УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.05.07/ тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг болон зөрүү мөнгийг ирэх Даваа гаригаас /2021.05.10/ эхлэн олгох чиглэлээр ХНХ-ын сайд , Монголбанкны ерөнхийлөгч, "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс силвер" компаниудын захирлуудтай уулзаж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “ 2019 онд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аас баталсан. Энэ хуулийн дагуу 228.5 мянган иргэдийн зээлийг тэглэсэн. Хууль хэлэлцэх үеэр иргэд болон УИХ-ын гишүүдийн зүгээс тэтгэврийн зээлгүй ахмадуудад шударга бусаар хандлаа гэдгийг илэрхийлж байсан. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн дагаж мөрдөх журмын гуравдугаарт “Нэг сая төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлээд, тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлж эхэлнэ” гэж заасан.
Үүнээс гадна нэг сая төгрөг хүртэлх зээлтэй байсан ахмадуудын зөрүүг өгнө. Тухайлбал, 500 мянган төгрөгийн зээлээ төлүүлсэн ахмад 500 мянган төгрөг авна гэсэн үг. Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос нэг сая төгрөг хүртэлх үнэт цаас эзэмшүүлэхээр заасан. “Эрдэнэс Монгол", "Эрдэнэс силвер" компаниудын захирлуудад талархал илэрхийлмээр байна. Өнгөрсөн хугацаанд 220 тэрбум төгрөгийн орлого байршуулсан байна.
Үүнээс 216 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлгүй байсан 238 мянган ахмадуудад олгоно. Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй байсан бол 44 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан учраас зөрүүг нь өгнө. Тиймээс ирэх Даваа гаригаас /2021.05.10/ эхлэн зохион байгуулж эхлэхийг үүрэг чиглэл болгож байна" гэлээ.
Холбоотой мэдээ