч нь хүртэл “алгаа ташаад” сууж байгааг харахад Ардчилсан намынханд иргэдийн амь нас, эрүүл мэндээс илүү эрх мэдэл чухал болсон аж. Нэг хүнийг Ерөнхийлөгч болгохын тулд нийтээр өвдөх ёсгүй.
Монгол Улс шүүхтэй, хуультай орон. Тиймээс Ардчилсан намынхан Сүхбаатарын талбайд өлсөж, жагсах биш, асуудлаа шүүх дээр шийдэх ёстой юм. Үгүй бол Ардчилсан намын хоёр талын хэрүүл төрийн, бүр улсын зовлон болж мэдэх дүр зураг ажиглагдаж байна. Ардчилсан намын хоёр тал асуудлаа аль аль нь Ардын намд тохож буй нь үнэндээ “өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж” гэгч л болж байх шиг.
Энэ тухайд МАН-ын генсек Д.Амарбаясгалан өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, “Ардчилсан нам (АН) хоёр хуваагдан, хоёр хүн нэр дэвшүүлчихээд, зарим гишүүд нь төв талбай дээр өлсгөлөн зарлаж байна. Намын асуудал бус төрийн асуудал болгох зорилгоор өлсгөлөн зарлаж байгааг МАН-ын зүгээс эсэргүүцэж байна. АН-ын дотоод зөрчил төрийн асуудал биш, МАН-ын асуудал ч биш. Цэвэр өөрсдийнх нь асуудал” болохыг сануулсан.
СЕХ хуулийн дагуу өнөөдөр сонгуульд оролцох нам, эвслийн нэр дэвшигчийг зарлах ёстой. Гэтэл СЕХ-ны шийдвэрт хууль бусаар нөлөөлөхийг О.Цогтгэрэлийн АН-ынхан оролдож, дарамталж, заналхийлэх болсон.
Ерөнхийлөгчийг өлсгөлөн зарлагчидтай уулзах үед Ц.Туваан “Та тэр томилсон хүмүүс рүүгээ ярь” гэснийг олон хүн сонссон. Томилсон хүн рүүгээ яриад асуудлыг шийдчихдэг бол Монголд хууль, дүрэм гэж байх хэрэггүй. Хууль тогтоогчид өөрсдөө хуулиа зөрчвөл хуульгүй улс болж хувирна. Тэгэхээр СЕХ хэн нэгэн эрх мэдэлтний талд биш, хуулийн дагуу шийдвэрээ гаргана гэж найдъя.
Ардчилсан намыг талцал, хэрүүлд аваачсан гол буруутан бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөрөө нэр дэвших гэж намаа багагүй “самарсан” тэрбээр өнөөдөр Н.Алтанхуягийг бүртгэж авсангүй хэмээн нэр бүхий гишүүдээр өлсгөлөн зарлуулж байгаа нь тэнэг хүнд ч ойлгомжтой болсон. Ардчилсан намыг хагалсан шигээ Ардын намыг тараах оролдлого нь бүтээгүй Ерөнхийлөгч Х.Баттулга адаг сүүлдээ иргэдээ эрх мэдлийн золиос болгохоор уриалж сууна. Эцэс нь улстөрчид эрх ашиг дээрээ нэгдэнэ, энгийн иргэд эрүүл мэнд, амь нас, амьдралаараа хохироод үлдэх вий.
Б.БАТ
Холбоотой мэдээ