Дэлхийн хамгийн нууцлаг улсад хоёр жил амьдарсан нь

Хуучирсан мэдээ: 2021.05.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн нууцлаг улсад хоёр жил амьдарсан нь

Дэлхийн хамгийн нууцлаг улсад хоёр жил амьдарсан нь

Пёньянд амьдардаг хөгжмийн найруулагч Линдси Миллер 2017 оны есдүгээр сарын 15-нд орондоо хэвтэж байтал түгшүүрт чимээ сонсчээ. Энэхүү үл таних чимээ бол Пёньяны нисэх онгоцны буудлаас хөөргөсөн, 2300 миллийн байг онох чадвартай, Хвасон-12 баллистик пуужингийн чимээ байв. Хойд Солонгосын эрх баригчид энэ пуужинг тухайн үед Японд сануулга өгөхөөр хөөргөсөн аж. Хатагтай Миллер тэр өглөө зургаан цагт цочин сэрээд Их Британийн Элчин сайдын яаман дахь гэрийнхээ гадаах цэцэрлэг рүү гүйв.

“Надад юу ч харагдаагүй. Гэхдээ чимээг нь сонсоход яг толгой дээгүүр минь онгоц нисээд өнгөрөх шиг сонсогдсон” хэмээн тэрбээр ярьжээ. Хөгжмийн зохиолч эмэгтэй дипломат алба хашдаг нөхрөө даган 2017 онд дэлхийн хамгийн аюултай улсад амьдрах болсон байна. Тэрбээр Хойд Солонгост 2017-2019 он хүртэл хоёр жил амьдарсан ба тус улсад амьдарсан дурсамжаараа ном гаргажээ.

Тэрбээр орчин цагийн Хойд Солонгосын түүхэн дэх хамгийн эгзэгтэй үед Пёньянд амьдарч таарчээ. Пёньян ба Вашингтоны харилцаа хурцдаж, цөмийн дайн дэгдэх нь гэсэн айдас дэлхий нийтийг нөмөрсөн ба АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Сингапурт уулзсан гээд олон томоохон үйл явдал өрнөсөн.

Гэхдээ Линдси өөрийн номондоо Хойд Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужин, хатуу ширүүн дэглэм гэхээсээ илүү тус улсын ард иргэдийн өдөр тутмын амьдралыг зураглаж, дэлхийн хамгийн хаалттай нийгэм дэх хүн хоорондын харилцааг онцолжээ.

“Хэн бүхний очихыг зүрхэлдэггүй газарт амьдрах нь миний хувьд гайхалтай боломж байсан. Тэнд надад судалж, мэдэх олон зүйл байсан” гэв.

Анх ирээд гадаад хүмүүсийн адилаар нийслэл Пёньян хотоор тойрон алхаж, удалгүй ууланд ганцаараа алхаж, Хятад руу аялалд гарахдаа галт тэрэгний үйлчлэгч эмэгтэйчүүдтэй шар айраг тулгаж, “Netflix”-ээр хамтдаа кино үзсэн гэдгээ тэрбээр дурсчээ.

Мөн тэр тус улсын иргэдтэй Брекситийн талаар бяцхан мэтгэлцэн өрнүүлж, сүүлийн үеийн залуусын дуртай хамтлагуудын талаар ч ярилцдаг байж. Амралтын өдрүүдээр бусдын л адил  караоке орж, гэр бүлээрээ үзэсгэлэнт Мёхан уул руу зугаалж, олон сонирхолтой газруудаар нь явж үзжээ.

“Хүмүүс өдөржингөө Ким Жон Уны тухай яриад сууж байна гэж байхгүй шүү дээ. Тэнд ч бас амьдрал өрнөж байдаг” хэмээн Линдси ярьсан байна.

Хааяа хөдөөгийн тариаланчдыг харахад сэтгэл давчидмаар санагддаг байснаа ч мөн нуусангүй. Түүнчлэн сөжү ханхлуулсан жолооны багштайгаа жолоодлогын шалтгалтаа хэрхэн  өгсөн тухай ч хошигножээ.

Тэрбээр аливаа улс орны талаар, өөрөө очиж үзээгүй байж таамаглаж ярих нь утгагүй хэрэг гэдгийг онцлов. "Тэнд очиж үзээгүй байхдаа бид тэр улс оронд хүмүүсийн амьдрал ямар байдгийг маш ерөнхий, хялбаршуулсан түвшний ойлголттой байдаг. Үүнийгээ л дотроо ургуулан боддог шүү дээ" гэв.

Линдси өөрийн номонд хавсаргасан гэрэл зураг, дурсамжуудаараа харгис, хатуу авторитар дэглэмийн дор хүмүүс хэрхэн өөрсдийн хүн чанараа гээлгүй амьдарч байгааг харуулахыг зорьсон гэнэ. “Яг л хоёр өөр ертөнцөөс ирсэн хоёр хүнийг нэг торонд хийчихсэн мэт. Хатуу дэглэмд амьдарч ирсэн хүн эхэндээ юм ярихгүй. Дараа нь байгалиас заяасан сониуч зангаа барьж дийлэлгүй маш болгоомжтойгоор яриа өрнүүлж эхэлнэ. Юуны ч талаар хамаагүй ярилцана. Яваандаа энэ нь нөхөрлөл болж хувирдаг байлаа” хэмээн Линдси өөрийн дурсамж номдоо бичжээ.

 Эх сурвалж: The Telegraph

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж