Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлийн нийтийн тээвэрт тусгай горимын дагуу хязгаарлалт тогтоогоогүй салбарын алба хаагчдад үйлчлэх зохицуулалт хийсэн. Энэ дагуу зөвшөөрөгдсөн 15 аж ахуйн нэгжийн алба хаагчдад 300 гаруй автобус үйлчилсэн байна. Гэвч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байсантай холбоотойгоор автобусны тоог гурав дахин нэмж, өдөрт 1100 орчим нийтийн тээврийн хэрэгсэл явуулж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.
Тодруулбал, нийтийн тээврийн салбарт 1200 орчим автобус бүртгэлтэй үйлчилгээнд явдаг аж. Үүнээс 1100 орчим автобус өдөр бүр үйлчилгээнд гарч, 100 орчим автобус засвар, үйлчилгээгээ хийлгэн, бэлтгэл байдлыг хангаж байна. Энэ нь энгийн цаг үеийн тээвэрлэлттэй ялгаагүй үзүүлэлт болохыг албаны хүмүүс хэлж байв.
Мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэхээр хяналт, шалгалт тогтмол хийж байна. Хөдөлгөөнт болон суурин 17 байршилд авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд 175 шалгагч хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад үйлчилж байгаа аж.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ