Дэлхий нийтийг нөмрөөд буй Covid-19 цар тахлын эсрэг вакциныг дэлхий даяар үйлдвэрлэхэд гол саад тушаа болж байсан зүйл бол патентын хориг /TRIPS waiver/ билээ. АНУ тэргүүтэй өндөр хөгжилтэй орнууд ядуу буурай, хөгжиж буй орнуудад вакцин үйлдвэрлэж, вакцины хүрэлцээг нэмэгдүүлэх санаачилгыг патентын эрхийн дагуу эсэргүүцэж байсан юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн 70 гаруй улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд болон, 100 гаруй Нобелийн шагналтнуудыг өөртөө нэгтгэсэн Дэлхийн Манлайллын Нэгдэл-Мадридын Клуб (World Leadership Alliance-Club de Madrid)-ээс дээрх патентыг цуцлахыг АНУ-аас хүсэн нээлттэй захидлыг тус улсын Ерөнхийлөгч Жо Байденд илгээж байсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Дэлхийн Манлайллын Нэгдэл-Мадридын Клубийн гишүүнээр 2018 онд элссэн бөгөөд Covid-19-ийн эсрэг вакцины патентыг цуцлуулах санаачилгыг дэмжин оролцсон юм.
Тэгвэл дээрх санаачилга үр дүнгээ өгч АНУ-ын Худалдааны яам өчигдөр /2021.05.05/ мэдэгдэл гаргаж, Covid-19 цар тахлын эсрэг вакцины оюуны өмчийн эрхийн патентаас татгалзахаа зарласан талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ.
АНУ-ын энэхүү алхам нь дэлхийн цар тахлын эсрэг вакцины нийлүүлэлтийг өргөжүүлж, баян, ядуу орнууд хоорондын вакцинжуулалтын ялгааг багасгахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, дэлхий даяар хийгдэж буй нийт вакцины гуравны нэгийг АНУ-д тарьж, үүний араас вакцины тоогоор Европын холбоо орж байгаа бол бусад орнуудад вакцины үлдэгдэл очиж байгаа юм. Вакцинжуулалт өнөөгийн хурдаараа хийгдвэл 2025 он гэхэд хүн төрөлхтний дөнгөж 75 хувийг дархлаажуулна гэж тооцоолжээ.
Холбоотой мэдээ