Ардчилсан намын төв байрны гадна тус намаас тайван жагсаал, сануулах цуглаан зохион байгууллаа. Тодруулбал, М.Тулгат даргатай АН-ын удирдлага, гишүүд дэмжигчид УИХ-ын гишүүд өлсгөлөн зарласантай холбоотойгоор тайван жагсаал хийсэн юм.
Тус намаас "Хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж, Төрийн болон шүүхийн байгууллагуудын ажилд илт нөлөөлөхөөр улаан цайм тохиролцож буй бусармаг хуйвалдааныг эсэргүүцэж, нийслэлийн АН-ын гишүүд цуглан, эв санааны нэгдлээ илэрхийлж байна" гэв.
Энэ үеэр Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Ардчилсан намын гишүүд өнөөдөр (2021.05.08) сануулах цуглаан зохион байгуулж буйг хэлээд, шаардлагатай тохиолдолд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, жагсаал цуглаан хийж тэмцэхээ хариуцлагатайгаар мэдэгдэв.
У.ХҮРЭЛСҮХ ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС ЗАХИАЛГЫН АН-ЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА
Ардчилсан намын гишүүд МАН-ын бүлэглэл АН-ыг хоёр хувааж харлуулах, цаашид Монгол Улсыг нэг намын тогтолцоонд оруулахаар ажиллаж байгаа тухай мэдээллээ.
Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ:
-Ардчилсан нам өнөөдөр устах аюулд орж байна. Баруун төвийн чиг баримжаатай, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн эрх ашгийн төлөө зогсдог намыг зүүнтнүүд, эрх мэдлийн төлөө юугаа ч үл хайхрах албан тушаалтнууд булааж авахыг санаархаж байна. Өчигдөр Г.Занданшатар төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй уулзсан. АН-ын эрх ашгийг хэдэн гишүүн ордон дотор цай ууж байгаад шийдэхийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, МАН нь нэгдэж АН-ыг унагаах оролдлого хийж байна вэ? Төрийн өндөр дээд эрх мэдэлтэн албан тушаалаа ашиглаж, АН-ын гишүүдийн итгэл үнэмшлийг нурааж байна. Шүүх байгууллага ажлаа хийх хэрэгтэй. Төрийн байгууллагууд хэнээс ч хараат бусаар хуульд захирагдах журмын дагуу ажлаа хиймээр байна. УИХ-д суудалтай АН-ын гэх тодотголтой 11 гишүүн хууль дүрэм, намын дотоод журмыг сахих ёстой. Өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа У.Хүрэлсүх өөрийн эрх ашгийн төлөө АН-ыг баллуурдаж байна. Ардчиллын үнэт зүйлс, зарчим ярьдаг хүмүүс одоо болно шүү дээ гэж хэлж байна. Энэ хууль бус үйлдлээ зогсоох хэрэгтэй.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.БАТ-ҮҮЛ:
-У.Хүрэлсүх АН-ыг устгах технологи, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Төрийн өндөр дээд албан тушаалд байгаа эрх бүхий хүмүүс ах дүүс болсон. Зорилго нь Монголын ардчиллыг нураахад чиглэж байна. АН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгч болсон Х.Баттулга МАН-тай дуугаа нийлүүлж, АН-ын 30 жилийн түүхийг булшлахыг оролдож байна. Ардчиллын завхарсан 30 жил гэж хэлэхэд нь намын гишүүдийн сэтгэл харлаж байлаа. Намын зүгээс ийм коммунист шийдэл бүү гарга гэж захисан. Амь нас, алдар хүндээ зориулж, 30 жил зүтгэсэн АН-ын гишүүдийн зүтгэлийг МАН-ын индэр дээр зогсоод үгүй хийж байна. Гэтэл өнөөдөр ах, дүү явсан У.Хүрэлсүх нь Х.Баттулгыг хулхидаж байгааг та бүхэн харж байна. Засаг удирдаж явсан хүн буулт хийж, эрх мэдлээ шилжүүлсэн байж, дахин өндөр дээд албан тушаалын төлөө шударга бусаар тэмцэж байна. АН-ыг тараах эрх мэдэл хэнд ч байхгүй. Намаа тараахгүй гэдэг үзэл санаанд бат нэгдэж байгаа нийт гишүүддээ талархлаа илэрхийлье. У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс АН-ыг захиалгаар бий болгох гэж оролдож байгаа нь харамсалтай байна.
Ардчилсан намын дарга асан С.ЭРДЭНЭ:
-Манай намын бүлгээс Х.Баттулга гишүүдийг урвуулж, эрх мэдлийн төлөө улайрч ажиллаагүй байсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Эрх баригчдын шударга бус үйл ажиллагаатай тэмцэж чадаагүй Ерөнхийлөгч хэний захиалгаар ажиллаж байгаа нь тодорхой харагдаж байна. УИХ-д суудалтай 11 гишүүн хэний төлөө, юуны төлөө өлсөж байна вэ. Монгол Улсын Ерөнхийлөгч АН-ыг худалдаж байгаа энэ үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Олон жил эрх мэдэл, их хэмжээний мөнгөний төлөө олон нам сольж, худалдагдаж байсан Н.Алтанхуяг гэдэг хүнийг, намаас ашиг хонжоо хөөж сольдог С.Ганбаатар гэдэг хүнийг АН-ын нэр дээр нэр дэвшүүлэхийн тулд зохион байгуулалттай ажиллаж байгаа энэ үйлдлийг АН-ын нийт гишүүд эсэргүүцэж байна.
Хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж, Төрийн болон шүүхийн байгууллагуудын ажилд илт нөлөөлөхөөр улаан цайм тохиролцож буй бусармаг хуйвалдааныг эсэргүүцэж, нийслэлийн АН-ын гишүүд цуглан, эв санааны нэгдлээ илэрхийлж байна.
Posted by Democratic Party Ардчилсан нам on Friday, May 7, 2021
Холбоотой мэдээ