Ардын намынханд авах нэг том чанар бий. Яаж ч зодолдсон тогоон дотроо асуудлаа шийддэг, том эрх ашиг дээрээ нэгдэж чаддаг. Ардчилсан намынхан эсрэгээрээ албан тушаалын зодоондоо ард түмний нэрийг хавчуулдаг, ашигладаг, хувийн ашиг сонирхлоор нийлнэ, нэгдэнэ. Гудамжны зодооноо ардчилал гэж андуурдаг, эрх мэдлийн увайгүй хэмлэлдээнээ эрх чөлөө гэж эндүүрдэг. Ийм болоод л Ардчилсан нам өнгөрсөн 30 жилийн хугацаанд институци болж төлөвшиж чадсангүй.
Жишээ нь, М.Энхболд өөрийг нь УИХ-ын даргаас огцруулсан гээд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарт гомдоод намынхаа эсрэг ажиллаж, У.Хүрэлсүхийг шороотой нь хутгахын төлөө үй түмэн арга сэдээд явж байна уу, үгүй. Энэ бол хувь хүний ухамсараас гадна институцийн төлөвшилтэй холбоотой.
Тэгвэл өнгөрсөн хугацааны зангирсан өсөө тайлахын тулд Н.Алтанхуяг өөрийнх нь Засгийн газрыг заналтайгаар огцруулсан Х.Баттулгатайгаа хавсайдан Ардчилсан намыг ар өвөргүй “намнаж” байна. Яамрагийн бөхийг Монголын тэрбумтан, бүр Төрийн тэргүүн болгож өгсөн намаа шүү дээ.
СЕХ-ноос парламентад суудалтай гурван намын нэр дэвшигчийг бүртгэж авахдаа Ардчилсан намаас хуулийн дагуу нэг хүнийг нь бүртгэнэ гэсэн нэг л шаардлага тавьсан. Н.Алтанхуягийг С.Эрдэнэтэйгээ учраа олоод ир гэсэн биш нэг нь дүүжлүүлэхдээ тулж, нөгөө нь өлсгөлөн, суулт болцгоов.
Ардчиллыг өмчилдөг, “ард түмний” нэрийг барьдаг шигээ Ардчилсан намын бүлгийн гишүүд хөл хорионы үед хөсөр хаягдсан хүний эрхийн төлөө ядахнаа ганц удаа ганхийсэн бол яахав гэхсэн. Эмнэлгийн тусламж авч чадаагүй эмэгтэй 22 товчоон дээр нас барахад, 10 настай охин аав, ээжтэйгээ уулзаж чадахгүй амиа алдахад Ардчилсан нам хаана байсан бэ. Адаглаад л УИХ-ын сонгуулиар намынх нь нэр дэвшигчдийг шоронд ачаад явж байхад Ардчилсан намынхан алга л байсан.
Худлаа үнэн ч гэсэн Ж.Эрдэнэбатын шүүх хурлын үеэр намын хэдэн гишүүн гадаа нь очоод эсэргүүцэл илэрхийлээд зогсож байлаа. Гэтэл С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болорыг нь ачаад явж байхад Ардчилсан намаас хэн өмгөөлсөн юм бэ. Э.Бат-Үүлээс өөр дуугарсан хүн байхгүй шүү дээ.
Атал Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэнгүй гэж Ардчилсан намын 13 гишүүн эсэргүүцэл илэрхийлж, төв талбайд өлсгөлөн зарлаж сууна. Ардчилсан намын буянаар өлсөж үзэх нь байтугай, өндөр дээд сэнтийд үргэлж заларч явсан хүн шүү дээ, Н.Алтанхуяг гишүүн. Эрт урьдын цагт, эрх мэдэлтэй явахдаа Н.Алтанхуяг “Яасан их хууль ярьдаг юм бэ” гээд зогсож байсан хүн Цар тахлын үеийн хууль, Жагсаал, цуглааны тухай хуулийг зөрчих нь энүүхэнд байлгүй.
Хууль тогтоогчдод хууль дүрэм үйлчлэхгүй гэсэн үг, өгүүлбэр уг нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид байхгүй. Жирийн иргэн болон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг аль, аль нь хуульд захирагдах ёстой. Н.Алтанхуяг гишүүний нэр дэвших эрхийг СЕХ хууль бусаар хязгаарлсан үнэн бол хуулийн дагуу шүүх тогтоох болохоос өлсгөлөн зарласан болгоны талд үнэн, зөв байдаггүй л дээ.
Удирдлага нь задарч, жалгаар нэг тарсан Ардчилсан нам жинхэнээсээ ёроолгүй ангал руу живж оржээ. Ухсан нүхэндээ унасан ардчилагчид маань МАН-ыг харааж суухаар Ардчилсан намыг мөхөөж байгаа чухам үнэнээ олж харахгүй бол цаашдаа албан ёсоор Женко Ардчилсан намын “албат”-ууд болж хувирах байна шүү.
Тэр тусмаа Ардын намын шолоом болж байгаа бол Ардчилсан намынхан өөрсдөө буруутай гэсэн үг. Айлын ноход хэмлэлдэвч аюул ирэхээр нэгддэг. Атал Ардчилсан намын ноход эдүүрээ булаацалдаад хэмлэлдэж байна.
Үндсэндээ Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан хүмүүс Ардчилсан намын нэр нүүрээр УИХ-ын гишүүн болсноос Н.Алтанхуягийн дэмжлэгээр парламентад орж ирээгүй. Сонгогчид тэднийг Монголын ардчиллыг бэхжүүлж, МАН-д сайн сөрөг хүчин бол гэснээс Н.Алтанхуягийг дагаад өлсөөдөх гэж А.Адъяасүрэн, Д.Ганбат, Ц.Туваан нарыг сонгоогүй байх.
Н.Алтанхуяг огцорсноосоо, Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш байнга л МАНАН гэх мангастай тэмцэж байгаагаа сүр дуулиантай ярьдаг. Сүүлдээ үлгэртээ өөрсдөө итгээд ном хүртэл бичиж хэвлүүллээ. Авчиг монголчууд тэнэг биш. Жинхэнэ МАНАН нь тэд гэдгийг мэдэж байгаа.
2008 онд С.Баярын стандарт бус Засгийн газарт үнэт зүйл, үзэл бодлоо худалдаж орсон хүн нь Н.Алтанхуяг өөрөө байлаа. С.Баярын Хамтарсан Засгийн газарт Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайдаар нь ажиллаж байсан түүх бий. Тэгсэн хэрнээ Оюутолгойн гэрээг одоо муулаад л явдаг юм.
Өнгөрсөн хугацаанд МАН-тай хамтарч засаг барих болгонд АН-аас албан тушаалд алтан гадас шиг зоолтой явж ирсэн цорын ганц хүн мөн л Н.Алтанхуяг.
Тэгвэл У.Хүрэлсүхтэй хамтарч УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын эсрэг ажилласан Х.Баттулга өдгөө аврагчийн дүр хувирсан байна. Авааль эхнэр Ц.Энхтуяагаас эхлээд хавь ойрын хамаг хүмүүсээ нэр дэвшүүлж, Ардчилсан намын саналаас хувааж, Ардын намд тусласан нь Х.Баттулга өөрөө. Унасан бөх ууртай гэгчээр У.Хүрэлсүхэд муриулсандаа ухаанаа алдчихаад байгаа болохоос.
У.Хүрэлсүхтэй нийлж М.Энхболдыг унагаад эцэст нь С.Эрдэнийн намын бүлгийг Л.Болд, Ж.Батзандан хоёроор задлуулсан Х.Баттулгын балаг үүгээр дуусахгүй шинжтэй. Ардчилсан намын үүрийг нь эвдэж, Н.Алтанхуягаар шоргоолж шиг бужигнуулж байгаад өөрөө намын дарга нь болох санаархал цаана нь явж байгаа болов уу даа. Түүний дараагийн нүүдэл ингэж уншигдаж байна.
Ардчилсан намынхан өөрсдийгөө Монголын ардчилалын манлайлагчид, манаачид, идей тээгчид гэж үздэг. Гэвч, эсрэгээрээ Ардчилсан намынхан үзээд өгье гэхнээ үнэт зүйл, үзэл бодолгүй эгодоо идэгдсэн гудамжны хэдэн хулигаанууд болж хувирчээ. Тэд энэ эх захгүй зодоондоо иргэдийг аль болохоор татан оролцуулахыг хүсч байгаа нь Н.Алтанхуягийн өчигдрийн заналтай үг, Х.Баттулгын Ардын намыг тараах захирамждаа дурдсан "нийт ард түмэндээ хандсан" урилгаас нь илэрхий уншигдаж байна. Товчхондоо, Ардчилсан намын зовлон цаашдаа Монголын зовлон болж хувирах аюул бий болов.
Ардчилсан намыг “амьгүй албат” болгосон хүн Х.Баттулга байтал баастай бурхан мэт тахин шүтэж байгаа Ардчилсан намынхныг харахад “Нохой зассан хүндээ янаг” үнэн ажгуу.
Холбоотой мэдээ