Хятадын шинэ сансрын станцын хэсгийг тээвэрлэж сансарт гаргасан "Long March 5B" пуужингийн удирдлагагүй болсон 21 тонн жинтэй их бие энэ долоо хоногт /2021.5.8/ Нью-Йоркийн хүн амьдардаг бүсэд унаж болзошгүй хэмээн АНУ-ын Засгийн газар анхааруулжээ. АНУ-ын батлан хамгаалахын яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр пуужингийн үлдэгдэл агаар мандалд орж ирэх өдрийг энэ сарын 8 хэмээн таамагласан ч үүнээс өмнө унах газрыг нь нарийн тогтоох боломжгүй аж. Засгийн газар аюул дагуулж буй пуужингийн үлдэгдлийг үргэлж ажиглаж байгаа бөгөөд шинэ мэдээлэл гарах болгонд цаг алдалгүй мэдэгдэж байхаа амлажээ.
Пуужингийн удирдлагагүй болсон их биеийг "2021-035B" хэмээн нэрлэж байна. "2021-035B" нь 30м урт, 5м өргөн бөгөөд секундэд 6.5 км буюу хоёр цагийн дотор дэлхийг бүтэн тойрох хурдтай явж байгаа аж.
"Long March 5B" пуужин өнгөрсөн долоо хоногт Хайнаны Венчан пуужин хөөргөх талбайгаас хөөрч, Хятадын шинээр барьж буй сансрын станцын эхний хэсэг Тианхег сансарт хүргэсэн юм. Төлөвлөгөөний дагуу бол пуужинг үүргээ биелүүлмэгц газраас удирдан урьдчилан төлөвлөсөн цэгт аюулгүй буулгах ёстой байсан. Гэвч эвдрэлийн улмаас газраас удирдах боломжгүй болсон юм.
Өмнө нь "Long March 5B" буюу дээрхтэй ижил загварын пуужин хөөргөхөд үлдэгдэл нь мөн л удирдлагаа алдаж, дэлхийд унахдаа хэд хэдэн барилга сүйтгэж байв. Тодруулбал, үлдэгдлийн ихэнх хэсэг агаар мандалд шатаж дууссан хэдий ч олон хэсэг болсон металл хэсгүүд Зааны Ясан эргийн ойролцоо далайд буухдаа хэд хэдэн барилга сүйтгэжээ. Аз болж тухайн үед нэг ч хүний амь сүйдээгүй аж.
Харин энэ удаад удирдлагагүй болсон хэсэг дэлхийд буухдаа Нью-Йорк, Мадрид, Чили, Веллингтон, Шинэ Зеландад унах магадлал хамгийн өндөр байгаа аж. Хэдийгээр пуужингийн үлдэгдэл агаар мандалд ормогцоо газарт хүрэхийн өмнө ихэнх хэсэг нь шатаж дуусах ч үлдсэн хэсгүүд нь хүн суурьшсан бүсэд унавал хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах аюултай юм.
Энэ удаагийн нислэг бол Хятадын сансрын станцын ердөө эхний хэсгийг сансарт хүргэх нислэг байсан. Төслийг дуусгахын тулд дахин 10 удаа пуужин хөөргөх хэрэгтэй. Хятадын мэдээлж байгаагаар сансрын станцыг 2022 оны сүүл гэхэд байгуулж дуусах төлөвлөгөөтэй аж.
Эх сурвалж: DAILYMAIL
Холбоотой мэдээ