Золбин нохдыг устгахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.06-нд нийтлэгдсэн

Золбин нохдыг устгахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ

Золбин нохдыг устгахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ

Нийслэлийн гэр хороолол төдийгүй ногоон бүсэд зэрлэгшсэн золбин нохойн асуудал тулгамдсан хэвээр байна. Устгалын ажлын хүрээнд нэг жилд 100 мянган нохой, муур устгах төсөв батлагддаг бөгөөд устгал хийгдэхгүй бол золбин нохойн тоо хоёр дахин нэмэгддэг аж. Энэ талаар нийслэлийн Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхбаяраас тодрууллаа.


-Золбин нохой, муурыг устгах ажилд жилд хэчнээн төгрөг төсөвлөгддөг вэ. Тус ажлыг ямар компаниудтай хамтран хийж байна вэ?

-Нийслэлийн ИТХ-н тэргүүлэгчдийн 2016 оны тогтоолоор нэг нохойг 12 мянган төгрөгөөг тооцож устгах зардлыг тогтоосон байдаг. 2021 онд нийт нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 100 мянган нохой, муурыг устгахаар нийслэлийн төсөвт 1.2 тэрбум төгрөг батлагдсан. Үүний дагуу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нохой, муур устгалын мэргэжлийн гурван компанитай хамтран ажилладаг. Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт “Өлтэ” компани, Чингэлтэй, Баянгол дүүрэгт “Базалт нэгдэл” компани, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт “Их булаг” компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Мөн төлөвлөгөөт ажлын хүрээнд ЦЕГ, НМХГ, НОБГ-тай хамтран ажилладаг.

-Устгалын ажлын явцад хэн хяналт тавьдаг вэ. Батлагдсан төсвийн хүрээнд нохой, муур устгалын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа юу?

-Төлөвлөгөөний дагуу 80 орчим хувьд нь хяналтгүй нохойг устгадаг, үлдсэн 20 орчим хувьд нь муур багтдаг. Өдөр тутам устгалын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа. Төрийн бус байгууллагын зургаан ажилтан, Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсээс ажлыг хянадаг. Харъяа дүүргийн нутаг дэвсгэрт ажиллах хуваарь гарган дүүрэг хороодтой хамтран өдөр тутам 05:00-10:00 цагийн хооронд ажиллаж байна. Мөн иргэдийн дуудлагыг хүлээн авах утсыг ажиллуулж иргэдээс ирсэн дуудлагыг шийдвэрлэж ажиллаж байгаа. Нийслэлийн хот тохижилтын газар төвлөрсөн хогийн цэгүүдийг хариуцдаг. Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг дээр Хот тохижилтын газраас утгасан нохой, муурыг давтан тоолж, баримтжуулж сэг зэмийг дарж булах болон зууханд шатааж устгадаг байгаа.

-Хөл хориотой холбоотойгоор ажиллах хүчний орон тоонд өөрчлөлт орсон уу?

-Бид иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор золбин нохой, муур устгах ажлыг алдагдуулахгүй байх чиглэл авч ажиллаж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд байгууллагын 15 хүртэлх хувь нь ажиллах Засгийн газрын шийдвэрийн дагуу ажиллаж байна. Одоогийн байдлаар  иргэдийн дуудлагаар үйл ажиллагаа үргэлжилж байна. Дуудлага ирсэн тохиолдолд очиж арга хэмжээ авч ажиллаж байгаа.

-Нийслэлийн хэмжээнд зэрлэгшсэн нохой хэчнээн байдаг вэ. Статистик бий юу?

-Байршил, хүн амын төвлөрөл, хөдөлгөөн зэргээс хамаарч төлөвлөгөөт ажлыг зохион байгуулахад тодорхой хуваарийн дагуу статистик гаргаж, хяналтгүй нохой, мууранд арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хатуу хөл хорионы хугацаанд ч хяналтгүй нохойг устгах ажил хийгдэж байна. Тухайлбал, “Өлтэ” ХХК  дөрөвдүгээр сарын 30-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчидтай хамтарч, Богдхан уулын Нүхтийн ам, Хүүшийн ам, Арцатын амнаас 18 золбин нохойг устгасан. Мөн “Базалт нэгдэл”, “Ихбулаг атүк” компаниуд хамтарч Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд чиглэлийн зуслангийн ногоон бүсэд ажиллаж, 40 золбин нохой устгасан байгаа. Харин тавдугаар сарын 1-нд Туул гол дагасан бургас, дугуйн замын орчмоос найман нохой, Найрамдал зуслангийн бүсээс таван нохой, “Базалт нэгдэл”, “Ихбудаг атүк” компанийн анчид Санзайн Цэргийн амралт, Шарга морьтын эцэс, Бэлхийн эцсээс 38 нохой устгасан. Тавдугаар сарын 3-нд “Өлтэ” ХХК Баянхошууны Баруун, Зүүн салааны зуслангийн бүсээс 16 нохой, “Ихбулаг атүк” ХХК Баянзүрх дүүрийн Улиастай, Гачуурт орчмоос 32 нохой устгасан байгаа.

-Нохой, муур устгах ажилчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг вэ.  Буудахаас өөрөөр устгах аргыг авч хэрэгжүүлж байна уу?

-Мэргэжлийн компаниудын 10 гаруй жил ажилласан  туршлагатай ажилчид тус ажлыг хийдэг учраас сум алдах зэрэг тохиолдол бүртгэгдээгүй. Ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн цагдаагийн байгууллагад бүх ажилчин бүртгэлтэй байдаг. Өглөө ажилд нь гарахад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг тогтмол өгдөг. Өдөр тутам хяналтын ажилтантай ажилладаг байгаа.

Нохой, муурыг буудаж устгахаас гадна дүүргүүдийн мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран нохой, муурны үржлийг хязгаарлах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд 80 мянга гаруй нохой, мууранд үржил хязгаарлах мэс засал хийсэн. Гэр хорооллын нохой, муурыг бүртгэлжүүлэх ажлыг бүрэн хийсэн. Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран эзэнтэй нохой, муурыг жил бүр вакцин, туулганд хамруулах ажлыг хийж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
12
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж