Монгол Ардын намаас /МАН/ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.05.07/мэдээлэл хийлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Ардчилсан нам /АН/ хоёр хуваагдан хоёр хүн нэр дэвшүүлчихээд зарим гишүүд нь төв талбай дээр өлсгөлөн зарлаж байна. Намын асуудал бус төрийн асуудал болгох зорилгогоор өлсгөлөн зарлаж байгааг МАН-ын зүгээс эсэргүүцэж байна. АН-ын дотоод зөрчил төрийн асуудал биш, МАН-ын асуудал ч биш. Цэвэр өөрсдийнх нь асуудал. Талбай дээр байгаа УИХ-ын гишүүд нэг намын дарангуйлал тогтлоо гэж яриад байх юм. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байж төрийн сонгуульд оролцоно гээд өлсгөлөөн зарлаж байгаа нь эдгээр хүмүүсийг ичгэвтэр харагдуулж байна. Тэд МАН дарангуйлал тогтоох гэж байна гэж улс төр хийх болжээ. Монгол Улс парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ болж байна. Төв Азийн цээжинд Ардчилсан орон хэмээн гайхагдаж яваа Монгол нэг намын дарангуйлалд орох ямар ч боломжгүй. Бид шинэ үеийн улстөрчид. Шинэ бодлого, арга барилаар өрсөлддөг баймаар байна. Монголд өнөөдөр улс төрийн намын хөгжил, төлөвшил юу юунаас илүү чухал. Энэ төлөвшлийг бий болгоход АН ч гэсэн чухал үүрэгтэй. Covid-19-ийн нөхцөл байдал амаргүй байна. Цар тахлаас болж 160-иад хүний алтан амь үрэгдсэн хүнд нөхцөлийг бид даван туулж байна. Бид 26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгож болохгүй. Ийм байхад хэн нэгэн хүний Ерөнхийлөгч болох хүсэл ард түмний эрх ашгаас дээгүүр байж болохгүй ээ. Олон төрийн албан хаагчид цар тахалтай өдөр, шөнөгүй тэмцэж байна. Тэгтэл та нар нэг хүнийг Ерөнхийлөгч болгохын төлөө талбай дээр өлсөөд хэвтэж байгаагаасаа ичээч ээ. Бид төрийн байгууллагын амаргүй нөхцөлд ажиллаж байгааг хүндэтгэх ёстой.
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар: АН хоёр хүн нэр дэвшүүлчихээд ямар нэгэн улс төрийн хүчнийг шийдэж өг гэж хандаж болохгүй. Анхнаасаа хоорондоо учраа олоод нэг хүнийг л нэр дэвшүүлсэн бол төв талбайд өлсгөлөн зарлах дээрээ тулахгүй байсан. АН хоорондоо л учраа олцгоо. Үүнд хэн нэгэн буруутанг хайх шаардлаггүй. АН олонх байсан жилүүдэд МАН-д бүлэг байгуулж өгдөггүй байсан. Байнгын хорооны хуралдаан дээр ирэхэд “Ч.Хүрэлбаатар аа, яах гэж ирсэн юм бэ” гэж даапаалдаг байсан. Энэ үеэ мартчихсан юм уу. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа индэр дээрээс “Хууль хамаагүй” гэж хэлж байсан, үүнийг бас мартсан уу. Covid-19 цар тахалтай, сонгууль дөхсөн хүнд үед ийм явуургүй улс төр хийж буйд харамсаж байна” гэлээ.