“Монгол цуйван хэр вэ?
Солиотой амттай гэсэн
Идэж үзэх юмсан
Аав, ээж нь дуртай юу?
Эмээ, өвөө ч гэсэн дуртай юу” гэх этгээд сонин үгтэй дуу олон нийтийн сүлжээнд цацагдаж, багагүй шейр, лайк цуглуулжээ. Японы “Chakaland” хамтлагийн монгол цуйванд зориулж дуу бүтээсэн нь магад монголчуудын сонирхлыг илүү татсан ч биз. Хамтлаг гурван гишүүнтай. Нэг нь монгол. Түүнийг Г.Энх-Эрдэнэ гэдэг. Тэрбээр СУИС-ийг дүүргээд дараа нь Япон улсад дууны найруулагч мэргэжлээр суралцаж, төгсчээ. Ингээд Монгол орны талаар сонирхолтой уран бүтээл хийдэг “Chakaland” хамтлагийнхантай танилцъя.
-“Монгол цуйван хэр вэ?” дууг олон нийтийн сүлжээнд монголчууд их сонирхон үзжээ. Эх нутгаасаа хол байгаа болохоор цуйвангаа идмээр санагдаа юу. Та Японд хэр удаж байна?
-Би одоогоор Токио, Окинавад ирэн очин ажиллаж байна. Хүний нутагт ажиллаж, амьдардаг болохоор эх орондоо идэж өссөн хоолоо маш их санадаг. Миний хувьд хоол сайн хийж чаддаггүй. Тийм болохоор үндэсний хоолоо санагалзаж, энэ дууг зохиосон юм. Манай япон найзууд надаас монгол хоолны талаар их асуудаг. Миний хувьд хамгийн идэх дуртай хоолоо танилцуулах үүднээс дуугаа хийсэн юм.
-И-баримтаас мөнгө хожоод цуйван идэж үзэх юмсан гэхээр дууны үгийг та зохиосон байх. Дууны үг их энгийн, ая нэлээд цоглог байсан шүү?
-Тийм ээ, би дууны үгээ бичсэн. "Хаврын баяр-2021"-т зориулж дуулсан юм. Тавдугаар сарын эхний долоо хоногийг япончууд Хаврын баяр болгон жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. “Алтан долоо хоног” ч гэж нэрлэдэг. Хаврын баяраар Японд ажиллаж, амьдарч буй монголчууд нэг дор цугларч, Монголоос олны танил дуучдыг урьж, 2-3 өдрийн тоглолт хийдэг. Япон дахь Монгол оюутны холбоо болон монгол соёлд хайртай япон хүмүүс хамтран жил болгон зохион байгуулдаг арга хэмжээ л дээ. Энэ жил цар тахлын улмаас "Хаврын баяр-2021"-ыг онлайнаар зохион байгуулж байгаа юм. Монголоос урилгаар уран бүтээлчид ирэх боломжгүй учраас уран бүтээлчид онлайнаар оролцож буй.
Бидний хувьд Хаврын баярын өмнөхөн энэ дууныхаа 30 секундын шторкыг цахим орчинд цацсан. Японд амьдардаг монголчууд дунд их хандалттай байсан учраас зохион байгуулагчдын зүгээс манай хамтлагийг баярт оролцох санал тавьсан. Хамтлагийнхан ярилцаж зөвшөөрөөд тэр өдрөө дууныхаа клипийг цэцэрлэгт хүрээлэнд хийж, орой нь цацсан нь тэр л дээ.
-Танай япон найзууд монгол үгийг их цэвэрхэн дуудаж байна лээ. Монгол хэлийг сурахад их хэцүү гэгддэг.м Дууны үгээ цээжлэхэд хэр хугацаа зарцуулсан бэ?
-Мэдээж, япон найзуудын маань хувьд бэрхшээлтэй байсан. Монгол дуу япон хүнээр дуулуулах гэж нэлээд ажилласан. Гэхдээ дуучин маань өөрөө маш их хичээл зүтгэл гаргасан. Хоёрт монгол хэл сурах сонирхол нь нөлөөлсөн байх. Миний зүгээс дууны цэвэр дуудлага дээр нь ажилласан.
Би монгол хэлнээс хэлэхэд амар, хялбар үгсийг сонгодог. Хэлэхэд хэцүү хүнд үгийг сонгох нь хүмүүст хүрэхгүй байх талтай. Тиймээс аль болох энгийн сэдэвтэй, хөнгөхөн, хүмүүст ойлгогдохоор үгтэй дуу хийхийг зорьдог.
-Дуу цацагдсан даруйдаа л багагүй хандалт шейр цуглуулсан. Хэчнээн хүнд хүрсэн байна?
-Хоёр хоногийн дотор маш их хандалт авсан. Би ажилтай болохоор ойр ойрхон хандалтыг нь харж чадахгүй юм. Нэг ороод харахад л хэдэн мянгаар нэмэгдсэн байсан. Өнөөдрийн байдлаар youtube-т 65 мянга хүн үзсэн бол фэйбүүкээс 341 мянган хүн үзсэн байна лээ.
-Танай хамтлагийн дууг үзсэн олон монгол хүн цуйвангаа хийж идсэн байх. Та дуугаа дуулсны дараа хамтлагийнхандаа цуйван хийж өгөв үү?
-Үгүй. Би хоол хийхдээ их муу. Япон найзууддаа цуйван хийж өгөөгүй байгаа. Би хоол сайн хийж чадахгүй учраас монгол цуйвангийн үнэлэмжийг унагаачих байх. /инээв/
Японд монгол хоолны газар олон бий. Дуу цацагдсанаас хойш монголчууд маань биднийг “Цуйвангаар дайлъя” гэдэг хүсэлтийг маш их ирүүлж байна. Олон хоолны газраас “Манайд ирж хоол идээрэй” гэж биднийг маш их дэмжсэн. Бид тэр болгоныг баяртайгаар хүлээн авсан. Бидэнд урилга явуулсан хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье.
-“Chakaland” гэж ямар утгатай юм нэр юм бэ?
-“Chaka” гэдэг нь манай хамтлагийн ахлагчийн нэрний эхний үе юм. Харин “Land” нь арал гэдэг үг шүү дээ. Өөрсдийн арал гэсэн утгатай.
-Танай хамтлаг монголчуудад сайн хүрч байна. Ингэхэд хамтлагаа байгуулаад удаж байгаа юу?
–"Chakaland" хамтлагаа анх 2018 онд оюутан байхдаа байгуулсан. Өөрсдийнхөө сурсан мэргэжлийнхээ чиглэлээр холбогдож, эхний ээлжинд хөгжилдөх маягтай, найзуудаараа монгол үг хэлүүлж, тоглох их дуртай байсан. Нэг удаа дуу дуулсан чинь хөгжилтэй ч юм шиг хүн сонсоод хүлээж авахаар ч юм шиг санагдсан болохоор хамтлагаа байгуулсан даа.
-Хамтлагийн чинь япон залуустай монголчууд танилцах хүсэлтэй байгаа байх. Яг мэргэжлийн дуучид уу?
-Манай хамтлаг зөвхөн дуу, хөгжмөөр дагнаж уран бүтээл хийдэггүй. Хамтарч ажилладаг 10 найзын групп байдаг. Бид бас телевизийн нэвтрүүлэг хийнэ. Хамтлагийн дуучин группын ахлагч. Зураглаач мэргэжилтэй залуу байгаа. Нөгөө гишүүн маань дууны инженер мэргэжилтэй. Миний хувьд дууны найруулагч мэргэжлээр суралцаж, төгссөн. Тиймээс би дууны үг, ая, хөгжмийн дугаралтыг мэргэжлийн талаас нь хариуцдаг.
-Ямар урсгал чиглэлээр дуулдаг вэ?
-Монголынхоо язгуур урлаг үндэсний соёлыг, японы үндэсний соёлтой хослуулж, уран бүтээл хийх бодолтой байгаа. Орчин цагийн залуус руу чиглэж байгаа учраас хип хоп жанраар үглэж, дуулна.
Хамтлаг нь дандаа монгол хэлээр дуулж, уран бүтээл хийдэг юм уу?
-Ерөнхийдөө монгол руу чиглэсэн контент хийх зорилготой. Оюутан байх цагаасаа япон дуу хийдэг байсан. Монгол хэлээр дуулсан дуу маань Монголд их хандалттай байгаа болохоор цаашдаа Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа.
-Япон улсад амьдарч байгаа монголчууд цар тахлын үед хэрхэн амьдарч байна вэ?
-Гэнэт хил хаагдаж, гадаадад олон хүн гацсан. Тэр үед би Токиод ажиллаж, амьдарч байсан. Тухайн цаг үеийн нөхцөл байдал маш хэцүү Монгол руугаа буцаж чадахгүй, ажил олдохгүй зогсонги байдалтай байсан. Монгол залуус дор бүрнээ хичээж, тэр бүхнийг даван гарсан. Одоо ч гэсэн Япон улсад цар тахлын тархалт буураагүй.
Энд орой 20.00 цагаас хойш үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй байгаа. Тиймээс цагийн ажил хийдэг монгол оюутнуудын ажиллах цаг багасч, гар дээр ирэх мөнгө нь багасч байгаад санаа зовдог. Тэгсэн ч залуус маань шантралгүйгээр ажиллаж байгааг хараад их бахархдаг.
-"Chakaland" хамтлаг нийт хэчнээн дуутай вэ?
-“Монгол цуйван хэр вэ?” дуу хамтлагийн дөрөв дэх дуу. Энэ дууны өмнө цар тахалтай холбоотойгоор “Бактер” гэдэг дуу хийсэн. Монголд энэ дуу маань өндөр хандалттай байсан болохоор дараагийнхаа дуугаа хийе гэж ярилцаад хэд хэдэн дуу хийсэн. Шинэ дуунуудаа цацах арай болоогүй байгаа.
-Японд хэдэн жил ажиллаж, амьдарч байна вэ. Сүүлд хэзээ эх орондоо ирэв?
-Миний хувьд Японд анх 2014 онд ирсэн. Сүүлд 2018 онд оюутан байхдаа эх орондоо очиж амарсан. Одоо цар тахлын улмаас эх орондоо очиж чадахгүй л байна. Эндээ ажлаа хийгээд л байж байя гэсэн бодолтой байгаа. Мэдээж хил нээгдвэл япон найзуудаа дагуулаад эх орондоо очиж, амрах төлөвлөгөө бий.
Надтай хамт Монгол руу явж, өргөн тал нутгийн үзэсгэлэнт байгалийг сонирхох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Хамтлагийнхан маань ч гэсэн Монголд заавал очих хүсэлтэй. Болж өгвөл “Playtime” амьд хөгжмийн фестивальд оролцох зорилготой.
-Монгол хамтлаг дуучдын дууг сонсдог уу?
-Монгол хамтлаг, дуучид хамтран ажиллах санал тавьдаг. Бас хамтлагийн залуус маань “The Hu” хамтлагийн уран бүтээлийг сонсох дуртай.
-Монголчууддаа хандаж юу гэж хэлэхийг хүсч байна вэ?
-Хамтлагаа төлөөлж хэлэхэд залуусаа битгий бууж өгөөрэй. Цар тахлын хүнд үед ажиллаж, амьдарч байгаа хэдий ч энэ бол түр зуурынх юм шүү. Удахгүй бүх зүйл сайхан болно. Бүгдээрээ амны хаалтаа сайн зүүж, ирээдүйнхээ төлөө илүү ихийг хийж бүтээхийн төлөө хичээгээрэй гэж хэлье.