Челси аваргуудын лигийн финалд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2021.05.06-нд нийтлэгдсэн

Челси аваргуудын лигийн финалд шалгарлаа

Челси аваргуудын лигийн финалд шалгарлаа

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн 2020-2021 оны улирал төгсгөлийн шатандаа орлоо. Өнөөдөр/2021.05.06/ хагас шигшээ шатны сүүлийн тоглолт Лондон хотод явагдаж, дэлдэн чихт цомын төлөө өрсөлдөх хоёр багийн нэрс бүрэн тодров.


  • Манчестер Сити 2 – 0 ПСЖ

Дээрх хоёр багийн хариу тоглолт Манчестер хотод явагдаж, талбайн эзэд өрсөлдөгчөө Рияд Махрезын хоёр гоолын ачаар буулган авч, багийнхаа түүхэнд анх удаагаа УЕФА Аваргуудын лигийн финалд тоглох эрхтэй боллоо. Эхний тоглолт өнгөрсөн долоо хоногт Парист явагдахад, ПСЖ талбайдаа харамсалтайгаар хожигдсон. Тэд тоглолтын эхлэлийг сайн тавьж, түрүүлж гоол оруулсан ч хоёрдугаар үед Манчестер Ситигийн залуус хоёр гоол оруулсан билээ.

Харин энэ долоо хоногт явагдсан хариу тоглолтод Килиан Мбаппе гэмтлийн улмаас оролцож чадаагүй нь ПСЖ-д хүнд цохилт болсон. Ийнхүү түүний оронд Мауро Икардиг талбайд гаргасан ч тусыг эс олж, ПСЖ тоглолтын турш өрсөлдөгчийнхөө хаалгыг оносон ганц ч цохилт хийгээгүй аж. Эсрэгээрээ Фил Фоден, Бернардо Силва, Кевин де Брюйне зэрэг Манчестер Ситигийн хагас хамгаалагчид ээлж дараалан гоолын боломжуудыг үүсгэж байв.

Тоглолтын дараа Манчестер Сити багийн ахлах дасгалжуулагч Пеп Гвардиола “Аваргуудын лигийн финалд хүрсэн нь биднийг өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажилд дүгнэлт хийхэд туслана гэж бодож байна. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үнэхээр гайхалтай байсан. Премьер лиг, Карабао цом гээд бүх тэмцээнд сайн амжилт үзүүлсэн. Дөрвөн жил юуны төлөө хөдөлмөрлөснөө бид ойлгох хэрэгтэй. Энэ тэмцээний финалд хүрнэ гэдэг амаргүй. Гэхдээ бид чадлаа. Бид гайхалтай улирлыг өнгөрүүлж байна. Бид финалд тоглох эрхтэй” хэмээн ярьжээ.

  • Челси 2 – 0 Реал Мадрид

Челси Томас Тухелийн удирдлага дор сайн тоглолтоо үргэлжлүүлсээр байна. Тэд өнөөдөр талбайдаа Реал Мадридыг хүлээн авч, Тимо Вернер, Мэйсон Маунт нарын хоёр гоолын ачаар ялалт байгуулав. Угтаа Реал Мадрид тоглолтын эхнээс илүү бөмбөг эзэмшиж, гоол оруулахыг зорьж байсан боловч Челсигийн хамгаалалт тэр дундаа Н’Коло Канте, Жоржиньо тэргүүтэй тоглогчид хана хэрэм мэт байлаа. Тэд л эсрэг багийнхаа довтолгоог нурааж, урд шугамын тоглогчдодоо гоол оруулах боломжийг олгосон.

Эхний үед Карим Бенземагийн хоёр ч аюултай довтолгоог Челсигийн хаалгач Эдуардо Менди хаасан. Хасагдах аюултай нүүр тулсан Реал Мадрид хоёрдугаар үед түлхүү урагш довтолж, Челсид зөрүүлээд сөрөг довтолгоо хийх боломж бүрдсэн. Энэ ч утгаараа Кай Хаверц, Мэйсон Маунт нар тоглолтын тооны харьцааг улам холдуулах сайхан боломжуудыг үүсгэсэн ч салхинд хийсгэв. Гэвч Реал Мадридаас тэдний алдсан боломжуудыг шийтгэж, Челсигийн хаалганы торыг хөдөлгөх хүн байсангүй.

Челси ийнхүү багийнхаа түүхэнд гурав дахь удаагаа, 2012 оноос хойш анх удаагаа УЕФА Аваргуудын лигийн финалд шалгарч байна.

Тоглолтын дараа Челси багийн ахлах дасгалжуулагч Томас Тухель “Бид өнөөдөр ялалт хүртэх эрхтэй. Баг маань үнэхээр сайн тоглолоо. Гайхалтай амжилт үзүүллээ. Залуус маань үүнийг хүртэх эрхтэй. Гэхдээ ажил хараахан дуусаагүй байна. Бид үүнийгээ ухамсарлаж байгаа. Бидэнд аваргуудын лиг болон ФА кап гэсэн хоёр финалын тоглолт бий. Энэ амжилтад хүрэхийн тулд бидний гаргасан золиос бүхэн эхний өдрөөсөө л үнэ цэнэтэй байсаар ирсэн “ гэв.

Голсон юм голд орсон нь

Өнгөрсөн улирал УЕФА Аваргуудын лигийн финалд хожигдсон ПСЖ энэ улирлын эхэнд өөрсдийн ахлах дасгалжуулагч Томас Тухелийг халж, түүний оронд Маурицио Почеттиног авчирсан. ПСЖ-ийн эзэд Томас Тухелийг бус Маурицио Почеттиног эвлүүлдэг тоглоомны сүүлийн хэсэг гэж харсан хэрэг. Гэвч Катар тэрбумтнууд алдаа гаргажээ. Почеттиногийн ПСЖ бус Тухелийн Челси УЕФА Аваргуудын лигийн финалд шалгарлаа. Харин одоо Тухель аваргуудын лигийн дэлдэн чихт цомыг өргөж, шүүмжлэгчдийн, ПСЖ-ийн буруу байсныг улам нотлох хэрэгтэй.

Томас Тухель хоёр улирал дараалан хоёр өөр баг удирдаж, УЕФА Аваргуудын лигийн финалд хүрсэн анхны дасгалжуулагч болжээ.

ПСЖ дахин нэг алдаа гаргасан нь Тиаго Силваг багаасаа явуулсан явдал. ПСЖ-ийн спорт хариуцсан захирал Леанардогийн гаргасан зан авир нь Силвад таалагдаагүй. Леанардо багийнхаа домог гэж хэлж болохуйц Тиаго Силва, Эдинсон Кавани нарт ямар ч хүндлэл үзүүлэлгүй, багаасаа явуулахын түүс болсон аж. Тиаго Силва өнгөрсөн жил "France Football" сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан бөгөөд угтаа тэрбээр ПСЖ-тэй гэрээгээ сунгах бодолтой байжээ. Гэвч багийнх нь удирдлагууд түүнийг авч үлдэхийг хүсээгүй гэнэ. Ийнхүү гэрээнийх нь хугацаа дууссан Тиаго Силва Челситэй дахин нэг жил сунгах нөхцөлтэй нэг жилийн гэрээ байгуулсан билээ.

ПСЖ-д гологдсон Тухель, Силва хоёр Челситэй дахин УЕФА Аваргуудын лигийн финалд шалгарлаа.

Манчестер Сити – Челси 

Нэг улсын хоёр баг аваргуудын лигийн финалд учраа таарсан найм дахь тохиолдол энэ болж байна. Хамгийн сүүлд Ливерпүүл – Тоттенхэм Хотспур гэсэн Английн хоёр финалд учраа таарч байсан бол энэ удаад дахин Манчестер Сити – Челси гэсэн Английн хоёр учраа таарлаа.

УЕФА Аваргуудын лигийн финалын тоглолт ирэх тавдугаар сарын 29-ний өдөр Турк улсын Истанбул хотноо зохион байгуулагдах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж