Тавантолгойн цахилгаан станц барих ажлыг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.05.07-нд нийтлэгдсэн

Тавантолгойн цахилгаан станц барих ажлыг эхлүүллээ

Тавантолгойн цахилгаан станц барих ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт өчигдрөөс (2021.05.06) эхлэн ажиллаж байна. Тэрбээр тус аймагт дархлаажуулалтын явц ямар байгаа болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих цогцолбор төслүүдийн хэрэгжилттэй танилцахаар очсон юм. Улс орны эдийн засгийн гол бүс нутаг болох Өмнөговьд очсон эхний өдөртөө аймгийн төв, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэг, мөн Гашуунсухайт боомтод ажилласан бол өнөөдөр төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Ерөнхий сайд ийнхүү өмнийн говьд ажиллах үеэр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын болон “Тавантолгой” нүүрс баяжуулах үйлдвэр барих санхүүжилтийг газар дээр нь шийдэж, Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлүүллээ.

 "Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр"-ийг  2023 онд ашиглалтад оруулснаар жилдээ 30 сая тонн нүүрс баяжуулж нэмүү өртөг шингээн экспортод гаргахаар төлөвлөж байна. 

Төрийн өмчийн хөрөнгөөр барих Тавантолгойн цахилгаан станц барих ажил ийнхүү урагшилсан нь Монгол Улсын эдийн засагт нэн ач холбогдолтой. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулснаар өмнийн говь дахь уул уурхайн эрчим хүчийг найдвартай эх үүсвэрээр хангах, нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговьд ажиллах үеэрээ “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх жилийн долдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар санхүүжилтийн графикийг шийдсэн. Тиймээс төмөр замаар тээвэрлэх экспортын бүтээгдэхүүн нэмэгдэх боломж бүрдэнэ. Дараа нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орно. Зүүнбаянгийн төмөр замын ойролцоох 23 орчим орд газрыг шинээр ашиглалтад оруулах гэх мэт томоохон асуудлуудыг Ерөнхий сайдын орон нутагт хийсэн албан томилолтын үеэр шийдлээ. Ирэх долоо хоногийн дундуур бид Эрдэнэт хотод ажиллахаар төлөвлөсөн. “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн зэс баяжуулах үйлдвэр барих тухай шийдвэр Засгийн газраас гарсан” гэлээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг дагалдан яваа албаныхан дунд Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар багтжээ.

Б.БАТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж