Нийслэлд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинд шилжиж, 28 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоог тогтоогоод буй. Харин энэ сарын 8-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд шилжиж, зэрэглэл бууруулахаар өчигдөр /2021.05.06/ Засгийн газар шийдвэрлэсэн юм.
Харин зэрэглэл бууруулсан хэдий ч аж ахуйн нэгжүүд, үйлчилгээний салбар хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой юу гэх асуудал гарч ирсэн. Халдвар багасаагүй, цар тахлын эрсдэл өндөр хэвээр байгаа тул 18 салбарын үйл ажиллагааг энэ сарын 22-ны өдөр хүртэл бүрэн хязгаарлахаар шийдвэрлэсэн. Харин тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бусад аж ахуйн нэгж, байгууллагуудаа үе шаттайгаар нээх юм. Тухайлбал, вакцины давтан тунгаа хийлгэж 14 хоносон иргэд:
- Тавдугаар сарын 8-аас үсчин, гоо сайхан,
- Тавдугаар сарын 15-наас бялдаржуулах төвүүд, фитнесс, бассейнууд
- Тавдугаар сарын 22-оос томоохон зах худалдааны төвүүд нээгдсэнээр тэдгээрээр үйлчлүүлэх боломжтой юм.
Ингэхдээ E-Mongolia системээс давтан тунд хамрагдсан QR код бүхий гэрчилгээг авах юм. Уг QR код бүхий гэрчилгээг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ирэх Даваа гариг гэхэд бэлэн болгохоор ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар үйлчилгээний салбарын 40 мянга гаруй иргэнийг Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулсан байна. Иймд цаашид үе шаттайгаар нээх аж ахуйн нэгжүүдийн ажилтан алба хаагчдыг вакцинжуулалтад хамруулсаар байх юм.
Тавдугаар сарын 8-наас хөл хориог үе шаттайгаар сулруулахдаа зарим үйлчилгээг нээх шаардлагад дурдахдаа ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буйг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Энэ талаар ЭМЯ-ны сайд С.Энхболд мэдээлэхдээ “Нэг, хоёрдугаар тунгаа тариулсан иргэд тусгай QR код уншуулж, зөвшөөрөгдсөн албан байгууллага, үйлчилгээний цэгүүдээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа” гэсэн юм.
Хөл хорионы өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд тодорхой цагийн хуваариар оролцож байсан юм. Тэгвэл энэ Бямба гаригаас хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм сахин явна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд бизнес, нийгмийн үйл ажиллагааг 89 төрөлд ангилдгаас 18-ынх нь үйл ажиллагааг хязгаарлах юм. Үүнд:
- Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
- Бүх төрлийн баар
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Хүнсний биш барааны зах, худалдааны төв
- Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
- Сургалтын төв
- Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
- Саун, бассейн нийтийн халуун ус,
- Зочид буудал, дэн буудал
- Амралт, жуулчны газар
- Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
- Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ
- Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
- Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ