Дэлхий даяар цар тахал тархсан эхэн үед европын орнуудад Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, тэнд амьдардаг монголчуудад хийх ажил олдохгүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Тэгэхэд хүмүүс Монголчуудаа өрөвдөж, “Азиуд коронавирус биш” гэх давлагаанд нэгдээд байсан. Ердөө жил гаруйн өмнө шүү дээ…
Гэтэл дотоодод халдвар бүртгэгдэж, хүн бүхэн дэргэдэх хүнээ вирус хэмээн харах хандлага ажиглагдав. Нөгөөх дэлхий даяар тархсан монголчуудаа өмгөөлж асан ард түмэн хажуудхаа хүртэл “хардаж” эхлэх нь тэр. Халдвартай нь батлагдан эмнэлэгт эмчлүүлж буй ээжийн хоёр хүү 14 хоног тусгаарлагдаад, олон удаагийн шинжилгээний дараа халдваргүй нь батлагдаж гэртээ иртэл байрны оршин суугчид нь эсэргүүцэж, гэрт нь оруулаагүй тохиолдол гарч байсан…
Монголчууд коронавирусын цар тахалтай нүүр тулаад багагүй хугацааг өнгөрүүллээ. Бид вирусийн талаар тодорхой ойлголттой болсон л баймаар. Гэтэл үгүй аж.
Баянзүрх дүүрэг таныг сонсож байна Call center 1900-1063 шууд утас ажиллуулж иргэдээ сонсож, эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж буй. Энэхүү утсанд хэдхэн өдрийн өмнө нэгэн дуудлага ирэв. 20 гаруйхан насны охин холбогдлоо. Тэрбээр “Миний шинжилгээний хариу батлагдаж, эерэг гарсан. Энэ талаараа мэдээд гэрийнхэндээ хэлтэл гадуур тэнэж яваад халдвар аваад ирлээ хэмээн уурлаж, над руу ариутгах бодис цацаад байна. Манайх есөн давхарт байдаг. Би амиа хорлоно” хэмээн уйлан ярьсан. Дүүргийн онцгой комиссын зүгээс шуурхай ажиллаж, охиныг эмнэлэгт хэвтүүлсэн, аварсан. Охин халдвар аваагүй байхдаа гэр бүлдээ хэн байсан бэ, халдвар авсныхаа дараа хэн болов гэдгийг шүүхээс өмнө түүнд Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх ашиг нь зөрчигдөж байгаад л асуудал байна. Халдвар авснаараа бусдад гадуурхагдаад, үүнийгээ дотроо тээсээр амиа хорлох замыг сонгоод энэ хорвоогоос явсан тохиолдол гарсан байхыг ч үгүйсгэх аргагүй…
Халдвар авсан иргэдийн ялгаварлан гадуурхах нь өөрөө халдварыг нуух эрсдэлийг бий болгож байна. Шинэ оны өмнө иргэд “Өдөрт зуу зуугаараа л халдвар авлаа гэх юм. Миний танилууд дунд коронавирусийн халдвар авсан хүн байна уу” гэх постыг түгээлт хийх давлагаа дэгдсэн. Магадгүй энэхүү постыг түгээсэн зарим хүн өөрөө халдвар аваад эдгэрсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь, ялгаварлан хадууралтад өртөхгүй гэсэндээ хүмүүс халдвар авснаа нуух тохиолдол их.
Өвөл, ойрын хавьтал болж буудалд тусгаарлагдан энэхүү явдлыг биеэр туулсан хүний хувьд хамгийн түрүүнд өөрт тохиолдож буй зүйлээ хэнд хэлэх вэ гэхээсээ өмнө хэнд хэлэхгүй вэ гэх бодол л толгойд эргэлдэж байсан. Хэчнээн халдвар аваагүй нь батлагдсан ч тусгаарлалтын дараа хэн надтай хэрхэн харьцахыг урьдчилж бодсон юм. Бас “Тусгаарлалтад байх хугацаанд нэг танил маань залгаад “Наана чинь гадагшаа янз бүрийн зүйл ярьж болохгүй гэж хэлдэг юм байна уу” хэмээн асууж байсан. Тухайн үед тийм зүйл байхгүй гэдгийг биеэр мэдэрсэн учраас хүмүүсийн толгойд халдварын хор нөлөөнөөс илүү ялгаварлан гадуурхалт гэх “тахал” илүү том байр суурийг эзэлж байгааг ойлгосон билээ.
Саяхан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх халдвар авч, эмчлүүлж байгаа талаараа лайв хийж ярьсан. Тэрбээр хэлэхдээ, “Коронавирусын халдвар авч батлагдсан тохиолдлын мэдээллийг нууцлах биш ил гаргах хэрэгтэй” хэмээн хэлж байв. Одоогийн нөхцөл байдалд мэдээллээ нууцлах нь халдвар тархах эрсдэлийг үүсгэж байгааг тэрбээр хэлсэн хэрэг. Өдөр бүр 1000-аас буухгүй шинэ тохиолдол бүртгэгдэж байхад хөл хорионы дэглэмийг сулруулах шийдвэр Засгийн газраас гаргасан. Ийм үед халдвар хаана гарсан мэдээллийг иргэдэд өгч байж л халдвараас хамгаалагдах нөхцөл байдал бий болох нь тодорхой билээ.
Нэгэн иргэн халдвар авсан талаараа мэдэж, шинжилгээ өгчээ. Ингээд батлагдаад эмнэлэг рүү явахдаа “Шинжилгээний хариу батлагдаад, эмнэлэг явлаа. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан лифтний товч, хаалганы бариул зэргээ бээлийтэй гараар бариарай” хэмээн бичээд орцондоо наагаад явжээ. Гэтэл эмнэлэгт эмчлэгдээд эргээд ирэхэд нь хөршүүдийнх нь бичсэн “Хурдан эдгээрэй” гэх бичгүүд хаалган дээр нь наалттай байсан аж. Мэдээллийг нууцлах тусам бусдад “хардаж, сэрдэх” нөхцөлийг үүсгэдэг бол нээлттэй, хариуцлагатай байх нь харин ч эргээд бусдын талархлыг хүлээдэг гэдгийг энэхүү үйл явдал харуулах аж.
Эх сурвалж: БЗД
Холбоотой мэдээ