🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Wednesday, May 5, 2021
Гишүүдийн олонх цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзав
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн /ҮХЦ/ гуравдугаар дүгнэлтийн гуравдугаар асуудлыг хэлэлцэв. Дүгнэлтийг ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж танилцуулав.
-Та бүхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны 03 дугаар дүгнэлтийг танилцуулъя. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай,
-Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдааныг ҮХЦ-ийн гишүүн Г.Туулхүү даргалж, ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго, Ш.Солонго, Т.Нанзаддорж, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн даргаар Б.Баяржаргал нарыг оролцуулан ҮХЦ-ийн хуралдааны танхимд нээлтээ хийлээ. Хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцогт, Д.Отгонбаяр нар оролцсон. Монгол Улсын Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хүрэлцэн ирээгүй болно. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар МУ-ын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт 29.3, 30.3, 30.3, 30.4, 36.1, 36.3, 36.4, 36.5, 36.7, 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.9, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэг , зарим заалт, мөн зүйлийн 76.3 дахь хэсэг, 76.77.1-77.11 дэх хэсэг, 95.95.4, 5 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 95.3, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101 дэх хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8, 110.6, 7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.7,8 дахь хэсэг, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ. Үндэслэл,
- УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр МУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн 48.1 дэх хэсгийг шүүхийн үндсэн тогтолцоо, Улсын дээд шүүх, аймаг нийслэлийн шүүх, сум дундын дүүргийн шүүхээр бүртгэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг шүүн таслах төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан үйл ажиллагааны шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно. 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг тавыг шүүгчид шүүх дотроос сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлэн томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдалтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага томилох журмыг хуулиар тогтооно гэж өөрчлөн найруулж хуульд заасан хэсэгт заасан журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхийн шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэсэн зохицуулалтыг нэрлэсэн байна.
- УИХ-аас Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг 11.14-ны өдөр баталж нэгдүгээр зүйлд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг УИХ-аас баталсан хуваарийн дагуу батална гэж заасан. Энэ хүрээнд УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 9-ны өдрийн хоёрдугаар тогтоол гарган Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт баталсан бөгөөд тус хуулийн 3.1-т Шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус бие даасан байдлыг хангах талаарх нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах шимтгэлийг баримтлах. Мөн 3.1.1-т Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан хараат бус тогтвортой байдлыг хангах зорилгоор шүүгчид шүүх дотроосоо таван гишүүнийг сонгож, бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр сонгон шалгаруулж томилох. Мөн 3.2-т Шүүгчийн хариуцлагыг сайжруулах талаар нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална гээд 3.2.3-т Шүүгчид холбогдох институцээс тэнцвэртэйгээр бүрдүүлэх зарчмыг хуульчлах гэж заажээ. Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, нэмэлт өөрчлөлтийн гол үзэл баримтлалыг тодорхойлон дээрх хуваарийг гаргахдаа хууль тогтоомжийг боловсруулан батлахад баримтлах чиглэлийг тусгайлан заасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад заавал тусгагдсан хуульчлах агуулгыг илэрхийлсэн гэж ойлгож байна.
- Монгол Улсын Их хурлаар 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангах шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг тогтоох зэрэг харилцааг зохицуулах зорилго бүхий Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулахыг баталсан байна. Дээрх хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 95.4 дэх хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулсны үндсэн дээр УИХ-д томилохоор зааж, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.5, 95.6 дахь хэсэгт нэр дэвшүүлж томилох журмыг тогтоож тэдгээрийг сонгон шалгаруулах томилох ажиллагаанд хараат бус нээлттэй ил тод байдлыг хангах журмыг УИХ-ын холбогдох байнгын хороо энэ хуульд нийцүүлэн батлахаар хуульчилсан байна.
Үндсэн хуулийн цэцээс Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ томилж байгаа нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж дүгнэсэн юм. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан юм. УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн аваагүй тохиолдолд Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа өмнөх дүгнэлтээ хянан хэлэлцэнэ. Чуулганы хуралдаанд үг хэлсэн гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэц энэ асуудалд хянамгай хандаж, өмнөх дүгнэлтээ нягталж үзээсэй гэдэг байх суурь илэрхийлж байв.
Төр данхайж, төрийн алба хаагчдын тоо баялаг бүтээгчидтэй тэнцлээ
УИХ-ын чуулганы үеэр Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн мэдээлснээр Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд хөтөлбөрийн эдийн засгийн нөлөөллийн тооцооллыг гаргажээ. Тодруулбал, нэг жилийн хугацаанд төсвийн орлогод 450 тэрбум төгрөгийн нөлөө үзүүлэх бол төсвийн зарлагад /хүүгийн хөнгөлөлт багтсан/ 139.9 тэрбум төгрөгийн нөлөө үзүүлнэ гэх тооцоо гарчээ. Нийт дүнгээр нэг жилд 310 тэрбум төгрөгийн нөлөөлөл үзүүлнэ гэж үзжээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
-Манайхан сайхан тоо л хэлэх юм. Ажлын байрыг хадгалах 3 хувийн хүүтэй зээлд зорилтот бүлгийнхэн хамрагдаж чадахгүй, ажлын байраа хадгалж үлдэх аж ахуй нэгжүүд маш цөөхөн байна. Гэтэл та 120 мянган ажлын байраа хадгалах тооцоо гаргалаа гэж байна. Үүнийгээ жагсаалтаар нь гаргаж, нарийвчилсан тооцооллыг өгөөрэй. Бодитоор харж байж цар тахлын сөрөг нөлөөллөөс бид гарч эдийн засгийн эерэг нөлөөлөл айл бүрийн хаалгаар ороход л онцгойлон анхаарна шүү. Ирэх оны төсвийн төсөөллөөс харахад, эрүүл мэнд, боловсрол, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хүрэх үр дүн чанар, гүйцэтгэл, чанарт анхаарч санхүүжүүлнэ гэсэн байх юм. Ажлын байрыг хадгалахад МСҮТ маш чухал байгаа.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
-Төсвийн хүрээний мэдэгдлийг уншиж танилцлаа. Бидний хувьд жил жилийн төсөвт төсвийн хүрээний мэдэгдлийн сахилга батыг сайжруулах шаардлага байгаа. Төсөв нь нэг талдаа татвар төлөгчдийн мөнгө. Бидний хувьд төсвийн бодлого шинэчлэлийн асуудлаа зөв гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай. Ирэх жилүүдийн хувьд төсвийн орлого, өөдрөг төсөөллийн бодит байдал ямархуу байхыг хэлж мэдэхгүй байна. Бодит байдал дээр алдагдал тэнцлийн зөрүү их гардгаас болдог. Үүнтэй холбогдуулан урсгал зардалд цалингийн өсөлтүүд сүүлийн арван жилд 34 хувиар өссөн. Төр өөрөө данхайсан бүтэцтэй боллоо. Хүн амын 6 хувьд тэнцэх хэмжээний 200 мянга гаруй төрийн алба хаагчидтай боллоо. Баялаг бүтээгчидтэй тэнцэх хэмжээний төрийн албан хаагчидтай боллоо. Бидний хувьд ирэх гурван жилийн хугацаанд 2022-2024 онд цалингийн санг өсгөхгүй байх, орон тоог өсгөхгүй байх боломжтой юу. Үе шаттайгаар бууруулах зайлшгүй шаардлага бидэнд байна. Энэ асуудалд Сангийн яам дүн шинжилгээ хийж байгаа юу. Яаж төрийн институцийг бэхжүүлэх вэ, яаж төрийг чадварлаг болгоход цомхон төрийн алба хаагчидтай болох вэ. Үүнд, Сангийн яамнаас хэрхэн анхаарч байна. Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах, яаж үр ашгийг нь сайжруулах юм. Төрийн өмчит компаниудад засаглалыг нь төрөөс болон улс төрөөс сайжруулахгүйгээр хараат бус байх хуулийн зохицуулалт хийхгүйгээр төрийн өмчит компаниуд төсөв рүү төлөвлөрүүлж, орлогыг нэмэгдүүлэх гэсэн зүйл байхгүй. Тэрнээс биш төрийн өмчит компаниудаас татаас авдаг муу жишгээр бид явбал бүтэхгүй ээ. Энэ асуудалд Сангийн яам ямар байр суурьтай байна вэ?
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат
-УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн асуултад хариулъя. Бид төсвийн зарлага дотор урсгал зарлагын реформ шинэчлэлд сүүлийн гурван жил анхаарч ажиллаж байна. Үүнд бид өмнөх пракитикт зарлага хүчээр янз бүрийн байдлаар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж ирсэн нь үр дүнгүй болсон нь бий. Гэхдээ өнгөрсөн гурван жил бид гүйцэтгэлд нь уялдуулж санхүүжүүлнэ, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар нийт зарлагын 70 хувийг эзэлж байна. Төрийн алба хаагчдын орон тоо нэмэгдэж байгаа асуудал их байгаа ч бид төрийн үйлчилгээг ил тод нээлттэй шуурхай болгоно. Үүнд гүйцэтгэл дээр санхүүжүүлэхээр аяндаа зөв бүтэц рүү орно. Санхүүжилтийн зөв механизмыг бүрдүүлж байж л бид шинэчлэлийг авч явах байдлаар ажиллаж, УИХ-аар хэлэлцүүлж эхэлж байна. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын цалингийн систем 2019 оноос хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ системийг зөв болгож байж төрийн алба хаагчдын тоо оновчтой, алба хаагчдын тоог хязгаарлах, нэмэгдүүлэхгүй байх бодлого шинэчлэлийн ажлуудын тодорхой үе шаттай хэрэгжүүлж, эхнээс нь үр дүн нь гарч байгаа. Төрийн өмчит компаниудын үр ашигт Засгийн газар, Сангийн яамнаас 2021 оны төсөв батлуулахаас шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ асуудалд Сангийн яамнаас анхаарал хандуулж ажиллаж байна. Хамгийн гол шинэчлэл нь төрийн өмчит компаниудад чиг үүрэг, бүтцийг нь шинэчлэн зохион байгуулж ил тод болгоно. Хариуцлагатай болгох, үр ашгийг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна гэх тайлбарыг өглөө.
Хариуд нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дахин тодорхой хариулт хүслээ.
-Ирэх жилүүдэд цалингийн санг өсгөхгүй байх боломж байгаа юу? Орон тоог өсгөхгүй байх боломж байгаа юу. Баялаг бүтээгчидтэй тэнцэх хэмжээний төрийн алба хаагчидтай улс орон Монголоос өөр байхгүй шүү. Нөгөөтэйгүүр төрийн өмчит компаниудын асуудалд “бөөрөнхий” л асуудал ярьж байна.Хамгийн гол нь, улс төрөөс хараат бус байх реформ хийх ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг цаашид хэрхэх вэ? хэмээв.
Түүний асуултад Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат дараах хариултыг өглөө.
-Сангийн яам сүүлийн гурван жилийн хугацаанд төрийн алба хаагчдын орон тоог аль болох нэмэхгүй бодлого баримталж байна. Үүнийг давтан хэлж байгаа нь төсвийн зарлагын реформыг гүйцэтгэлд нь уялдуулан санхүүжүүлэхэд улмаар бүтэц нь оновчтой болно. Бид төрийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэхгүй аль болох хязгаарлаж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай шинээр баригдаж буй сургууль, эмнэлэг, цэцэрлэгтэй холбогдуулан зайлшгүй хүн амын тооны өсөлтөөс шалтгаалан зайлшгүй төрийн алба хаагчдын орон тоо нэмэгдэх асуудал байгаа. Үүнд бид гүйцэтгэлтэй нь уялдуулан хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, санхүүжүүлэх, шинэчлэлтэй холбоотой ажлуудыг хийж байгаа. Төрийн өмчит компаниудад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй санал нэг байна. Бид улс төрөөс ангид төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа нь ил тод байх ёстой.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
-Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс Засаг захиргаа, нэгжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. Үүнд Төсвийн тухай хуульд зарим зүйл заалтад өөрчлөлт оруулж, орон нутгийн нэлээд санхүүжилт үлдээхээр болсон. Төсвийн орлого хувь хүний орлого, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас та бүхэн тооцоолол хийсэн үү?
СЯ-ны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат
-УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуултад хариулъя. Засаг захиргаа, нэгжийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан бид төсвийн хүрээнд тооцоолол хийж байгаа. Орон нутагт орлогын эх үүсвэр нь шилжсэнтэй холбогдуулан зарим зарлагын асуудалд Засгийн газар ажлын хэсэг гарч ажиллаж байна. Нөгөө талаас төсвийн тэнцэл талаас нарийвчилан судалж ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
-2022-2024 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөлөлд жилд нэг их наяд төгрөг 300 гаруй сая нэмэгддэг. Гэтэл Монгол Улсын төсвийн орлого нэмэгдүүлэх боломж асар өндөр байгаа. Тухайлбал, улсын эдийн засгийн гүйлгээг харахад томоохон мөнгөний урсгал асар өндөр. Далд эдийн засгийг ил болгох чиглэлд 13.2 их наядыг нэмэгдүүлэх чиглэлд ямар боломж байна. Зарлагын дээд хэмжээг 14 их наяд 852 тэрбум гэж тооцжээ. Үүнээс харахад зарлагын жагсаалт нарийвчлалтай гарсан гэж үзэж байна. Зарлагыг эрэмбэлэх чиглэлд юу хийхээр төлөвлөж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл 2022 нь мөнгөний бодлоготой хэрхэн уялдах вэ. Зэсийн зах зээлийн үнэ дэлхийн зах зээлийн үнэтэй уялдаж чадаж байна уу. Би чадахгүй л байна гэж харж байна. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнийг хүргэх чиглэлд хэрхэн анхаарч байна вэ.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
-УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн асуултад хариулъя. Ирэх 2022 оны орлогын төсөөлөлд орлогын эх үүсвэрүүдээ гаргасан. Тодруулбал, төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр орлогоо дайчилъя гэж тооцож байна. Мөн эрдэс баялагийн бирж байгуулж уул уурхайн бүтээгдэхүүний үнийг дэлхийн жишигт хүргэх, арилжааг олон улсын жишиг нийцүүлэх шинэчлэл хийснээр үнэ нь ил тод болж, тогтох. Үүнийг дагаад орлого нэмэгдэх боломжтой. Мөн татварын хяналтыг чангаруулснаар суурийг нь өргөжүүлнэ гэж үзэж байна. Дараагийн нэг асуудал нь, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг үе шаттайгаар бууруулж, төлсөн татварыг буцаан олгох замаар дэмжлэг үзүүлэх зарчмыг тууштай хэрэгжүүлнэ. Энэ бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр бид ирэх жилүүдийн төсвийн орлого бүрдүүлэхэд тодорхой үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх бололцоотой хэмээн тооцоолол гаргасан байгаа юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүд асуулт асууж дууслаа. Дараа нь УИХ-ын гишүүд үг хэлэв.
-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
-Одоо бид ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэж ярихаас илүүтэй танхимдаа МСҮТ-ийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил сургалтыг бэлдэх талаар баазаа бэлдье. Та бүхэн төсөв оруулж ирэхдээ маш сайн тооцоотой оруулж ирээрэй. Сангийн яам татвар хураалтыг сайн ажиллуулах хэрэгтэй байна. Байгалийн баялаг ашигласны, малын хөлийн татвар, ус ашигласны төлбөрүүдээс харахад татвар хураалт хангалтгүй байна. Татварыг олон чиглэлээр өргөн хүрээтэй бүрдүүлэх бололцоотой байхад Татварын алба хангалтгүй ажиллаж байна. Тиймээс бид боломжуудаа алдахгүй байх нь чухал байна.
-УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
-Монгол Улсын хөгжлийн потинциал өндөр. Үүнийг бид сайн харж ажиллах шаардлагатай. Дутуу дулимаг харж болохгүй. Төсвийн орлого 13 их наяд төгрөг гэдэг их бага. Бид төсвийн орлогыг өөрсдөө өөдрөг сайн харж байж хөгжинө. Дутуу дулимаг харвал сайн үр дүн гарахгүй гэж тооцож байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг мөнгөний бодлоготой авч үзэх шаардлагатай. Би асуултад хариулт авч чадсангүй, дахин асууна. Монгол Улсын хөгжлийн гарцуудын нэг нь стратетигийн томоохонд ордуудад төрийн өмчит компаниуд байгуулж төсөвт орлого төвлөрүүлэх боломж байна. Эрдэнэт үйлдвэр ТӨХК Монголын эдийн засгийг 30 жил авч явлаа. Уул уурхай, ашигт малтмалаас авч буй татварыг дэлхийн хэмжээнд хүргэх шаардлага байна.
-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
-УИХ-ын гишүүд төлөвлөлт судалгаа шаардаж байгаа нь Сангийн яам судалгаа тооцоотой мэдээлэл өгөхийг хүлээж байгаа юм. Ер нь зарлагаа хязгаарлаж чадахгүй хүн, улс хөгжихгүй. Төсөв 17 их наяд хүртэл томорлоо, хэн хожив. Иргэд аж ахуй нэгжүүд ямар үр ашиг хүртэв. Төр л данхайгаад байна, ирэх жилийн зардлыг суулгахдаа манай улсын төсөв зардлыг нь даахгүй гэдгийг л хэлэх ёстой. Дагаад гарах урсгал зардлыг хэн даах вэ. Хөрөнгө орлогын зардлуудыг улс оронд бодит үр өгөөжөө өгдөг зүйлд зарцуулаач. Үүнийг бид анхаарах ёстой, судалгаатай ярих ёстойг жил бүр УИХ-ын гишүүд нэхдэг болно.
-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
-Төсвийн хүрээний мэдэгдлийг хуулиар зургадугаар сарын 1-нээс өмнө батлах ёстой. Бид төсвийн хүрээний мэдэгдлийг батлах явцад төсвийн шинэчлэлтэй холбоотой асуудалд ярилцаж тогтох ёстой. Ярьж ярьж байгаад л төсөв баталдаг. Төсвийн шинэчлэлт дотор зардлын шинэчлэл хийх хэрэгтэй. Зардлаа бууруулах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Ирэх 2022-2023 он эдийн засгийн хувьд боломжийн байна гэж үзэж байгаа юм. Экспортын гол бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд тогтвортой бөгөөд өсөлттэй байх прогноз байна. Энэ бол сайн тал. Нөгөө талдаа ирэх гурван жилд бид өмнө нь авсан бондуудын өрийг төлнө. Нийт 4.7 тэрбумын өр төлнө. Нийт 14 орчим их наяд гэсэн үг. Энэ өрийг төсвийн орлогыг нэмэгдүүлж, хуримтлал бий болгож төлөх ёстой. Тиймээс биш өрийг өрөөр, зээлийг зээлээр төлөөд байж болохгүй. Бид зарлагын томоохон шинэчлэлт хийх ёстой болж байгаа юм. Мөн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид хөрөнгө оруулалтад цамаан загнаж байна. Цаашид улсын хэмжээнд макро түвшний томоохон тулгамдсан дэд бүтцийн шинжтэй цаашид мөнгө олдог хөрөнгө оруулалт бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалд чиглэсэн хөрөнгө оруулалт хийгээд байдаг ч зарлага болж байгаа юм. Мөн ирэх жилүүдэд төсвийн алдагдалгүй болох чиглэлд анхаарах ёстой.
Байнгын хорооны саналаар Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх төслийг дэмжих нь зүйтэй хэмээн гишүүд дэмжиж, Төсвийн Байнгын хороонд шилжүүллээ.
Засгийн газрын нийт өр ДНБ-ний 62.3 хувьтай тэнцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр цар тахлын дараа өрхийн амжиргааг дэмжих чиглэлд илүү анхаарал хандуулна гэдгийг онцлов. Энэ хүрээнд Засгийн газраас эдийн засгаа сэргээх 10 их наядын бодлого хэрэгжүүлж байгаа юм. Мөн татвар хураамжийг бууруулах талаар томоохон ажил хийхээр төлөвлөжээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
-Дэд сайд асуултаас бултлаа, Г.Батхүрэл даргаас шууд асууя. Бид 2020 оны тавдугаар сард УИХ-ын 45 дугаар тогтоол баталсан. Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлж 2020 оны аравдугаар сарын 1-нд өргөн мэдүүлье гэсэн. Та өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хөгжлийн бодлого төлөвлөгөөг нийцүүлээгүй орж ирсэн. Мөн энэ оны нэгдүгээр сард УИХ тогтоол баталж, 3 дахь заалтын дагуу Засгийн газар үүрэг өгсөн. Гэвч байхгүй. Яагаад бидний баталсан хуулийн зарим нь хэрэгждэг, зарим нь хэрэгждэггүй вэ. Засгийн газраас Сангийн яаманд тусад нь нэг асуудал оруулж ирж байгаа бол яая гэх вэ. Яамдын бодлого зөрж гэж ойлгох. Гэтэл Засгийн газар нь хуралдаж нэгтгээд УИХ-аар баталсан хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх ёстой.
Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл
-УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуултад хариулъя. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлага зохицуулалтын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Энэ дагуу УИХ-ын тогтоолоор өгсөн үүргийн дагуу бусад холбогдох хуулийг энэ оны бусад хуульд нийцүүлэх ажил хийгдэж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт үндсэндээ Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний зохицуулалтын тухай хуульд нийцүүлэх ажил дууссан гэж ойлгож байна. Хуульд төсөв хэрхэн уялдах вэ гэдэг заалт заагдсан байгаа. Уг хуулийн төслийн 6.13-т заагдсан. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдлийн дараа Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн намар жилийн улсын төсвийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байхыг Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлага зохицуулалтын тухай хуулийн 6.10.3-т заасан. Энэ хуулийн зохицуулалтын дагуу намар улсын жилийн төсвийн төлөвлөгөөтэй уялдуулсан ажлууд хийгдэж байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам
-Нэгдсэн төсвийн орлогын төсөөлөл өөдрөг байна. Мэдээж түүхий эдийн үнийн өсөлт, дэлхийн эдийн засгийн үнийн өсөлт зэрэг шалтгаанууд бий. Үүнийг дагаад зарлагын төлөвлөгөө өндөр байна. Гэхдээ цар тахлын эрсдэл бидний харж байгаагаас удааширвал бидний төсөөлж байгаагаас том эрсдэл төсөвт тусна, өндөр алдагдалтай. Дээр нь бидний өрийн асуудал нэмэгдэж хурцаар яригдна гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын нийт өр та бүхний өгсөн танилцуулгад 27.9 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 62.3 хувьтай тэнцэж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 10.9.3-т 2022 оны төсвийн жилээс эхлэн 62.3 хувиас хэтрэхгүй хэмээн заасан байна. Ирэх жилээс өрийг барагдуулах талаар ямар бодитой арга хэмжээ авах вэ. Засгийн газрын баталгаа гаргасан хэд хэдэн зээл байна. Эрдэнэс Монгол компани, МИАТ компанийн зээл зэрэг байна. Эдгээр компаниуд зээлээ барагдуулж чадахгүй бол төсвөөс өрийг төлөх болно. Энэхүү эрсдлийг хэрхэн тооцож байна. Төсвийн зарлагын шинэчлэл, реформ ялангуяа эрүүл мэнд, боловсрол, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хийх ажлууд маш зөв санагдаж байгаа.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
-УИХ-ын гишүүн Ч.Ундрамын асуултад хариулъя. Төсвийн хүрээний мэдэгдлийг том зургаар харж байгаа. Үүнд үндэслэн ирэх намар ирэх оны төсвийг хэлэлцэх учраас илүү нарийвчлалтай асуудлуудыг хэлэлцэнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өрийн дээд хязгаарыг хуульчилсан. Сангийн яам өрийн дээд хязгаарт ирэх онуудыг өрийг барина гэсэн бодлого баримталж байна. Нөгөө талаас өрийн удирдлагын стратегийн баримт бичиг байдаг. Энэ бичиг баримтад өрийн асуудлуудыг ямар байдлаар зохицуулах талаар тодорхой зааж өгсөн. Энэ утгаараа бид өрийн асуудлыг бууруулах зорилт барьж ажиллаж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
-Бид 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023 оны оны төсвийн төсөөллийн тухай маш чухал асуудлыг хэлэлцэж байна. Уг нь эл асуудалд Сангийн сайд байх үеийг тааруулж хэлэлцэх ёстой шүү. Өнөөдөр гадаад, дотоодгүй түүхий эдийн үнийн өсөлтийн үе ирж байгааг хэлж байна. Гэтэл манай улсын уул уурхай салбар, байгалийн баялаг маань бидний төсөв бүрдүүлдэг, гол салбар байхад бид энэ цикльд хэр бэлэн байна вэ. Өнөөдөр төсвийн төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлээс харахад хангалтгүй байна, эсвэл товчхон байгаа юм уу. Өнөөдөр инфляц 6 хувь, эдийн засгийн өсөлт 7.6 хувь гэж эерэг төсөөлөлтэй байна. Энэ эерэг төсөөлөл айл бүрт эерэгээр нөлөөлнө, хэчнээн шинэ ажлын байр бий болгох, хуучин ажлын байрыг хадгалах нь цар тахлын дараа яригдна. Тэгэхээр эдийн засгаа дэмжих бодлогын хүрээнд 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх эргээд цар тахлын өмнөх түвшинд авчрахад чухал нөлөөтэй гэж хэлж байна. Одоогоор хэчнээн шинэ ажлын байрыг бий болгосон бэ. Хэчнээн ажлын байр нэмэгдүүлэх тооцоо байна. Хуучин ажлын байр хэдийг хадгалж байгаа вэ? гэдэгт тодорхой мэдээлэл өгөөч. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал гээд төсвийн 70 хувийг бүрдүүлдэг. Үүнийг нэлээд танаж байгаа юм байна.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
-УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуултад хариулъя. Ер нь төсвийн бодлого, мөнгөний бодлогын уялдааг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд ажлын байрыг хадгалж үлдэх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Энэ цогц төлөвлөгөө нь 56 арга хэмжээтэй. Эдийн засаг, эрүүл мэндийн чиглэлээр багцалсан арга хэмжээнүүд юм. Үүний нэг арга хэмжээ нь, ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл. Энэ хүрээнд өнгөрсөн даваа гаригийн байдлаар 648.7 тэрбумын зээлийг 9400 зээлдэгчид олгож, 25399 ажлын байрыг хадгалж байна гэсэн тооцоо гарсан. Мөн шууд бус санхүүжилтийн хүрээнд 15 мянга орчим ажлын байрыг бид хадгалж байна. Түүнчлэн ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн цаана барилгын компани, туслан гүйцэтгэгч компани зэрэг барилгын салбарын ажлын байрыг хадгалдаг. Дам нөлөөтэй 39500 ажлын байрыг хадгална гэсэн дүр зураг байна. Ер нь 10 их наядын цогц төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр бид 120 мянган ажлын байрыг хадгална гэсэн зорилт дэвшүүлээд байга юм. Цар тахлын үед шинэ ажлын байр нэмэгдүүлэх бололцоо бага. Харин байгаа ажлын байраа хадгалах нь бидний зорилт юм. Тэгэхээр 120 мянган ажлын байрыг бид хадгална.
Эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрчээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрчээ. УИХ, Засгийн газраас цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор төсвөөс 2020 онд 2.4 их наяд төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан. Харин 2021 онд 2.7 их наяд төгрөгийн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Мөн төсөв, мөнгөний бодлогыг оновчтой болгох, Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Дунд хугацаанд ил тод, цахим төсвийн бодлогын эрс шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн.
Эдийн засгийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр дунд хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий 2 хувьд хүрч буурна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж тооцжээ.
Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцууллаа.
-Засгийн газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо энэ оны тавдугаар сарын 4-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагч тухайн жилийн төсвийн хүрээний үндсэн бичиг баримт болох дунд хугацааны мэдэгдлийн төсвийн тусгай шаардлагад нийцүүлж, төсвийн бодлого зорилтыг дунд хугацаагаар тодорхойлж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд эдийн засгийн төлөв байдал, тодорхой аргачлалын дагуу дунд хугацаанд төлөвлөж төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу хуулийн төслийг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Амартүвшин, Х.Бадальхан, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн нар асуулт асууж хариулт авсан болно. Хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
-Хэрэглээний үнийн өсөлтийг 6 хувиар тооцсон байна. Цар тахлын дараа инфляцийг хэрхэн барих вэ. Мөн 2015 оноос хойш ДНБ-ий өсөлт маш бага байна. 2016 оноос хойш төсвийн хөрөнгө оруулалтын зардалд 13 их наяд төгрөг зарцуулсан. Төсөв данхайж, урсгал зардал нэмэгдээд байдаг. Хөрөнгө оруулалтын зардал үр ашиггүй байна. ДНБ яагаад өсөхгүй байна. Үүнийг Сангийн яам юу гэж бодож байна. Шинэ яам байгуулагдах ёстой.
Үүний хариуд Сангийн яамнаас “Инфляц сэргэж эдийн засаг 2020 онд сэргэж, 5.3 хувьтай гарсан. 2021 онд 7.6 хувиар өссөн. Үүнтэй уялдуулан эрэлттэй холбоотой инфляцад дарамт ирэх нь ойлгомжтой байна. Эдийн засгийн өсөлтийн хувьд 7.6 хувь гэж тооцож байна. Дэлхийн эдийн засаг 2020 онд 3.3 хувиар буурсан ч эргээд 6 хувиар сэргэнэ гэж Олон улсын вальютын сангаас гаргасан. Мөн Хятадын эдийн засаг 8 хувиар сэргэх тооцоо байна. Үүнтэй уялдуулан манай гадаад зах зээлд түүхий эдийн үнэ харьцангуй өндөр байна гэж таамаглаж эдийн засаг 2021 онд 7.6 хувиар өснө гэж тооцож байна" гэв.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Төсвийн хөрөнгө оруулалтын зардал байгаа онохгүй байгааг Сангийн яамныхан анхаараарай. Улс орнуудын туршлагаас харахад төсвийн бодлогоор иргэд, аж ахуй нэгжүүдээ дэмжиж байна. Төсвийн орлогыг үр ашигтай зарцуулмаар байна. Ядахдаа Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг халамж руу явуулах хэрэггүй” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг
-Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон төлөвлөлтийн тухай хуулиудаар эдийн засаг нийгмийг жилийн хугацаанд хөгжүүлэх тухай хууль УИХ батлах ёстой. Энэхүү нэг жилийн хугацаатай төлөвлөгөөг УИХ-аар батлуулсны дараа төсвийн хүрээний мэдэгдлийг ярих нь зүйтэй гэж үзэж байна. Гэтэл жилийн төлөвлөгөө яригдахгүй байна. Энэ ямар учиртай вэ? Хоёрдугаарт, 2022 онд Засгийн газрын үйл ажиллагаанд тусгасан томоохон зорилтууд төсвийн хүрээний мэдэгдэлд хэрхэн тусч байгаа вэ. Төсвийн хүрээний мэдэгдэлд 2022 онд иргэд аж ахуй нэгжийг дэмжихэд ямар бодлого тусгаж байна вэ?
Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл
-Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлага зохицуулалтын тухай шинэ хуулиар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэл жилийн үндсэн төлөвлөгөө болж өөрчлөгдсөн. Өмнө нь жилийн үндсэн чиглэлийг Сангийн яам хариуцдаг байсан бол Үндэсний хөгжлийн газар хариуцаж ажиллаж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
-УИХ-ын гишүүн С.Чинзориг маш чухалт асуулт асууж Г.Батхүрэл дарга “бөөрөнхий”-лөөд л хариулчихлаа. Тэгэхээр Монгол төрийн бодлого ямархуу байдалтай хэрэгжиж байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Бид Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад хөгжлийн бодлоготой, Монгол Улсын төрийн санхүү зээл, татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засгийн нийгмийн хөгжлийн бодлого үндсэн чиглэлийг тодорхойлж Үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв түүний тайланг батална гэж Үндсэн хуульд оруулцан. Үүгээр бид хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд төсвийн бодлого нь мөнгөний бодлогод чиглэнэ гэсэн агуулгыг өгсөн. Төрийн бодлого нь урт дунд богино хугацаанд уялдаатай Үндэсний хэмжээний бүс нутгийн, орон нутгийн хоорондоо уялдаатай Сангийн яам, Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар бодлогоо уялдуулах ёстой. Үүнийг хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан. Хуулийн 6.13-т Улсын төсөв нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна гэж заасан. Хөгжлийн төлөвлөгөө буюу орон нутгийн төсөв нь богино хугацаанд буюу нэг жил байна. Урт хугацааны алсын харааг нь заагаад өгчихсөн. Гэтэл одоо оруулж ирэхдээ Хөгжлийн бодлого гэдэг зүйлээ хаячихсан, төсвийн бодлого орж ирж байгаа юм. Өмнө нь төсвийн бодлого мөнгөний бодлого хоорондоо уялддаггүй байсан. Одоо уялдах шаардлагатай байна. Уг нь бид хуульдаа нийцүүлсэн ч бодлого нь хууль нь хэрэгжихгүй байна. Хууль хэрэгжихгүй болохоор нь тогтоолоор дахин мэдэгдэл өгсөн. Гэтэл тус тусад нь хаячихдаг, бидний үг үйлдэл зөрдөг, бодлого хэрэгждэггүй. Энэ алдааг л засах гээд байгаа юм.
Монголбанкны зөвшөөрлөөр нэг цахим мөнгө нэг төгрөгтэй тэнцүү байхаар гаргаж болно
УИХ-ын чуулганы хуралдаанаар Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах зармын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дөрөвдүгээр зүйлийг өөрчлөн найруулах.
- 1 Банк, эрх бүхий хуулийн этгээд нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрхзүйн байдал нь тодорхой болсон этгээдэд үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална.
- 1.1 Үйл ажиллагааны нууцлал, аюулгүй тогтвортой байдлыг хангах
- 1.2 Харилцагчид үйл ажиллагааны талаарх ерөнхий мэдээлэл, зөвлөгөөг өгч ил тод байдлыг хангах
- 1.3 Талуудын тэгш оролцоог хангах
- 1.4 Хувийн ашиг сонирхлоо харилцагчийн ашиг сонирхлоос дээгүүр тавихгүй байх
- 1.5 Хууль тогтоомжид заасны дагуу шаардлага хангасан харилцагчид үйлчилгээ үзүүлэх.
Энэхүү саналыг хуралдаанд оролцсон 62 гишүүдийн 36 нь дэмжиж 62.9 хувийн саналаар дэмжив.
УИХ-ын дарга Г.Занданшатар
Цахим мөнгө гэдгийг тодорхойлж байгаа юм уу. Цахим мөнгийг хуульчилж байгаа юм уу. Харилцах данс гэж банк гэрээний үндсэн дээр цахим мөнгө гаргах зөвшөөрөл олгоно гэсэн үг үү?
Монголбанкны Банк санхүүгийн хэлтсийн захирал Мөнх-Ундарга
-Цахим мөнгөтэй холбоотой харилцааг Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар зохицуулсан. Монголбанкнаас зөвшөөрсөн тохиолдолд нэг цахим мөнгө нэг төгрөгтэй тэнцүү байна гэсэн тодорхойлолтоор Монголбанкны зөвшөөрлөөр гаргаж болно.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
-Хуулийн төсөлтэй танилцахад бүхэлдээ нэг тал буюу банкны эрх ашгийг тусгасан. Тухайлбал, 4.1.3 банк эрх бүхий хуулийн этгээд тэгш оролцоог хангана гэсэн зарчмыг баримтална гэсэн байгаа юм. Гэтэл цахимаар үйлчилгээ үзүүлэхэд бодит байдал дээр хэрэгжихгүй байна гэдгийг олон хүн хэлдэг. Харилцагч хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаална хэмээн тунхаглаж байгаа ч хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд яаж залгамжлах вэ. Энэ бол өнөөдөр тодорхойгүй. Цаашид яривал нэлээн тодорхойгүй асуудлууд байна. Үүнийгээ анхаараач. Банкны эрх ашгийг хамгаалсан хуулийн төсөл болох гэж байгаа учраас санаа зовж байна.
Үргэлжлүүлэн Банк эрх бүхий мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл .ажиллагааны тухай хуулийн төслийн долдугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлгийн баримт гэснийг шилжүүлэг гэх, тоон гэснийг цахим хэмээн өөрчлөх санал гаргалаа. Уг хуулийн төслийг 58.1 хувийг саналаар дэмжив. Мөн хуулийн төслийн наймдугаар зүйлийг өөрчлөн найруулах
- 1 Банк эрх бүхий хуулийн этгээд нь хадгаламж болон зээл төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн шилжүүлгийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо өөрийн чиг үүргийн хүрээнд батална
- 2 Энэ чиг үүргийн үйл ажиллагаанд заасан ерөнхий нөхцөлд банк хуулийн этгээдээс иргэн хуулийн этгээд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хуулийн этгээдэд хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээний нөхцөл талуудын эрх үүрэг журмыг тусгасан байна. Уг хуулийн төслийн наймдугаар зүйлийг өөрчлөн найруулах саналыг 40 гишүүн дэмжиж 65.4 хувиар дэмжив.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
-Банк эрх бүхий мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, шинэчилсэн найруулгатай холбоотой үгээ хэлье. Цахим мөнгөний тухай хууль гараагүй байхад цахим мөнгө хуульчилж болохгүй. Цахим мөнгө гэсэн хэсгийг авч хая. Хадгаламж зээлийн хоршооны араас орох вий. Үүнийг мэргэжлийн хүмүүс нь анхааруулаад байгаа шүү. Цахимаар асуудлаа шийднэ гэсэн үг биш. Цахим мөнгийг зөвшөөрөх тухай асуудал бол эхлээд хууль, эрхзүйн зохицуулалтаа шийдэхгүй бол болохгүй шүү.
Банк эрх бүхий мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийн есдүгээр зүйлийн гарчгийн төлбөрийн гэснийг харилцах зээлийн гэж өөрчлөх, мөн есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, төлбөрийн болон хадгаламжийн гэснийг хадгаламж харилцах болон зээлийн гэж, 9.7-д ажлын 10 хоногийн гэсний 5 гэж тус тус өөрчлөх. Энэхүү саналыг 63 гишүүдийн 36 нь дэмжиж санал дэмжигдэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа
-Хуулийн 9.11-т заасан “Төр өөрийн өмчийн мөнгөн хөрөнгийг зөвхөн Монголбанкинд байршуулна” гэж байгаа. Төрийн өмчийн мөнгөн хөрөнгө гэдэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн хөрөнгөн сан, эрүүл мэндийн даатгалын мөнгөн хөрөнгөн сан заавал Монголбанкинд байршуулна гэж ойлгож байгаа. Өнөөдөр энэ мөнгийг арилжааны банкуудад байршуулж байгаа нь эдийн засагт том нөлөөлөл үзүүлж байна. Хэрэв зөвхөн Монголбанкинд байршвал хүү бодогдохгүй байршина гэж ойлгож байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн хэлсэн саналыг ажлын хэсэг хэлэлцээд хуулийн төслөөс хассан юм. Тэгэхээр төрийн өмчит байгууллагуудын мөнгөн хөрөнгө, эрүүл мэндийн байгууллагуудын мөнгөн хөрөнгийг Монголбанкинд байршуулна гэсэн асуудал хуулийн төсөлд ороогүй. Мөн хуулийн төслийн 9.5-д харилцагчийн талаарх мэдээлэл өгөөгүй бол хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт орсон юм.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
-Их хурлын даргаа та Хойд Солонгосын парламент биш биз! Яагаад бидний үг хэлэх эрхийг хаагаад байгаа юм. Та 76 гишүүний аав нь. Ардчилсан намын 13 гишүүд нь хойд эцгийн хүүхдүүд юм уу бид. Хүний микропоныг хааж байна, улс төрийн эрхээ эдлэх УИХ-ын чуулганд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь бидний бүрэн эрх. Үнэхээр харамсч байна шүү Г.Занданшатар дарга аа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
-Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь дэмжиж байна. Хуулийн заалттай холбоотой цар тахлын дараах улс орнуудийн эдийн засгийн нөхцөл байдал, ажиллах арга техник өөрчлөгдөхөөр байна. Ялангуяа өнөөдөр 90 гаруй мянган аж ахуй нэгж маш хүнд нөхцөлд орчихоод байна. Дээрх дурдсан шиг эл хуулийн төсөл нь банкны эрх ашгийг хэт анхаарч, хатуу зүйл заалтууд тусгачихсан байна.
Ш.Адьшаа
УИХ-ын чуулганы үеэр хуралдаан явуулах боломжгүй нөхцөл үүсгэсэн хэмээн УИХ-ын гишүүн Ш.Адьшааг 18.1, 18.2, 18.3-т заасны дагуу гаргахаар болов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа УИХ-ын гишүүнээс татгалзах санал гаргалаа.
Д.Ганбат: Та нар 14 тэрбумаар тоглоо биз дээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Банк эрх бүхий мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан зээлийн хүүгийн асуудлаар УИХ-ын гишүүдийн саналыг сонсов. Харин УИХ-ын зарим гишүүд хуулийн төслөөс өөр асуудалд байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан
-Нэг л өглөө сэрэхэд цэрэгжсэн улс болчих юм уу. Бид ажилдаа ирж чадахгүй байна. Машин явуулахгүй, Цэцэг төвөөс Төрийн ордон луу алхаж байна. Алхам тутамдаа нэгжлэг хийлгэж байна. Үнэмлэхээ хурааж ав, Г.Занданшатар таны бичсэн гарын үсэг Монголд үйлчлэхгүй болчихсон юм байна. Танхимд ч хууль хэрэгжихгүй байна, гадаа гудамжинд ч хууль хэрэгжихгүй байна. Өнөөдөр дэг ярьж байна, та нар хэзээ дэгээ барьдаг болчихсон юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Дэгээ сахья аа сахья. Та нар 14 тэрбумаар тоглоо биз дээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
-УИХ-ын чуулганы нээлтэд Хүний эрхийг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэж хэлсэн. Хүний эрхийг хангах асуудал ямар үед зөв болох вэ гэхээр тухайн хүн ял эдэлж буй гишүүн, олонх цөөнх эсэхээс үл хамаарч хүний эрхийг хангах чухал алхам болдог. Өнөөдөр хүний эрхийн асуудал ярихаар намын асуудал, хувь хүний асуудал гэж ярих нь туйлын буруу. Өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд үүссэн асуудлаар Ардчилсан намын гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан. Орой нь цагдаагийн олон давхар хамгаалалт гарчихсан, бид чинь хаана байна гэж гайхах нөхцөл байдал угтсан. Ядахдаа хүйтэн өдөр байсан тул бид майхан, гудас хөнжил өгье гэхэд хүлээж аваагүй, биднийг оруулаагүй. Энэ бол өнөөдөр нэг хүний, нэг намын асуудал биш. Монгол Улсад нэг намын хэт дарангуйлал ноёрхож байна. Нэг хүний үгээр бүх асуудлыг шийдэж байна. Тэнд хүний эрхийн зөрчил харагдаж байна. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хамтран Хуульзүйн байнгын хороонд хандаж тэнд байгаа хүмүүсийн Үндсэн хуулиар олгогдсон үгээ хэлэх, тэмцэх, өлсгөлөн зарлах эрхийг нь хангаач гэж шаардлага тавьж байна. Ардчилсан намын бүлгийн гишүүнд маш хүнд нөхцөлд өлсгөлөнгөө зарласан байгаа.
Хуулийн 20 төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ
Татан авсан хуулийн төслүүд
- Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг дагалдсан банк бус санхүүгийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай хууль
- Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- Зээлийн батлан сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх санхүүжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
- Төсвийн тогтвортой байдалд өөрчлөлт оруулах тухай хууль
- Шүүхий шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- Засгийн газрын тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- Зээлийн батлан сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
- Наториатын тухай хууульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
- Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг татан авсныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв.
Банк эрх бүхий мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг татан авсан талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг
-УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Х.Булгантуяа нараас 2020 оны наймдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх асуудлыг УИХ 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлгийг бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж дараах санал дүгнэлтийг гаргасныг та бүхэнд танилцуулъя.
Байнгын хорооноос хуулийн төслийг Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлт, төсөл боловсруулах бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хурааж шийдвэрлэсэн болно. Тухайлбал, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадлагамж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, банк эрх бүхий хуулийн этгээдийн харилцагчаас гэрээнд тусгасан төлбөр хураамжийг төлүүлэх, шимтгэл хураамжийг давхардуулах авахгүй байх, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл хураамжийн хувь хэмжээг үндэслэлтэй тогтоодог байх, хэрэв шимтгэл хураамжийн хувь хэмжээг үндэслэлгүй тогтоосон бол харилцагчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо үндэслэлгүй тогтоосон шимтгэл хураамжийн хувь хэмжээг бууруулах санал болгох, хэрэв саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл хураамжийг хүчингүй болгох зэрэг зохицуулалт тусгасан. Мөн Банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлэх, зохистой хөгжлийг дэмжих, харилцагч хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор банк эрх бүхий хуулийн этгээд хуульд заасны дагуу хадгаламжийг хүүг олон нийтэд ил зарлах бөгөөд ийнхүү зарласан хүүгээс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглох, банк эрх бүхийн хуулийн этгээд өөрийн алдаатай хийсэн шилжүүлгийг тодруулж харилцагчийг хохиролгүй болгох, санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжлийг дэмжих, банк санхүүгийн салбарын найдвартай байдлыг бэхжүүлэхдээ харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар саналыг томъёоллуудыг бэлтгэн танилцуулж байна. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 35, дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан 18, нийт 54 зарчмын зөрүүтэй санал гаргасныг нийт хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төслийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг харилцах дансны үлдэгдэл тооцох хүүгийн хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд нийт УИХ-ын гишүүн Г.Ганхуяг 22.4 хэсэгт заасны дагуу нэмэлт өөрчлөлт явуулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Банк эрх бүхий мөнгөн хадлагамж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 20 хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагч Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 20.2-т заасны дагуу төслүүдийг татан авах асуудлыг Байнгын хорооны хуралдаанд өргөн мэдүүлсэн болно. Байнгын хорооны санал дүгнэлтийн хамт та бүхэнд тараасан болно.
Г.Занданшатар:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 54 саналыг дэмжлээ. Санал хураалтад хуралдаанд оролцсон 60 гишүүн оролцож 36 нь дэмжиж 60 хувийн саналаар ийнхүү дэмжив. Мөн энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын гишүүдэд хандаж “Намынхаа асуудлыг тусад нь шийд. Тайван амгалан байцгаа. Олон үгтэй хүн бүхэн үг хэлнэ гэсэн үг биш. Айл гэрийн хэрүүлийг битгий төрийн хойморт нялзайгаад бай. Эмэгтэй гишүүдийн асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороо анхаарна за юу. Асуулт асуухдаа орилохгүй, кнопоо дар, кнопоо авчирцгаа. Дэгээ сахиж сурцгаа” гэлээ.
Хүүхдээ асарч буй эцэгт тэтгэмж олгохоор болов
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Хуралдаанд оролцсон 55 гишүүний 39 нь буюу 70.9 хувийн саналаар хуулийн төслийг ийнхүү баталсан юм. Хуулийг энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Уг хуулийн төсөлд, "Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно” гэсэн зүйл нэмэхээр тусгажээ. Мөн хуулийн нэрийн “ЭХ,” гэсний дараа “ЭЦЭГ,” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн “Эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “ажилгүй эх” гэсний дараа “, эцэг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “тэтгэмж авах эх” гэсний дараа, “эцэг” гэж тус тус нэмэхээр тусгав.
Хуулийн “6.3.Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.” гэсэн зүйл оруулахаар боловсруулав. Түүнчлэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “эцэг, эсхүл” гэснийг хасахаар болов.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаа Банк эрх бүхий мөнгөн хадлагамж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийхээр байв. Уг хуулийн төслийг татан авсан тухай УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв. Тэрбээр “Хууль санаачлагч Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Х.Булгантуяа нар хуулийн төсөл татан авах тухай албан бичиг ирүүлсэн. Уг хуулийн төслийг 2020 оны наймдугаар сард өргөн мэдүүлж байв. Уг хуулийн төслийг цогц байдлаар тусгах шаардлагатай гэж үзсэн татан авсан” гэлээ.
Чуулган: АН-ын дотоод асуудлыг УИХ шийдэхгүй
УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ дахь Ардчилсан намын гишүүд өчигдөр 18:00 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа. АН-ын бүлгийн зарим гишүүд УИХ-ын чуулганы өглөөний хуралдаанд оролцож байгаа бөгөөд энэ үеэр тэд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна гэдгийг хэллээ.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
-Өлсгөлөн зарлаж ард түмнийг төөрөгдүүлж болохгүй. Ардчилсан нам доторх эрх мэдлээ булаацалдсан, албан тушаалын төлөө эрх мэдлээ булаацалдсан зөрчлөө дотроо учраа ол. Ардчилсан нам дотроо хоёр хуваагдсан асуудлаа дотроо учраа ол. Нам дээрээ асуудлаа шийд, намаа шинэчил. Энэ асуудлаа төрд нялзаах хэрэггүй. УИХ хууль сахиулдаг болохоос биш хууль тогтоодоггүй. Та нар хуулиа ойлго.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН
-Та нарын амлаад байдаг амлалт хаана байгаа юм бэ Г.Занданшатараа. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд олгогдсон эрхээ эдэлж байна. Жагсах, өлсөх нь эрхийн асуудал. Бид дотроо хагараагүйг гишүүд нь үзүүлж байгаа. Бүх гарын үсэг нь байгаа. Та хуурамч тамга хийлгээд л үзүүлж байгаа. Үүнийг мэдэхгүй хүн байгаа биш. Биед нь халддаггүй гээд байдаг цагдаагийн даргатай ч холбогдож чадахгүй байна шүү дээ. Энэ танхимаас гадна хууль хэрэгжиж байгаа зүйл биш. УИХ-ын даргаа таны 76 гишүүний долоо нь хүйтэн шалан дээр хэвтэж байна. Оюунчимэг гишүүнээ, Адъяасүрэн гишүүнийг эргээч дээ. Хуульзүйн байнгын хорооны дарга аа, сайдаа юу болоод байгаа юм бэ. Манай улс ингээд цэрэгжсэн улс болчихож байгаа юм уу. Сүхбаатарын талбайг тойроод гурван давхар хамгаалалттай болчихлоо. Монголын төрөөс гуйж байна бид нарт балга ус өгчихөөч.
Эх олон хүүхэдтэй эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг эцэслэн батлах тухай хууль батлуулахаар Нийгмийн бодлогын байнгын хуралдаанд хүргүүллээ. Хуулийн төслийг эцэслэн батлах үе шатыг явуулна. Байнгын хороо эцэслэн батлуулах хуулийн төслийг бэлтгэж УИХ-ын гишүүдэд тараасныг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.