Хятад, Энэтхэгийн дараагийн мөргөлдөөн илүү ноцтой болно

Хуучирсан мэдээ: 2021.05.07-нд нийтлэгдсэн

Хятад, Энэтхэгийн дараагийн мөргөлдөөн илүү ноцтой болно

Хятад, Энэтхэгийн дараагийн мөргөлдөөн илүү ноцтой болно

Одоогоос хоёр сарын өмнө Энэтхэг, Хятад хоёр улс Гималайн уулсын баруун хэсэг дэх хилийн маргаантай бүсийн Пангун нуурын ойролцоогоос цэргүүдээ татан буулгасан билээ.

Энэтхэгийн батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ бол хилийн ширүүн маргаантай бүсийн хурцадмал байдлыг намжаах ердөө нэг алхам төдий байжээ. Эргэн санавал бараг жилийн өмнө хоёр орны цэргүүд зэвсэггүй бүсийн Галван голын сав газарт мод, чулуугаар байлдан Энэтхэгийн 20 цэрэг, Хятадын дөрвөн цэрэг амь үрэгдсэн юм.

Хоёр тал цэргээ татаж байх үед Энэтхэгийн арми хятад цэргүүдийн майхнаа буулгаж, ачаа бараагаа хураан, байраа чөлөөлж байгаа талаар зураг, дүрс бичлэгүүдийг цахим орчинд нийтэлсэн. Зарим зураг дээр олон тооны танк, хуягт машин зэрэг харагдсан нь олон улсын анхаарлыг татсан. Энэтхэгийн хэвлэл мэдээллээр мэдээлснээс үзвэл Хятад улс тухайн үед дор хаяж 200 танк татжээ.

Хоёр орны маргаантай бүсээс татсан цэрэг, техник, зэвсэг хэрэгслүүдийн хэмжээнээс харвал, хоёр тал мөргөлдөөний талаар асуудлыг маш ноцтой хүлээн авч, дараагийн болзошгүй тулаанд анхааралтай бэлдэж байсан байна. Мөн энэ нь хэрвээ хоёр тал дахин мөргөлдвөл дараагийн удаад маш ноцтой байх болно гэсэн үг юм.

ГИМАЛАЙН НУРУУНД ТЕХНИК БАЙРЛУУЛАХАД БЭРХ

 Гималай тэргүүтэй өндөр, уулархаг газарт олон тооны зэвсэг, техник байршуулах нь энгийн бус тохиолдол. Учир нь өндөр уулархаг газарт агаарын даралт бага, цаг агаар эрс хүйтэн, танк гэх мэтийг тээвэрлэх, ажиллуулах зам, талбай хомс зэргээс болоод элдэв гэмтэл, эвдрэл гарах эрсдэл ихтэй байдаг аж.

Энэтхэгийн тэтгэвэрт гарсан нэгэн генералын мэдээлснээр Гималайн нуруунд танк болон бусад хуягт машинуудыг хөлдөөхгүйн тулд 30 минут тутамд унтрааж, асаадаг байсан гэнэ. Тиймдээ ч эл техникийн асуудлууд хоёр тал цэргээ татан буулгах шийдвэр гаргахад нөлөөлсөн бололтой.

Мөн дээрх хүчин зүйл 1962 оны Энэтхэг, Хятадын хооронд сар орчим үргэлжилсэн дайнд агаарын болон газрын техникийн оролцоо маш бага байсны шалтгаан болжээ. Тухайлбал, тус дайнд Энэтхэгийн талаас хөнгөн төрлийн AMX-13 танк зургааг дайчилсан нь арчлахад маш хүнд байснаас гадна бараг ашиглагдаагүй гэнэ. Тус дайнд Энэтхэгийн талаас 8000 цэрэг алагдаж, шархдаж, олзлогдож, ор сураггүй болсноос гадна Аксай Чин хэмээх газрыг Хятадад алдсан бол Хятадын талаас 722 цэрэг амь үрэгдэж, 1697 цэрэг шархадсан гэдэг.

ОРЧИН ҮЕИЙН ТЕХНИК

Хятад, Энэтхэг хоёр улс өдгөө мэдээж 1962 оны дайнаас хойш цэрэг, техникээ хэд дахин хөгжүүлэн шинэчилсэн билээ. Тухайлбал, өдгөө Энэтхэгийн зэвсэглэлд үндсэн гурван төрлийн танк байдаг болсон байна. Тэр гурван танкны T-72 “Ажея”, Т-90 “Бишма” хоёрыг нь энэтхэгчүүд Оросын загвараар дотооддоо үйлдвэрлэдэг бол “Аржун” танкийг өөрсдөө зохион бүтээж үйлдвэрлэдэг аж.

Орос загварын танкууд хүйтэн цаг агаарт ажиллах зориулалттай байдаг тул Энэтхэгийн нийт 4000 танкны ихэнх хувийг эзэлдэг гэнэ. Харин "Аржун" танк явах эд ангийн хувьд асуудалтай учир ердөө 124 л үйлдвэрлэгдсэн аж.

Тэгвэл БНХАУ-ын ардын чөлөөлөх армид хүйтэн дайны үеийн Т-59, Т-69, Т-80, Т-80 гэх мэт олон төрлийн танк байдаг ч ихэнх нь “тэтгэвэртээ гарч” өдгөө орчин үеийн Т-96, Т-99, Т-15 хэмээх гурван төрлийн танк зонхилох болжээ. Т-96, Т-99 танкнууд нь хүнд жинтэй танкнууд бол Т-15 нь энэ зуунд зохион бүтээгдсэн хөнгөн жинтэй танкнуудын нэг юм.

Тухайлбал, Т-96, Т-99 танкууд ойролцоогоор 42, 54 тонн жинтэй, 125мм-ийн их буугаар зэвсэглэсэн байдаг бол Т-15 танк 35 тонн жинтэй, 105мм-ийн их буутай аж. Харьцуулж үзвэл Энэтхэгийн Т-72, Т-90, Аржун танкууд 41 тонн, 46 тонн, 68 тонн жинтэй, 125мм, 120мм их буугаар тоноглогдсон байдаг гэнэ.

Хятадын Т-15 танк бусдаасаа арай жижиг авч Энэтхэгийн танкуудыг бодвол уулархаг газарт тулалдахдаа илүү сайн юм. Тиймдээ ардын чөлөөлөх арми Төвөд, Шинжаан нутгууд болон Энэтхэгийн хилийн дагуу цэргийн баазууддаа түлхүү Т-15 танк нийлүүлдэг аж.

Энэтхэгийн нийтэлсэн зураг, бичлэгүүд дээрээс харахад Энэтхэгийн тал болзошгүй мөргөлдөөнд бэлдэж T-72 танк болон BMP-2 явган цэргийн байлдааны машинууд байрлуулсан байжээ. Мөн цэргүүдийн байрлаж байсан газрыг харвал, Энэтхэгийн талд халхавч, нуувч харьцангуй бага аж.

Харин Хятадын талаас илүү олон техник байрлуулсан байж. Тухайлбал, Т-80/88танк хэд хэдэн ширхэг, орчин үеийн Т-90/99А танкууд харагдана. Мөн өөр зургаас харахад Хятадын бэлдсэн техникүүд дунд дор хаяж 12 ZBD-04 явган цэргийн байлдааны машин болон гурван хуягт машин байх аж. Мэргэжилтнүүдийн тааварлаж байгаагаар тус гурван хуягт машин нь газраас ойрын тусгалт пуужин хөөргөдөг HQ-17, агаараас өөрийгөө хамгаалагч их буу бүхий Т-9 хуягт машинууд байж магадгүй гэнэ.

Хоёр тал чухам тэр хэмжээний зэвсэг, техникийг үнэхээр бэлэн байлгасан уу, эсвэл татах үедээ нэмж авчирсан уу гэдэг нь тодорхойгүй боловч хоёул 1962 оныхоосоо хэд дахин хүчирхэг армитай болсон нь тодорхой байна.

Пангун Цонуурын цэргүүдийг татан буулгасан явдал гэвч бусад бэлэн байдалд байгаа цэргийн баазуудыг дагуулсангүй. Тиймээс Энэтхэгийн талаас ажиглагчид мөргөлдөөн дуусаагүй хэмээн дүгнэж, хэтэрхий эрт стратегийн чухал байрлалаас цэрэг техникээ татаж хэмээн харамсч байгаа гэнэ.

Түүнчлэн олон улсын ажиглагч нар Энэтхэг, Хятадын хилийн маргааны асуудал намжаагүй бөгөөд дахин мөргөлдөөн болох аюул тун ойрхон байгааг онцолж, дараагийн болзошгүй мөргөлдөөн илүү ноцтой, хөнөөлтэй байх болно хэмээн анхааруулж байгаа юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж