Энхтайваны гүүрний зам нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.05.08-нд нийтлэгдсэн

Энхтайваны гүүрний зам нээгдлээ

Энхтайваны гүүрний зам нээгдлээ

Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-нд хийх байсан ч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд энэ ажлыг хийх үүрэг өгснөөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд засварын ажил эхэлсэн.

Хотын дарга ганц хэв гажилтын засвар гэлтгүй явган хүний зам, хашлага, асар, гэрэлтүүлэг зэрэгт шаардлагатай засварууд хийх чиглэл өгсөн. Энэ дагуу засварын ажил хийж, замыг өнөөдөр (2021.05.08) нээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.ГАНТӨМӨР:

-Энхтайваны гүүрний 7200 ам метр талбайн зорчих хэсгийг гурван см хэртэй хуулж, шинээр асфальтан хучилт хийсэн. 54 гэрлийн шонг авч шинэчлэн будаж, гэрэлтүүлгийг бүрэн солилоо. Тус гүүрний дөрвөн асарт засвар хийж, өнгийг шинэчилж, сайжруулсан.

Гүүрний хоёр талын явган хүний 1400 ам метр замд олон улсын түвшинд хийгддэг гүйлтийн зориулалтын резинэн хучилт хийхэд замын түүхий эд 400 ам метр орчим талбайд дутсан. Энэ нь БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомтод зориулалтын бараа, материал саатсантай холбоотой. Ирэх Бямба гаригт түүхий эд ирэхээр дутсан талбайн резинэн замыг хийж гүйцэтгэнэ. Үлдсэн засварыг хийхэд зам хаахгүй, явган зорчигч мөн явна.

Түүнчлэн Энхтайваны гүүрний хоёр талын 1400 метр урт хашлагыг стандартын дагуу 2-3 давхарлан буджээ. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор түүхий эдийн нөөц хангалтгүй байснаас гадна Энхтайваны гүүрний замын эвдрэл төлөвлөснөөс их байсан учраас резинэн замын түүхий эд хүрээгүйг албаныхан хэлсэн.

Тус засварын ажлыг хийж эхлэхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлд хийж, хэрэгжүүлэх олон ажил бий. Энхтайваны гүүрийг шинэчилж засварлах төлөвлөгөө гарсан. Гүүрэнд 2004 онд их засвар хийснээс хойш олигтой засвар хийгээгүй. Хөл хорионы үеийг ашиглаад зам, гүүрэн байгууламжаа өөрсдийнхөө нөөц, боломжид тулгуурлан засаж, янзлах хэрэгтэй.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, засаглал, эдийн засаг, эрх зүйн реформ хийхгүй бол өнөөдрийн нөхцөл байдалд зам, гүүрээ засч чадахгүй, мөнгө байхгүй нөхцөл байдал үүсч байгааг онцолсон. Гэсэн хэдий ч хөл хориотой байгаа хугацааг ашиглаж, зам, гүүрэн байгууламжийнхаа ажлыг эрчимжүүлэх нь зөв” гэсэн чиглэл өгсөн билээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж