"Ус хуримтлуулж, Оюутолгойд хүргэх судалгаа хийж байна" | News.MN

"Ус хуримтлуулж, Оюутолгойд хүргэх судалгаа хийж байна"

"Ус хуримтлуулж, Оюутолгойд хүргэх судалгаа хийж байна"

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"НИЙСЛЭЛИЙН ДООР ГАЗАР ХӨДӨЛВӨЛ АНХААРУУЛАХ СИСТЕМ АЖИЛЛАХГҮЙ"

Газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн Ч.Одонбаатартай ярилцлаа.  

-Он гарснаас хойш Монголд нэлээн хэдэн газар хэд хэдэн удаа газар хөдөллөө. Олон давтамжтай газар хөдлөх нь юутай холбоотой вэ. Ер нь газар хөдлөлтийн шалтгаан юу байдаг вэ?

-Монгол орны нутаг дэвсгэр нь Төв Азийн эх газрын газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордог. Сүүлийн 10 гаруй жилийн дунджаар магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт манай орны нутаг дэвсгэрт жилд 40 орчим боллоо. Энэ жилийн хувьд Ханхын хүчтэй газар хөдлөлтийг эс тооцвол магнитуд нь 3.5-аас дээш хүчтэй газар хөдлөлт 16 удаа болсон байна. Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт нэгдүгээр сарын 12-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн давталт 60 гаруй мянган удаа болоод байна. Ер нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт болж буй хүчтэй газар хөдлөлт олон тооны давталт дагуулдаг. Тухайлбал, 1991 оны арванхоёрдугаар сард Бүсийн голд болсон хүчтэй газар хөдлөлтийн давталт жил гаруй үргэлжилж байсан. Ер нь Хөвсгөлийн энэ бүс нутаг нь Монгол орны газар хөдлөлтийн идэвхтэй бүсийн нэг юм.

-Ойрын хугацаанд Монгол орны аль хэсэгт газар хөдлөлт болохыг тодорхойлох боломж бий юү?

-Яг аль хэсэгт хэр хүчтэй газар хөдлөлт маргааш, эсвэл ойрын нэг сар, жилд болох боломжтойг тодорхойлсон зүйл байхгүй. Өнгөрсөн жил Монгол орны хувьд 44 мянга орчим газар хөдлөлт бүртгэгдсэн. Энэ нь өдөрт дунджаар 120 орчим газар хөдлөлт бүртгэгдсэн гэж үзэж болно. Харин мэдэгдэм хүчтэй буюу 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт Монгол орны нутаг дэвсгэрт 62 бүртгэгдсэн байна. Нөгөө талаас газар хөдлөлт болох зүй тогтол байдаг. Жишээ нь, газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд гэж байна. Эдгээр хагарлууд дээр дахин газар хөдлөх магадлалтай байдаг. Тухайн хагарлууд дээр дахин газар хөдлөлт болох магадлалыг тусгай судалгаагаар үнэлж болдог. Энэхүү зарчимд тулгуурлан бид газар хөдлөлтийн аюулын үнэлгээний зураг зохион гаргадаг. Монгол орны хувьд энэхүү зургийг хамгийн сүүлд 2018 онд зохиосон. Монгол орны хувьд баруун талаараа идэвхжилт өндөр, зүүн талаар харьцангуй тайван байдаг.

-Газар хөдлөлтийн прогнозыг урьдчилан гаргах боломжгүй гэсэн үг үү. Шинжлэх ухаан хөгжөөд, цаашид үүнийг мэдэх боломжтой болох уу?

-Одоогоор болзошгүй газар хөдлөлтийг цаг хугацаа, орон зайн хувьд нарийвчлалтай тодорхойлох боломжгүй байна. Манай орны хувьд Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийг урьдчилан таамаглах боломжийг судлах геофизикийн цогц станцууд ажиллаж байна. Ер нь хүчтэй газар хөдлөлтийн өмнө ямар нэг физик оронд өөрчлөлт орох боломжтой эсэх талаар олон судалгаа хийгдэж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


Ч.ГАНХУЯГ: АРД КОЙН ОЛОН УЛСАД ГАРЛАА, ЭНЭ БОЛ ДӨНГӨЖ ЭХЛЭЛ

Олон улсын криптовалютын томоохон биржүүдийн нэг нь Bittrex. Тус бирж дээр Ард койн гарч байгаатай холбогдуулан “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

-Ард койн олон улсын бүтээгдэхүүн боллоо. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Ард койн дэлхийд гарлаа, том алхам хийлээ. Бид хамтдаа оргил дээр нь гарч ирлээ. Гэхдээ энэ бол эцсийн зогсоол биш ээ. Үүнийг олон давааны нэг оргил нь гэж ойлгоорой. Монголчууд бид оюуныхаа бяр чадлаар дэлхийд гарах мөч ирдэг юм байна. Таван жилийн өмнө хөрөнгийн зах зээлийн оргилд тугаа хатгахаар бид ажиллаж байна гэж тухайн үед ярилцлага өгч байсан. Өнөөдөр бид энэ зах зээлийн түүчээ, мөс зүсэгч нь болоод явж байна. “Ард санхүүгийн нэгдэл” хувьцаа эзэмшигчдийн хурлаа хэд хоногийн өмнө хийлээ. Бид 60 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй болсон байна. Ард койн 700 мянган хэрэглэгчийг өнөөдөр нэгтгэж чадлаа. Хөрөнгө оруулагч үндэстэн болох санаачилга биеллээ олж эхэллээ. Энэ бол эхлэл. Олон улсын криптовалютын томоохон биржүүдийн нэг нь Bittrex. Өнөөдөр уг биржээр Ард койн арилжаа эхэлж байна. Ард санхүүгийн нэгдэл болоод Монголын хөрөнгийн зах зээлийн нэг түүхэн үйл явдал гэж үүнийг харж, ойлгож байна. Дэлхийн шилдэг биржүүдийн нэг, АНУ-д үүсгэн байгуулагдсан Bittrex Global бирж дээр 90 гаруй улсын 250 төрлийн койн болон токенууд арилжаалагдаж байна. Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байгаа юм байна. Та бүхэнд, танай хамт олонд, нийт сэтгүүлч нартаа баярын мэнд хүргэе. Ард койны талаар олон түмэнд үнэн зөв, бодит мэдээлэл хүргэхэд бид бүхэн үргэлж нээлттэй шүү. Олон нийтийн санхүүгийн мэдлэг боловсролд ч бид хөрөнгө оруулалт хийх үүднээс сургалт, уулзалт тогтмол хийж, зохион байгуулж ирсэн. Үүнд сэтгүүлчдийн оролцоо маш чухал байдаг.

-Ард койн хэзээнээс эхлэлтэй вэ. Олон нийтийн анхааралд энэ он гараад үнэ огцом өсөлт үзүүлснээр илүү танигдах шиг боллоо?

-Ард койн төсөл 2017 онд эхэлсэн. Үндсэндээ таван жилийн хөдөлмөр, түүний үр шим одоо дөнгөж гарч байна. Манай хувьцаа эзэмшигчид тэр үеэс л Ард койны талаар тодорхой мэдээлэл тогтмол аваад явж байсан. Бид шинээр хувьцаа эзэмшигч болсон, зээл авсан, даатгалын үйлчилгээ авсан бүх харилцагч, хөрөнгө оруулсан хүмүүсийг Ард койноор урамшуулж, урамшууллын оноо хэлбэрээр үндсэндээ тараасан. Бидний одоогийн хүрсэн амжилт, энэ хүртэл туулсан зам тийм ч дардан, цагаан байгаагүй. Бидэнд бүтэлгүйтсэн явдал зөндөө гарсан. Алдсан, оносон. Энэ болгоноос дор бүрнээ суралцаад, сургамж аваад урагшилсан. Зогсолтгүй зорьсон. Үүний үр дүн захаасаа гарч эхэлж байна. Тэвчээртэй байсан, зөв хийхийг бид хичээсэн. Алгуур хөгжүүлсэн, аажим аажмаар барьцаа ахиулсан. Монголчууддаа уриалсан. “Авдар” гээд уриалга гаргасан. Олон хүн өнөөдөр өөрийнхөө амьдралд өөрчлөлт гаргасан байна. Хүмүүст хэлэхэд зарах гээд яарах хэрэггүй, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүлээх хэрэгтэй. Хэрэв зараад мөнгө болгосон бол үүнийгээ аваад шууд хэрэглэх бус ирээдүйдээ эзэн болох хөрөнгө оруулалт хийгээрэй. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа авч болно. Болж өгвөл Ард койноор дараад байгаарай.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


"УСНЫ НӨӨЦИЙН ТӨЛБӨР ЗАРЦУУЛАЛТАД ЗАСАГ ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ"

Усны нөөц ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх менежментийн талаар Усны газрын дарга Ш.Мягмартай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн гол, мөрөн сэргэсэн сайхан мэдээ байсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье? 

-Ус өөрөө байгаль дээр байнгын эргэлтэд байдаг. Устаж алга болохгүй, шинээр бий болохгүй, байгалийн үзэгдлийн дагуу нэг хэсэг нь ууршиж үүл болно, эргээд бороо цас болж бууна, түүгээр дамжиж гадаргын болон газрын доорх ус тэжээгдэж байдаг. Зарим газарт  усны сан бүхий газар ширгэж, шургаж байхад зарим газарт  сэргэж байдаг онцлогтой. Тухайлбал, 2019 онд 1266 гадаргын усны эх үүсвэр хатаж ширгэж, 457 сэргэсэн, 2020 онд 684 гадаргын усны эх үүсвэр хатаж ширгэсэн байхад, 476 сэргэсэн тоо баримт байна. 2019 онд Хэнтий аймагт 284 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэсэн бол 2020 онд 114 гадаргын усны эх үүсвэр сэргэсэн байна. Өнгөрсөн жилийн байдлаар Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад гадаргын усны сэргэсэн эх үүсвэрийн тоо, хатаж ширгэсэн эх үүсвэрээс их байгаа нь тухайн бүс нутагт хур тунадас их орсонтой холбоотой юм.

-Монгол Улсын усны нөөцөд ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Манай орны усны нөөцийн 70 гаруй хувь нь нутгийн хойд хэсэгт буюу Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл, Саяны нуруу зэрэг өндөр уулын бүсэд бүрэлдэн бий болдог. Гэтэл газар нутгийн 60 гаруй хувийг эзэлж байгаа говь тал хээр бүс нутагт цөөн тооны булаг шанд, баян бүрдийг эс тооцвол гадаргын ил задгай ус багатай байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд болж байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн аюулт үзэгдлийн тоо тухайлбал үер ус, ган гачгийн давтамж нэмэгдэж байна. Монгол орны хэмжээнд жилд дунджаар 564.8 км3 усны нөөц хуримтлагдан бий болдог. Үүнээс гадаргын усны нөөц дийлэнх нь буюу нуурын ус 500 км3, мөстөл, мөсөн голууд 19.4 км3, гол мөрөн 34.6 км3, газрын доорх нөхөн сэлбэгдэх усны нөөц 10.8 км3 байна. Гэтэл нийт нөөцийн хоёр хүрэхгүй хувийг эзэлж байгаа газрын доорх усаар бид ус хэрэглээнийхээ 80 гаруй хувийг хангадаг. Иймээс усны нөөцдөө таарсан бодлого боловсруулж, менежмент төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэх шаардлагатай.

-Ус ашигласны төлбөр бараг 10 жилийн өмнөхөөр явж байна. Өөрчлөх шаардлагатай менежментийн нэг нь энэ. Цаашид ус ашигласны төлбөрийг хэрхэн тооцох вэ?

-Гадаргын ус хурах талбай, газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбай зэргийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 332 дугаар тушаалаар Монгол орны газар нутгийг нийт 29 сав газарт хувааж, сав газрын хил хязгаарыг тогтоосон. Усны экологи-эдийн засгийн үнэлгээг тухайн сав газрын усны нөөцийн хэмжээ, нөхөн сэргэх чадвар, нийгэм эдийн засгийн ач холбогдол зэргийг тооцож, Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан. Уг үнэлгээний аргачлал нь усны нөөцийн гүйцэтгэдэг үндсэн үүрэг функцийг дэд салбаруудын зардалд тулгуурлан үнэлэхээр хийгдсэнээрээ онцлогтой. Усны төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо 29 сав газрын экологи эдийн засгийн үнэлгээ, тухайн сав газрын гадаргын болон газрын доорх усны нөөц, ашиглалтын зориулалт зэргийг харгалзан 2013 онд Засгийн газрын 326, 327 дугаар тогтоолоор баталсанаас хойш найман жил болж байна. Энэ хугацаанд юмны үнэ өртөг, инфляци, валютын ханш ихээхэн өөрчлөгдсөн. Өнөөдрийн байдлаар нийт ус хэрэглээний 60 гаруй хувийг эзэлж байгаа хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар, мөн ашиг олох зориулалтаар олон мянган хүн ажиллуулж байгаа үйлдвэр, уурхайн аж ахуйн нэгж байгууллагууд хүн амын унд ахуйд ашигласан усны нөөцийн төлбөрөөс чөлөөлсөн байдаг. Ер нь усны нөөцийн төлбөрийг тухайн сав газрын онцлог болон үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, эдийн засгийн үр өгөөжөөс хамруулан зах зээлийн зарчимд нийцүүлэн ногдуулах шаардлагатай. Иймээс усны нөөцийг үйлдвэр үйлчилгээндээ ашиглаж, тодорхой хэмжээгээр ашиг олж байгаа бүхий л салбар тодорхой хувь хэмжээгээр төлбөр төлдөг байх тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар тооцоо, судалгаа хийж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-05-08 103.229.122.207

Ус хэмнэлттэй технологи хэрэглэнэ биз Хэрэглэсэн усаа цэвэрлэж хэрэглэнэ биз. Ядвал төмөр замаар цистернээр зөөгөөд байж болно биздээ

Avatar

Иргэн 2021-05-08 66.181.161.122

Би олон хэлсэн шүү Урагш нь усаа татаа Гэхдээ усан сан байгуулж борооны ус аа хуримтлуулах замаар аажмаар аажмаар хий ОРХОН голоос Байдраг Түйн гол Хэрлэн голоос х урагш Гэхдээ Ононы мөрний урсацыг Улзын голыг түшиглэн нийлүүлж оруулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-05-08 192.82.73.115

ОТ-д ус ашиглуулахдаа байгал нөхөн сэргээлгэж, ойн төгөл тариулах шаардлага тавих, ургсана ойгоор нь хэмжиж усыг цаашид ашиглуулах нь зүйтэй.

Avatar

Зочин 2021-05-08 192.82.73.115

ургасан гэж уншина уу.

Avatar

n**** GANHUYAG 2021-05-08 89.163.252.230

Ene NVOSHIIIN talkh GANHUYAG hudlaa shuu arduudaa, nartai neg udur heden terbumbtai nuhduud genet ene ard coin ruu orj ireed samraad garhad nuguu muu zailuul bair mashinii zeeltei nuhduud guigachin boluu shuu tegeed dampuurna ugaasaa, ter ued naad laaalaaar chini bi medqu hariutslaga huleehgui geel tenegteed suuna shuu bolgoomjtoi bai bitgiii shuna baga ch gesen erthen munguu tataat garj uz ter ni ulziitei shuu

Avatar

Зочин 2021-05-08 202.126.89.25

Онгийн голын эхрүү мод сайн тарьвал ус нь наад говь руу чинь очино шүүдээ аан. Хуучин ганц очдог байсан гол нь шүүдээ. Цагтаа нуур ч үүсгэсэн байсан гэсэн. Голын эхийн модыг тайраад, сүйтгээд байвал ус нь татардаг зүй тогтол байдаг.

Avatar

Зочин 2021-05-08 192.82.73.115

Инженерийн ангийн захын оюутан баримжаа тооцоо хийж үзээд боломжгүйг нь хэлчихнэ шүү. Манай улстөрчид л үүнд итгэдэг.

Avatar

Ард 2021-05-08 167.71.225.181

СУДАЛСААР ЯВААД Л ТЭТГЭВЭРТЭЭ ГАРЧ МАЖИЙНА ДАА. ӨӨР ЮМ ХИЙЖ ЧАДАХ БИШ.

Avatar

Зочин 2021-05-08 66.181.182.129

Yu hucaad bgaam be? Gunii hooloin us hangalttai gej soliorchood, yun hoinoos us tatah bitii davar.

Avatar

Зочин 2021-05-08 27.123.213.66

Харганы ноос түүж эсгий хийдэг үлгэр

Avatar

Зочин 2021-05-08 66.181.179.163

Судалж байна гээл өчнөөн жил ажиллаж байгаа биз дээ . Бүрмөсөн хаах хэрэгтэй .

Avatar

Иргэн 2021-05-08 202.126.88.72

Туул голыг л урагш нь урсгаж говийг усжуулах, нуур үүсгэх хэрэгтэй дээ. Хойшоо урсаад л, Орхон голын нэг цутгал болоод алга болж байгаа.

Avatar

Зочин 2021-05-08 202.9.40.78

Хэнтий аймгийн Дархан сумын нутгаар урч байгаа Хэрлэн голын 10 хуваасны нэг хэсгийг хоолойгоор татаж Чойр, Хар айраг, Дундговийн Даланжаргалан сумын төв, Дорноговийн Мандах сумын төв, Өмнөговийн Ханбогд сумыг дайруулан Оюу толгойг усаар хангах хэргтэй. Тэгэхгүй бол Хэрлэн гол чинь тэр чигээрээ урсаад Хятадын нутаг руу орж байна. Ядаж 10 хуваасны нэгийг эх нутагт нь шингээж хэрэглэх нь улс оронд хэрэгтэй. Тэр олон сумын иргэд усаар хангагдана. Уухгүй юаа гэхэд бусад хэрэгцээндээ хэрэглэнэ

Avatar

Зочин 2021-05-08 139.5.216.10

hil gedeg humuusiin tolgoid l baidag bolohoos baigal delhiid baidaggui yum. tiimees usaa gadagshaldchihlaa gesen teneg logikoo avch haya. udahgui minii mongoliin agaar gadagshaa garaad baina geh l dee. harin zugeer l goviig usjuulah tuluvluguu ene ter gej bod

Avatar

мгл 2021-05-08 66.181.179.230

тооцоо судалгаа гэдэг юмаа хэдэн арван жил хиицгээлээ,одоо ажилдаа ороочээ!ганц далан ч барьсангуй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж