Цар тахлыг хамтын хүчээр давж буй монголчууд | News.MN

Цар тахлыг хамтын хүчээр давж буй монголчууд

Цар тахлыг хамтын хүчээр давж буй монголчууд

Цар тахлыг хамтын хүчээр давж буй монголчууд

Covid-19 цар тахал Монголын нийгмийн дархлааны шалгуур болжээ. Нэг хэсгийнх нь увайгүй зан тодорч, нөгөө хэсэг нь хүний ёсыг дээдэлж, цар тахал нэг үгээр хэлбэл, хүн хоорондын харилцааны  нэг шалгуур болсон байна.  Ингээд хөл хориотой энэ өдрүүдэд  бие биедээ сэтгэлийн дэм өгч, бусдад урам хайрласан эерэг үйл явдлуудыг сонирхуулъя.


ХҮҮХДҮҮД БОЛЖМОР ШИГ СУУЧИХСАН НЬ ИХ ӨХӨӨРДӨМ ХАРАГДАЖ БАЙСАН

Цар тахалтай тэмцэж буй хүнд үед хашаандаа  тоглолт хийж, ойр орчмын оршин суугчид, хөршүүддээ сэтгэлийн дэм өгсөн Ө.Пүрэвжаргал залуугийн бичлэг дөрөвдүгээр сарын 14-нд цахим орчинд цацагдаж, олон нийтийн хайрыг булаасан юм. Тэрбээр “Эртнээс өөрийнхөө амьдардаг орчинд дуулна хэмээн бодож байсан л даа. Өнгөрсөн жил хөл хорио байгаагүй учир худаг дээр дуулсан. Тэр маань хүмүүст их хүрсэн.  Харин энэ жил чингэлэг дээр гарч дуулсан. Би дуулж эхлэхдээ хүмүүсийг “битгий ирж үзээрэй, хашаа хашаандаа сонсоорой” гэж хэлсэн юм. Хүмүүс ч ер нь ирж үзээгүй. Гудамжиндаа бол гэрийнхээ хаалганы ойролцоо зогсоод үзэж байсан. Хөршүүд маань “Баярлалаа" гэж хашаан дотроосоо хашхирч хэлсэн. Тоглолтын үеэр Зоригоо гэдэг залуу надад өөрөө хийсэн гар утасны тогтоогч бэлэглэсэн. Хүүхдүүд амбаар, гэр дээрээ гараад болжмор шиг сууж байсан нь их өхөөрдөм харагдаж байсан. Миний хамгийн үнэнч фенүүд тэд болсон доо” хэмээн ярьж байв. Түүний хувьд сайн сайхан араншин, өөрт байгаа бүхнээ бусадтай хуваалцах, нийгэмд эерэг энерги түгээх, хүн бүрийн сэтгэлд хүсэл мөрөөдөл асаах, амьдралд нь итгэл төрүүлэхийг хичээж явдаг аж.

ЭНЭ ЦАГ ҮЕИЙГ ХАМТЫН ХҮЧЭЭР БУЮУ ЭВ НЭГДЭЛ, ХҮНЛЭГ СЭТГЭЛЭЭР ДАВАН ТУУЛНА

Иргэн Ц.Маргад-Эрдэнэ алслагдмал дүүргийн  айл, өрхүүдэд халуун  боорцог хийн тараасан юм. Түүнийг хүмүүс “Гоонь эрчүүдийн хуушуур” хоолны газрын үүсгэн байгуулагч гэдгээр нь  сайн мэднэ. Ц.Маргад-Эрдэнэ эхний ээлжид буюу тавдугаар сарын 1-нд ээжтэйгээ нийлж гэр хорооллын алслагдмал дүүргийн  айл, өрхүүдэд боорог хайрж, шахмал түлш, 10 мянган төгрөгийн хамт тараасан байна. Харин тавдугаар сарын 2-нд  30 мянган ширхэг боорцог хайрч, Шархад, Цагаандаваа хавиарх айлуудад тараасан бол тавдугаар сарын 3-нд дөрвөн найзтайгаа нийлж хөл хорионд үүрэг гүйцэтгэж буй 100 гаруй цагдаа нарыг бууз, салат өгчээ. Улмаар тавдугаар сарын 4-нд автобусны жолооч, тавдугаар сарын 5-нд нийслэлийн түргэн тусламжийн төв болох 103-ын эмч, ажилтнуудыг хоолоор дайлсан аж.

Тэрбээр “Хөл хорионы үед эмч, цагдаа, онцгойгийнхон иргэдийнхээ эрүүл мэнд, улс орныхоо аюулгүй байдлын төлөө унтах нойроо хугаслан, идэх хоолоо хагаслан, үр хүүхэд, аав, ээж, хань ижилтэйгээ хамт байх эрхээсээ татгалзан ажиллаж байна. Тэд сонгосон мэргэжил, тангараг өргөсөн ажлаа хийж байгаа. Гэхдээ энэ нь тэдэнд талархлаа илэрхийлэхгүй байж болно гэсэн үг биш. Миний хувьд наймдугаар ангийн боловсролтой, дээд сургуульд суралцаагүй эр хүн. Гэхдээ би өнөөдөр амьдарч байгаа энэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаа нь хамгийн чухал. Ер нь хүн сайхан сэтгэлтэй байхад бүтэхгүй зүйл гэж үгүй. Хүнд хэцүү энэ цаг үеийг хамтын хүчээр буюу эв нэгдэл, хүнлэг сэтгэлээр даван туулна" гэдгийг онцолсон.

1000 АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАЖ, НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ ИРГЭДИЙН ДЭЛГҮҮРТ ТАВЬСАН ӨРИЙГ ТЭГЛЭСЭН

АНУ-д амьдардаг Т.Тэгш-Өлзий 2020 оны арванхоёрдугаар сард 1000 ам.доллар хандивлаж, нийслэлийн гэр хороололд амьдардаг иргэдийн дэлгүүрт тавьсан өрийг тэглэж өгчээ. Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод тракны жолоочоор ажилладаг байна. Монголчууддаа туслахын тулд “Хүн чанар” нэвтрүүлгийн багтай холбогдон “Хэдийгээр би баян хүн биш ч, телевиз үзээд хоногийн хоолоо дэлгүүрээс зээл авч залгуулж байгаа дэвтэр дүүрэн өртэй хүмүүст бага ч болов тус дэм болохоор холбогдож байгаа юм” хэмээн хэлээд нэвтрүүлгийн багийнханд 1000 ам.доллар шилжүүлжээ. Уг хандивыг хүлээн авсан “Хүн чанар” нэвтрүүлгийн хамт олон гэр хорооллоор явж, Т.Тэгш-Өлзийтэй дэлгүүрийн хүмүүсийг шууд холбож олон айл өрхийн өрийг тэглэж өгчээ.

Мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах аравдугаар ангийн дөрөвдүгээр салааны найман алба хаагчид өөрсдийн санаачлагчаар “Дэлхийн цэрэг-Монгол цэрэг” нэгдэлтэй хамтран өрх толгойлсон эмэгтэйд  тусалсан байдаг. Тус алба хаагчид нь цалингаасаа тус бүр 70 мянган төгрөгийн хуримтлал үүсгэснээр энэ үйл хэргийг хэрэгжүүлсэн байна. Дээрх явдал нь цэргийн хүний эх орноо ард түмнээ гэсэн сэтгэл, өргөсөн тангарынхаа үнэ цэнийг батлан харуулсан явдал боллоо хэмээн хүмүүс  ам сайтай байгаа юм. Ийнхүү монголчууд цар тахлын аюулыг хамтдаа давахаар  сайхан сэтгэлийн үзүүрт тос байдгийг ч харуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-07 192.82.73.196

ТӨР ЗАСГИЙГ УНАГААХ НЭГ САЙХАН БОЛОМЖ ГАРГАСАН КОВИДДОО БАЯРЛАЛАА ГЭХ ХҮМҮҮС МЭР СЭР БАЙХ ШИГ.

Avatar

Зочин 2021-05-07 115.131.31.177

Ядуу айлуудад боорцог мөнгөө тараасан бол. Хүмүүс сонгуулийн юм тараалаа гээд бас өвчигнөөд байгаа харагдсан. Дан юмыг харлуулж боддог янзын улс шүү

Avatar

Монгол 2021-05-07 202.131.236.170

Сайхан МОНГОЛ ОРОН-д маань сайн цаг ирэх нь дамжиггүй. Салхины аясаар муу бүхэн арилж, сайн, сайхан бүхэн миний ард түмнийг ивээх болтугай.

Avatar

Зочин 2021-05-07 43.242.242.59

уул нь монгол ардын сайхан зүйр цэцэ үгнүүд байдагдаа. Хүн хүндээ нөхөр, дэм дэмэндээ дээс эрчиндээ, тэвдэж явахад тэвнээр тусал, олны хүч оломгүй далай, 100 төгрөгтэй байснаас 100 нөхөртэй бай гэх мэт монголчуудын амьдралаас ургаж гарсан зүйр үгнүүд. энэ үгнүүдийг хэрэглэхгүй, мартагдаж байтал амьдралд хэрэгжүүлж эхэлж байгаад баяртай байна. Эдгээр хүмүүст баярлаж байна

Avatar

Зочин 2021-05-07 202.55.191.130

iim ulsuud bii bii, turuus bayajigchid haana baina?

Avatar

Зочин 2021-05-07 66.181.161.111

Маргаадаа баярлалаа😊

Avatar

Мөхөс иргэн 2021-05-07 103.229.121.20

Өөр ч зөндөө олон сайн үйлс олны дунд цэцэглэж байгааг мэдэрдэг шүү. Болбол бүгдийг түгээгээрэй.

Avatar

Хуульч 2021-05-07 103.229.121.20

Манай монгол улс иймдээ оршин тогтнож байдаг. Тэр улс төрийн хэрүүл тэмцлийг сөхөж харахаа ч байсан. Шаардлагатай бол тэртэй тэргүй харж л таараа. Мэдлэг боловсролтой хүмүүс нь тэрүүгээрээ учраа олсон нь дээр. Миний үзэл бодол тэнд явж байгаа гэдэгт итгэдэг. Харин надад зориуд хандвал үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж байгаа гэж боддог. Сайхан мэдээлэл оруулсанд баярлалаа. Сэтгэл сэргэлээ.

Avatar

зочин 2021-05-07 202.131.244.210

ийм сайхан сэтгэлийн тусыг илүү ихээр урамшуулан түгээж чадвал хар бараан нь дийлсэн энэ амьдрал арай хялбархан санагдаж байна шүү. амжилт залуус аа

Avatar

Зочин 2021-05-07 202.9.40.73

Ymar saihan medee we iim medee sonsohoor saihan ymaa

Avatar

ККК 2021-05-07 202.72.242.139

Ийм сайхан мэдээллүүд, сайн үйлсүүдийг сонсоход үнэхээр бахархмаар, сайхан санагдах юмаа. Харамсалтай нь дийлэнх масс дандаа хар хэрүүл, болох болохгүй мэдээлэлд үнэн хоббитой бололтой. Унших ч үгүй, харах ч үгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж