АНУ-ын сансрын хөлөг үйлдвэрлэгч "Space X" компани энэ долоо хоногт дахин ашиглагдах том оврын пуужингийн хамгийн сүүлийн үеийн загварыг хөөргөн туршжээ. Пуужин энэ удаад 9.6км зам туулсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш хийж буй ижил төрлийн тав дахь туршилт байв. Тиймдээ ч "Space X" компани пуужингаа амжилттай хөөргөсөн хэмээх мэдээлэл нэгэнт хуучирч, олны анхаарлыг татахаа болиод байсан юм. Гэвч өмнөх дөрвөн туршилтаас ялгаатай нь энэ удаад пуужинг амжилттай бүрэн бүтэн газардуулж чаджээ.
Өмнөх туршилтууд дээр пуужин газардаж чадалгүй эвдрэх, газардсан ч гал нь унтрахгүй байх, улмаар дэлбэрэх зэрэг бүтэлгүйтэл гарч байсан бол энэ удаад пуужин маш зөөлөн газардаж, хөдөлгүүрийн гал нь өөрөө бүрэн унтарчээ.
Энэ удаад туршсан пуужин бол өмнөх туршилтуудынхтай ижил, 16 давхар бүхий Starship SN15 загвар юм. Пуужинг Техаст байрладаг "Space X" компанийн хөөргөх Бока Чика талбайгаас хөөргөсөн бөгөөд пуужин зорьсон өндөрт гармагцаа ачааны машины хэмжээтэй гурван хөдөлгүүрийнхээ хоёрыг унтраан хурдаа сааж, 10км өндөрт хүрмэгцээ гурав дахь хөдөлгүүрээ унтраасан байна. Пуужин буцаж доошлохдоо хажуу тийш харсан байсан ч газартай ойртохдоо эргээд дээшээ харж, хөдөлгүүрээ дахин ажиллуулан хурдаа багасгасан зөөлөн газарджээ. Газардсаны дараа удтал ажигласан ч ямар нэг асуудал үүсээгүй байна.
"Space X"-ийн бүтээж байгаа эл пуужинг NASA-ын саран дээр газардах төсөлд гол үүрэг гүйцэтгэнэ гэсэн найдлага өндөр байгаа юм.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ