Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.05.08) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ДЭМБ-аас БНХАУ-ын "Sinopharm" үйлдвэрийн "Вероцелл" вакциныг Covid-19-ийн яаралтай нөхцөлд хэрэглэх горимоор өчигдөр орой бүртгэн авсныг ЭМЯ мэдээллийнхээ эхэнд онцоллоо. "Вероцелл" вакцин КОВАКС хөтөлбөрт багтаж байгаа бөгөөд дэлхийн бүхий л улс орнуудад хэрэглэх боломжтой болж байна. Тус вакциныг өнөөдрийн байдлаар 39 улс хэрэглэж байгаа юм.
Гурван түр цэг байгуулан архаг суурь өвчтэй, улсын төв нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой зохицуулалтыг ЭМЯ-наас хийлээ.
Сүүлийн 24 цагт 9168 хүнд шинжилгээ хийснээс 815 хүнээс халдвар илэрч, 1451 хүн эдгэрч эмнэлгээс гарч, долоон хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 711, орон нутагт 99 илэрсэн бол эмнэлгээс шалтгаалах халдварын таван тохиолдол илэрсэн байна. Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 44016-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар нийт 4910 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2818, хүндэвтэр 1515, хүнд 458, маш хүнд 119 хүн байна.
- Тавдугаар сарын 5-нд онош нь батлагдсан 79 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 1-нд онош нь батлагдсан 56 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 65 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдсан 80 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 89 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 77 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 56 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19 нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
Сүүлийн 24 цагт орон нутагт:
Дархан-Уул аймаг- 5
Орхон аймаг- 16
Төв аймаг- 4
Говьсүмбэр аймаг- 1
Дорнод-1
Хэнтий-3
Дорноговь аймаг- 1
Өвөрхангай-1
Говь-Алтай-40
Завхан аймаг- 24 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Өчигдөр нийт 108838 хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 879998 хүн вакцины нэгдүгээр тунг, 470548 хүн вакцины хоёрдугаар тунг хийлгэжээ. Харин орон нутагт вакцины нэгдүгээр тун хийлгэсэн 596781, хоёрдугаар тунг хийлгэсэн 139526 хүн байна. Дээрх тоог нэгтгэвэл улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 1.476.779 хүн, хоёрдугаар тунд 610.074 хүн хамрагджээ.
COVID-19-ИЙН ХАВСАРСАН ОНОШТОЙ, ЯДРАХ, ХЯМРАХ ЗОВИУРТАЙ ИРГЭД ИХ ИРЖ БАЙНА
АШУҮИС-ийн төв эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч Х.АЛТАЙСАЙХАН:
-Чихрийн шижин гэдэг өвчин ямар онцлогтой вэ. Иргэдэд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
–Хүний цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр бодисын солилцооны систем хямарч, олон эрхтэн системд хямрал үүсдэг. АШУҮИС-д ор дэлгэснээс хойш оюутны байранд Covid-19-ийн хавсарсан оноштой, ядрах, хямрах зовиуртай иргэд их ирж байна. Ингэснээр булчингууд ажиллахаа больж байна гэсэн үг. Чихрийн шижинтэй хүмүүс жирийн хүнтэй ижил хоол хүнс хэрэглэх боломжгүй байдаг учраас аль болох сэргээн засалтын арга хэмжээ авч, дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй байдаг. Хана түшиж зогсох, сунайх гэх мэтчилэн булчин суллах хөдөлгөөн идэвхтэй хийх хэрэгтэй байна.
-ЭМЯ-наас чихрийн шижин Covid-19-ийн оноштой өвчтөнд холбоотой удирдамж гаргасан гэсэн үү?
-Шат дараатайгаар холбогдох журам, зохицуулалт хийж хэрэгжүүлж ажиллаж байна. Ямар хүмүүс хүндрээд байна вэ гээд харахаар архаг, суурь өвчтэй хүмүүс хүндэрч байна. Тиймээс эдгээр хүмүүст хүндрэлээс сэргийлж, хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм. Хордлого, халдварын үед цусан дахь сахарын хэмжээ ихэсч, эрхтэн системийн дутагдалд орох эрсдэлтэй. Нөгөө талаар Covid-19-өөр хүндээр өвчлүүлж байна.
-Чихрийн шижинтэй хүмүүс Covid-19 вакцинд хамрагдах нь зөв үү?
-Архаг, суурь өвчтэй хүмүүс эмчийн хяналтын дор дархлаажуулалтад хамрагдана. ДЭМБ-д вакциныг бүртгэх үе шат маш олон дарааллын дагуу явагддаг. Тиймээс иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах нь чухал байна. Химийн бодис буюу эм бэлдмэл тарьж байгаа учраас тухайн хүний биед үзүүлэх хариу урвал байдаг. Тиймээс эмчийн хяналтын дагуу вакцинжуулалтад хамрагдах нь зүйтэй юм.
-Эрдэмтэн, судлаачдын баг ЭМЯ-тай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Covid-19 цар тахал дотоодод бүртгэгдсэнээс хойш бид байнгын хамтын ажиллагаатайгаар ЭМЯ, бусад харъяа нэгжүүдтэй хамтарч ажиллаж байна. Нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг цахимаар үнэ төлбөргүй хийж явуулж байна. Хавсарсан суурь, архаг өвчтэй хүмүүсийг хэрхэн анагаах талаар АШУҮИС болон эрдэмтдийн баг хамтарч судалгааны ажлууд хийж байна. Манай сургуулийн оюутны дотуур байранд ихэвчлэн суурь архаг хүмүүс, хүүхдүүд ирж байна. Үндсэндээ бид хүмүүсийг дөрөв ангилж, хэвтүүлэн эмчилж байна. Хөнгөн хүмүүсийг оюутны байранд, хүнд хүмүүсийг Монгол-Японы төвд оношилж эмчилж байна.
-Иргэдэд хандаж юуг зөвлөх вэ?
-Хөдөө орон нутгаас хүмүүс хэвтэн эмчлүүлэхээр ирж байна. Дотуур байрны долоон тасагт 392 ор дэлгэж, нийт 16 давхар байрны хоёр давхарт хүмүүсийг тусгаарлан эмчилж байна. Эмч нарын таван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Хүмүүс маш их сандарч байгаа харагдаж байна. Айж сандрах зүйлгүйг иргэдэд зөвлөж байгаа. 24 цагийн турш та бүхэн хяналтад байгаа гэсэн тайлбар өгч байна. Шингэн зүйлс их хэрэглэх хэрэгтэй байна. Хоолой амаа зайлах хэрэгтэй. Мөн хөдөлгөөн хийх хэрэгтэй байна.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Friday, May 7, 2021
С.УНДАРМАА