Сүүлийн үед америк цэргүүд нутаг буцаж эхэлсэнтэй холбоотой тулаан, мөргөлдөөн ихэсч, Талибаны дайчид Афганистаны умард хэсгийн Баглан аймгийн Барка нутгийг эзлэн авч, афган цэргүүд аймгийн төв хүртэл ухарсан байна.
Ойрын хэдэн долоо хоногт Талибан дайчдын үйл ажиллагаа эрс эрчимжиж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр энэ идэвхжилт Вашингтон цэргээ татахаа зарласнаас хойш эхэлсэн гэнэ. Афганистаны цэргүүд Баркад талибанчуудтай хэдэн цаг тулалдсаны эцэст ялагдаж, аймгийн төв Жавед Башарат хүртэл ухарсан болохыг аймгийн цагдаагийн газар мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тулаанд Талибаны тал маш их хохирол амссан бол Афганистаны талаас 10 цэрэг амь үрэгдэж, 16 цэрэг олзлогдсон гэнэ. Ийнхүү Барка талибанчуудад эзлэгдэхийн өмнөх өдөр/2021.5.5/ Афганистаны өмнөд хэсгийн Хелманд аймагт хоёр тал ширүүн тулаан хийж, багагүй хохирол амссан юм.
Афганистаны засгийн газрын мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор нийт 34 аймгийн 26-д нь цэргүүдийн болон засгийн газрын байгууламжуудын эсрэг Талибаны халдлага бүртгэгдсэн аж.
Кабулын цагдаагийн газрын төлөөлөгч Фердавс Фарамарзын хэлснээр талибанчууд энэ сарын 4-нд Багланы хурдны зам дагуух цэргийн пост руу дайрч, есөн цэрэг хөнөөж, хэд хэдэн цэрэг шархдуулсан аж. Мөн зам дээр тавьсан тэсрэх бөмбөгт армийн эрүүл мэндийн ажилтнуудын машин өртөж, нэг хүн амь үрэгдэн гурван хүн шархадсан байна. Түүнээс гадна мөн зам дээр байрлуулсан тэсрэх бөмбөгт цагдаагийн дарга өртөн амь насаа алджээ.
АНУ өмнө нь байгуулсан гэрээний дагуу энэ сарын 1-н гэхэд цэргүүдээ татаж дуусгасан байх ёстой байсан ч Жо Байден цэргүүдээ энэ сарын 1-нээс эхлэн татаж, есдүгээр сарын 11 гэхэд дуусгахаар төлөвлөсөн юм. Эл үйл явдлыг талибанчууд АНУ-ыг гэрээнийхээ үүргийг биелүүлсэнгүй хэмээн буруушаан эсэргүүцлээ илэрхийлж байгаа билээ.
Эх сурвалж: REUTERS