Санхүүгийн салбарын 2021 оны I улирлын тойм мэдээллээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2021.05.06-нд нийтлэгдсэн

Санхүүгийн салбарын 2021 оны I улирлын тойм мэдээллээ танилцууллаа

Санхүүгийн салбарын 2021 оны I улирлын тойм мэдээллээ танилцууллаа

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2021 оны нэгдүгээр улирлын тойм мэдээллийг танилцуулсан хэвлэлийн бага хурал цахим хэлбэрээр өнөөдөр боллоо.

2021 оны нэгдүгээр улиралд Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 17.5 хувьд хүрсэн. Үүнээс, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 9.9, даатгалын зах зээл 1.1, банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ 5.7, ХЗХ 0.8 хувьтай байна.

Хороо нь зохицуулалт хяналтын чиг үүргийнхээ хүрээнд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 3,302 зохицуулалттай этгээд, 2,429 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа.

Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 315 ХК, 281 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 326 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 530 ББСБ, 249 ХЗХ, 185 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 438 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 978 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөнгийн зах зээл: Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48.5 хувиар өсөж 3,695.1 тэрбум төгрөгт хүрч, 2020 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 10.0 хувьтай тэнцэж байна. Харин хувьцааны хөрвөх чадвар 1.4 нэгжээр өсөж 1.8 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 17,732.0 нэгжээр өсөж 34,635.7 нэгжид хүрсэн.

2021 оны нэгдүгээр улиралд нийт 71.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааны 91.8 хувийг хувьцаа, 5.7 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1.8 хувийг хөрөнгө оруулалтын сан, 0.7 хувийг компанийн бонд тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 145.1 хувиар өсөж 5 төрлийн 69.3 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар өсөж 401.2 тэрбум төгрөгт, нөөц сан 9.3 хувиар өсөж 172.6 тэрбум төгрөгт хүрлээ.

Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурч 39.0 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар буурч 10.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 29.0 хувиар буурч 881 мянгад хүрчээ. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар буурч 12.3 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 31.6 хувийг эзэлж байна.

Банк бус санхүүгийн байгууллага: 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 530 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 2.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар өслөө. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 48.5 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 85.3 хувийг иргэдийн зээл, 14.7 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдэж 610.1 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 3.4 сая байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин  өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурч 2.9 хувьтай байна.

Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 2.3 сая төгрөг, финтекийн зээлдэгчид нийт 362.9 мянга буюу нийт зээлдэгчдийн 59.5 хувь, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 270.7 мянган төгрөг байна.

Хадгаламж, зээлийн хоршоо: 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 249 ХЗХ-д 75,002 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өсөж 278.9 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс хадгаламжийн хэмжээ 201.4 тэрбум төгрөг буюу 72.2 хувийг эзэлж байна. Хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурч 1.4 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр буурч 2.4 хувь болсон.

Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар өсөж 192.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.64 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 40,166 байгаа бол зээлдэгчдийн тоо 38,353 байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Хорооны тусгай зөвшөөрөлтэй 185 компани, тэдгээрийн 206 брокер, 1,219 Агент ажиллаж байна. Давхардсан тоогоор 290 ҮХЭХЗ-ын байгууллага нийт 935 хэлцлээр 98.6 мянган м.кв талбай, 127.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ. Харин нийт 390 хэлцлээр 39.3 мянган м.кв талбай, 2.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлжээ.

Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар: Салбарт үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд 34, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч  иргэд 229, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэд 117, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэд 58 байна. 2021 оны 1 дүгээр улиралд 101.9 тэрбум төгрөгийн үнэт металлын борлуулж, 103.6 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж