"Олимпийн аварга болж, дэлхийгээр аялахыг хүсдэг"

Хуучирсан мэдээ: 2021.05.07-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР - Токио 2020

"Олимпийн аварга болж, дэлхийгээр аялахыг хүсдэг"

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор Токио-2020 олимпийн наадамд оролцох эрх аваад буй залуу тамирчинг онцолж байна. Түүнийг Болдсайханы Хонгорзул гэдэг. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн спортод цахиур хагалж буй залуу тамирчин бөгөөд саяхан Казахстан улсын Алматы хотод зохион байгуулсан олимпийн эрх олгох тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль, олимпийн эрх хүртсэн юм.

Ирээдүйтэй тамирчин охин шаргуу хөдөлмөрлөсний эцэст ирэх зун Токиог зорих болзлоо хангаад байна. Ингээд түүнтэй танилцъя.


Болдсайхан Хонгорзул 2001.05.27

Төгссөн сургууль:

Баянхонгор аймгийн Номгон ахлах сургууль

Их засаг их сургууль /Одоо суралцаж буй/

Мэргэжил:

Хууль, эрх зүй/Одоо суралцаж буй/

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин

Сошиал хуудас:

Б.Хонгорзул /фэйсбүүк/, Chinod_khongorzul /инстаграм/

ОЛИМПИЙН НААДМЫН ЭРХ АВСАН СЭТГЭГДЭЛ

-Мэдээж олимпийн эрх авсандаа баяртай байгаа. Гэхдээ амжилтадаа ханах болоогүй. Саяхан карантинаас гараад одоо олимпийн бэлтгэлдээ гарах гэж байна.

Гэрийнхэн болон С.Мөнхдуулдах багш маань миний барилдаан бүрийн лайвыг үзэж,  хажууд байгаа мэт л догдлоод байж байсан гэсэн.

УЧРАА ТААРСАН ӨРСӨЛДӨГЧ БҮРЭЭ ИЛТ ИЛҮҮРХЭЖ, ОНОО АЛДАЛГҮЙ ЦЭВЭР ЯЛЖ БАЙГАА ХАРАГДСАН ?

-Насанд хүрэгчдийн ангилал руу шилжээд удаагүй байгаа болохоор өрсөлдөгч нартайгаа өмнө нь барилдаж үзээгүй байсан. Сүүлд нь бүх барилдаанаа тунгаан бодоход яг ч хүссэнээрээ барилдаагүй юм шигээ. Олимп бол олимпийн эрх олгох тэмцээнээс тэс өөр шүү дээ. Гаргасан бүх алдаагаа засч, болж байгаа зүйлүүдээ улам сайжруулах хэрэгтэй байна. Алтан медалийн төлөө барилдсан Энэтхэгийн тамирчны барилдааныг тэмцээнд явахаасаа өмнө их үзэж, судалсан. Тэр тамирчинтай л их ойрхон өрсөлдөөнийг үзүүлж, ялалт байгуулсан даа.

Бэлтгэл сургуулилтаа ерөнхийдөө Баянхонгор аймагтаа С.Мөнхдуулдах багшийнхаа удирдлага дор хийдэг. Харин олимпийн эрх олгох тэмцээнд явахаасаа өмнө хоёр сарын хугацаанд шигшээ багийн цугларалтад хамрагдсан.

ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ

-Манай гэр бүл Баянхонгор аймгийн Өлзийт сумын хөдөөний малчин айл. Манай өвөө уяач хүн байдаг учир бага насаа ер нь л морин дээр хөдөө л өнгөрүүлсэн гэж хэлж болно. Харин долдугаар ангидаа бөхийн спортоор хичээллэж эхэлснээсээ хойш хөдөө явах нь багассан. Байнгын бэлтгэлтэй байдаг учир зун ч явах завгүй болсон доо.

АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ

-Анх сургуулийнхаа чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ялагдчихсан. 38 кг-ын жиндээ хожигдчихсон юм. Тэгээд шарандаа биеийн тамирын хичээлийнхээ багшаас гуйсаар байгаад дээд жиндээ өрсөлдөж, мөнгөн медаль авч байлаа. Тэр үед С.Мөнхдуулдах багштайгаа таарахад “Маргааш бэлтгэлд ирээрэй” гэсэн. Багшийн хэлснээр маргааш бэлтгэл дээр нь очиход аль нь жүдо, аль нь чөлөөт бөх гэдгийг нь ялгаагүй. Тэр цаг үеэс хойш л тасралтгүй чөлөөт бөхийн спортоор хичээллэж байна даа.

Сургуулийн тэмцээнд анги бүрээс заавал нэг хүүхэд орох ёстой гээд л би орсон. Биеийн тамирынхаа хичээлд дуртай байсан тул тамирын багш “Хэн чөлөөт бөхийн тэмцээнд орох уу ?” гэхээр нь “Би оръё” гээд хэлчихсэн. Тэрнээс өмнө бол барилдах талаар юу ч мэддэггүй, чөлөөт бөх, жүдогоо ялгадаггүй байлаа. Телевизээр чөлөөт бөхийн тэмцээн уралдаан гарч байвал сувгаа сольдог байсан бол одоо алгасч чаддаггүй.

 

АНХНЫ АМЖИЛТ

-Анхны амжилт гэвэл түрүүн хэлсэн сургуулийн аваргын мөнгөн медаль л юм даа. Анхны медалиа хүртэж, урамшаад аймаг, бүсийн чанартай тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Харин анхны олон улсын тэмцээнд гаргасан амжилт гэвэл 2016 оны Азийн хүүхдийн их наадамд түрүүлж байлаа.

ЧУХАЛ БАРИЛДААНУУДЫН ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ ?

-Барилдааны өмнө сандарч, түгшихээсээ илүү бие халаалтдаа төвлөрдөг. Тамирчин хүний хувьд бие халаалт гэдэг чухал. Тиймээс бие халаалтаа л сайн хийхийг хичээдэг. Мөн жингээ зөв хасч, жиндээ орох чухал байдаг. Тэмцээн дөхөөд ирэхээр өөр зүйлд ч сатаарахгүй, өдрийн хоёр бэлтгэлдээ анхаарлаа хандуулдаг. Өөр зүйл дээр ч нервтээд байдаггүй дээ.

ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН

-Хувь хүн талаасаа бол С.Мөнхдуулдах багшаасаа хүн яг ийм байх ёстой юм байна гэдэг ойлголтыг авдаг. Харин тамирчин хүн талаасаа шигшээ багийнхаа ах эгч нараасаа үлгэр дуурайлал авдаг. Ялангуяа О.Бурмаа эгчийгээ их хүндэлдэг.

ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ТЭМЦЭЭН

-Азийн хүүхдийн их наадам юм уу даа. Төрөл бүрийн спортын орон орны тамирчид цугласан сайхан тэмцээн. Тухайн тэмцээний Монголынхоо анхны алтан медалийг хүртэж байлаа. Багш маань тэмцээний урд өдөр “Маргааш энэ хүүхэд түрүүлэх юм чинь” гэж ярихаар нь нээрээ л түрүүлэх юм шиг мэдрэмж төрсөн. Гэхдээ түрүүлнэ гэж бодоогүй л дээ. Тэгээд л анхны олон улсын тэмцээндээ түрүүлээд үнэхээр баярласан. Хүмүүс намайг булган сүүлтэй гэж ярьж байсан. Миний араас олон олон медальтан тодорсон. Хийдгээ хийчихсэн 14 хоног тэмцээн үзээд, эрхэлж байгаад л ирсэн дээ.

Хамгийн их айдаг зүйл маань бэртэл гэмтэл. Хоёр жил дараалан бэртлийн улмаас сайн барилдаж чадаагүй. Хатиг гарахад хүртэл бэлтгэл хийхэд хэцүү байдаг.

СПОРТТОЙ ХОЛБОГДООГҮЙ БАЙСАН БОЛ ӨӨР ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ЯВАХ БАЙСАН БЭ?

-Би өөрөө гадаад хэл сурах сонирхолтой. Багаасаа л хөтөч болъё гэж боддог байсан. Харин өөр спортоор хичээллэх боломж олдсон бол сагсан бөмбөгөөр хичээллэх байсан байх.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ ?

-Чөлөөт цагаараа хөдөө гадаа аялал зугаалгаар явах сонирхолтой. Бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар хэл сурах, ном унших дуртай. Аль болох өөрийгөө хөгжүүлэх зүйл хийхийг л эрмэлздэг. Зун болохоор л бид бэлтгэлд гарчихдаг учир аялалд гарах боломж төдийлөн олддоггүй. Харин өнгөрсөн жил карантинтай байсан болохоор зун Өвөрхангай аймгийн Найман нуураар аялсан. Хамгийн дурсамжтай аяллын тухайд багадаа гэр бүл, хамаатан саднаараа Хөвсгөл явж байсан маань ер санаанаас гардаггүй юм.

Сүүлд "Амин урсгал" гэх ном уншлаа. Хамгийн сүүлийн хуудсыг нь уншаад бараг л уйлсан даа.

ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Аавыг маань Ч.Болдсайхан, ээжийг минь Г.Одсүрэн, дүүг маань Б.Түвшинбаяр гэдэг. Надаас өөр спортоор хичээллэдэг хүн байхгүй дээ. Дүү маань нэг хэсэг барилдах гэж үзээд өөрөө сонирхоогүй больсон. Намайг анх барилдана гэхэд аав, ээж хоёр маань таатай хүлээж аваагүй. Тэгээд намайг зөрөөд зүтгээд байхыг хараад хорихоо болиод хүлээн зөвшөөрсөн. Одоо бол бүх талаар дэмждэг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Олимпоос медаль авах л байна даа.

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ

-Олимпийн аварга болчихоод гэр бүлтэйгээ дэлхийгээр аялмаар байна. Ялангуяа далайн орнуудаар явж үзмээр байна. Бид гадаад руу тэмцээнд явдаг ч гэсэн тухайн орноороо аялах нь ховор. Бараг зааланд нь очиж барилдаад л буцаад ирдэг.

ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Хүн өөрийн гэсэн зорилгоо нэн тэргүүнд тодорхойлох хэрэгтэй. Тэгээд зорилгынхоо төлөө зогсолтгүй хөдөлмөрлө гэж хэлье. Энэ дашрамд, надад үргэлж тусалж, намайг дэмждэг бэлтгэлийн хамт олон, С.Мөнхдуулдах багш, гэр бүлийнхэндээ баярлалаа. Мөн "Цэлмэг-Өглөө" компанидаа намайг ивээн тэтгэж, урамшуулж байгаад талархаж байна. Х.Амартүвшин ах маань багаас минь намайг дэмжиж ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
76
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж