"Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүсээс PCR шаардахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.05.07-нд нийтлэгдсэн

COVID-19

"Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүсээс PCR шаардахгүй"

 Тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийн талаар Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Friday, May 7, 2021

 

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.ГАНЗОРИГ:

-Хот болон орон нутаг  руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах журам шинэчлэн батлагдсан бөгөөд ногоон, шар, улбар шар, улаан түвшинд мөрдөгдөнө. Энэ журам хэзээнээс үйлчилж эхлэх талаар удахгүй  УОК-оос дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Онцлох зүйл нь хот болон орон нутагт зорчих хүнээс дараах бичиг баримтыг шалган нэвтрэх цэгүүдээр шалгана. Үүнд:

  • Вакцинжуулалтын бүрэн тунг хийлгэсэнг нотлох цахим болон цаасан мэдээлэл.
  • Сүүлийн дөрвөн сар буюу  120 хоногийн хугацаанд Covid-19 халдвараар өвчилж эдгэсэн бол бүх шатны эрүүл мэндийн байгууллагын магадлагаатай иргэдээс PCR шинжилгээ шаардахгүй.
  • Вакцины бүрэн тунгаа хийлгээгүй, вакцин хийлгээгүй хүмүүс заавал PCR өгнө. PCR шинжилгээ нь  өгсөн өдрөөс хойш  гурав хоногийн дотор хүчинтэй. 
  • PCR шинжилгээ өгөх боломжгүй хүүхэд, нэн яаралтай албан болон хүндэтгэх шалтгаантай зорчих иргэдийг түргэвчилсэн оношлуурын хариуг үндэслэж нэвтрүүлнэ. Сөрөг хариу нь хоёр өдрийн хүчинтэй.
  • Хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажилд оролцох хүмүүс, байнгын оршин суудаг хаяг руу буцаж байгаа иргэд, хүнс, шатахуун, уул уурхай, газар тариалан зам барилга бүтээн байгуулалтын ажлаар орон нутаг руу зорчих бол дээрх шаардлагуудыг биелүүлнэ. Бусад зорилгоор орон нутагт зорчихыг хязгаарлана.
  • Гэр бүлээр орон нутаг руу явж байгаа тохиолдолд эцэг, эхийнх нь  шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд хүүхдээс  нь PCR шаардахгүй. 
  • Халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутгаас бусад сум болон нийслэл рүү нэвтрэхэд  PCR шаардахгүй.  Зөвхөн асуумж бөглөнө. 
  • Вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоног өнгөрсөн, халдвар авч эдгэрээд дөрвөн сар өнгөрсөн болон эрүүл бүсээс халдвартай бүс рүү нэвтэрч байгаа хүмүүсийг тусгаарлалтад шилжүүлэхгүй. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСИЙН ДАРГА Ц.ГАНЗОРИГ:

-Сүүлийн хагас жилийн хугацаанд хүн амын дунд халдвар тарснаас хойш 44 мянган хүн халдварт өртөж, 164 хүн амь насаа алдаад байна. 26 хоногийн хугацаанд хатуу хөл хориог тогтоосон нь 15 мянган хүн халдварт өртөхөөс сэргийлж нас баралтыг хоёр дахин бууруулсан. Хэдий тийм боловч халдварын нөхцөл байдал хүнд байна. Богино хугацаанд Засгийн газар, УОК-оос насанд хүрсэн иргэдээ вакцинжуулах ажлыг хийж байна. Насанд хүрсэн иргэдийн 71 хувь нь вакцины эхний тунд хамрагдаад байна. Зорилтот бүлгийн 30 орчим хувь буюу гурван хүн тутмын нэг нь вакцины бүрэн тунд хамрагдсан. Хэдийгээр маргаашаас эхлэн хөл хориог сулруулах боловч халдварын тархалт, эрчим буурахгүй байх магадлалтай. Тиймээс УОК-оос нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

• Цар тахлын үед эрсдэл өндөр үед шаардлаггүй бол гэрээс гарахгүй байх, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байх,

• Албан байгууллага, гудамж талбайд хүн олноор цуглуулахгүй байх,

• Олныг хамарсан уулзалт арга хэмжээг зохион байгуулахгүй байх,

• Иргэн бүр цар тахлаас эрүүл мэндээ хамгаалах дэглэмийг хатуу мөрдөж, вакциндаа хамрагдах,

• Вакцинд хамрагдсаны дараа халдвар авахгүй, дархлаа тогтлоо гэж тайвшрахгүй байх,

• Хүн хоорондын зайг цаг ямагт барих зэргийг мөрдөн нийт монголчуудын амь насыг хамгаалахын төлөө онцгой анхаарахыг сэрэмжлүүлж байна.

"ВАКЦИНЫ ХОЁР ТУНГАА АВСАН Ч ХАЛДВАР АВСАН ЦӨӨНГҮЙ ТОХИОЛДОЛ БИЙ"

ХӨСҮТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Л.БАТТӨР:

-Хөл хорио тогтоосон хугацаанд бидний тооцоолсон үр дүнд хараахан хүрч чадсангүй. Гэхдээ долоо хоног бүрийн гаргадаг тооцоолол, мэдээллээр халдварын нөхцөл байдал өмнөх долоо хоногуудтай харьцуулахад сайжирч байна. Иргэдийн вакцинжуулалтын идэвхжилт ч сайжирч байгаа. Түүнээс гадна вакцины хоёр тунгаа авсан ч халдвар авсан цөөнгүй тохиолдол бий. Тухайлбал, вакцинжуулалтын нэгдүгээр тунд хамрагдсан хүмүүсийн нэг хүртэлх хувь нь халдвар авч байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барих шаардлагатай. Хөдөө орон нутагт зорчих хөдөлгөөнийг одоохондоо хориглож байгаа. Халдварын тархалт, нас баралтын тооноос шалтгаалж дэглэмийг сулруулна. Үүнээс гадна монголд мутацид орсон халдварын тохиолдлууд орж ирсэн нь батлагдсан. Өвөрмөц мутацид орсон гень тогтоогдсон учраас судалгааны ажил үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж