Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2021.05.05/ болж, Covid-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны иргэн бүрт 50 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгох шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мөн өчигдөр вакцин хийлгэсэн иргэдээ 30 ам.доллараар шагнахаар болсоноо мэдэгджээ. Тэрбээр “Тавдугаар сарын 31-ний дотор вакцин тариулсан хүн бүрт 3,000 динар буюу 30 ам.долларыг олгох болно” хэмээн мэдэгдсэн байна.
Ингэснээр тус улс нь дархлаажуулалтын хөтөлбөрөө мөнгөн шагналтай болгосон дэлхийн анхны улс боллоо гэж хэвлэлүүд бичиж байна. Түүнчлэн вакцинжуулалтыг хурдасгахын тулд өөр нэгэн арга хэмжээ авахаар болсон нь вакцин хийлгээгүй төрийн албан хаагч нар халдвар авбал эмчлүүлэх хугацаанд нь цалинтай чөлөө олгохгүй байхаар болжээ.
Серби улс нь Барууны орнуудаас болон Орос, Хятадаас вакцин худалдан авч, вакцины нөөц хангалттай болсон бөгөөд хөрш зэргэлдээх улсуудынх нь иргэд хүртэл тус улсад очиж вакцин хийлгэж байгаа аж.
Нийт долоон сая хүн амтай тус улсад одоогоор 1,3 сая хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа ба дархлаажуулалтын явц удааширч эхэлсэн тул дээрх урамшууллыг олгохоор болсон байна. Бэлэн мөнгөний урамшуулал болон төрийн албан хаагчдад арга хэмжээ авснаар тавдугаар сарын сүүлч гэхэд гурван сая хүн вакцинд хамрагдана гэж тооцоолжээ.
Эх сурвалж: Euronews
Холбоотой мэдээ