НЭМЭЛТ:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаанхад дахь вакцинжуулалтын цэгт ажиллаж байна
Posted by Монгол Улсын Засгийн газар on Thursday, May 6, 2021
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрбээр энэ үеэр “Цаашдаа Тавантолгой дахь дотоодын цэргийн анги байгуулах шийдвэр гарсан. Өнөөдрөөс хилийн боомтууд хэвийн үйл ажиллагаанд орж байна. Өнөөдөр бид олон жил гацсан хоёр төмөр замын ажилтай танилцана. Жишээ нь Гашуунсухайтын төмөр зам 10 гаруй жил гацсан. Бид газар дээр нь танилцаад Гашуунсухайтын төмөр замыг ирэх жилийн зун ашиглалтад оруулах томоохон зорилт тавьж байна. Ингэснээр нүүрсний экспорт нэмэгдэнэ. Тавантолгой компанийг түшиглэн нүүрс угаах үйлдвэр барихаар ТЭЗҮ нь яригдаж байна. Нүүрсийг шууд гаргахын оронд нэмүү өртөг шингээх бодлоготой байна. Мөн Эрдэнэтийн үйлдвэрийг түшиглэн зэс баяжуулах үйлдвэр барихаар ярьж байна” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцахаар өнөөдөр /2021.05.06/ газар дээр нь ажиллаж байна. Гашуунсухайт хилийн боомтод Covid-19 халдварын тохиолдол илэрч, нүүрс, зэсийн баяжмалын экспортыг өнгөрсөн сарын 30-ны өдрөөс хойш тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаа юм.
Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр өчигдөр /2021.05.05/ Хятадын талд шинжилгээ өгчээ. Тэдний хариу бүгд сөрөг гарвал Гашуунсухайт хилийн боомтын экспорт, импортыг хэвийн үргэлжлүүлэх аж. Цаашдаа Гашуунсухайт хилийн боомтоор өдөрт 50 нүүрс тээврийн жолооч тээвэрлэлт хийх юм байна.
Хилийн боомтод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайд болон мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсэг гарч Хятадын талтай нүүрсний экспортоо сэргээх чиглэлээр ажиллаж байна. Тавдугаар сарын 4-ний байдлаар нийт 4621 жолоочоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, 1049 хүнийг вакцинд хамруулжээ. Үүний 948 нь вакцины эхний тунд хамрагдсан бол 101 нь хоёр дахь тунд хамрагджээ.
Холбоотой мэдээ