Тайваньд үйл ажиллагаа явуулдаг “G House” нэртэй зоогийн газар гэмт бүлэглэлийн нэхсэн мөнгийг өгөөгүйгээсээ болж энэ долоо хоногт жоомны "дайралт"-д өртжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Тайпэй хотод байрлах тус зоогийн газарт гэмт бүлэглэлийн гишүүд очиж, 1000 орчим жоом "асгажээ". Тухайн үед тус зоогийн газарт Тайпэй хотын цагдаагийн дарга Чэнь Жиа Чан болон нийт 700 орчим цагдаа нарын хүлээн авалт болж байсан аж.
Зоогийн газрын эзэн “Bamboo union(Хулсан холбоо)” хэмээх зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд өртэй байсан нь эл хэргийн шалтгаан болсон бололтой. Учир нь цагдаагийн дарга Чений мэдээлснээр дээрх хэрэг цагдаа нарын эсрэг чиглэсэн гэх нотолгоо олдоогүй гэнэ.
Хэрэг энэ сарын 5-ны нутгийн цагаар 19.30 цагийн үед болсон аж. Сэжигтнүүд зоогийн газрын хоёрдугаар давхарт жоомнуудыг "асгасан" нь удалгүй зоогийн газар даяар таржээ. Болсон явдлыг мэдмэгцээ цагдаа нар сэжигтнүүдийг хайсан ч зугтсан байжээ. Мөрдөн шалгалтын явцад жоом "асгасан" этгээдүүд нь дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй байсан нь тогтоогджээ. Тэдний хоёр нь зоогийн газарт орж жоом "асгасан" бол хоёр нь хамгаалагчдыг саатуулж, нэг нь жолоо барьж байсан бололтой.
Хохирогч болсон зоогийн газар даруй хаалгаа барьж цэвэрлэгээ, шавж устгалын ажлыг яаралтай эхлүүлсэн байна.
Эх сурвалж: COMPLEX
Холбоотой мэдээ