Билл Гейтсийн эхнэр, сайхан сэтгэлт Мелинда | News.MN

Билл Гейтсийн эхнэр, сайхан сэтгэлт Мелинда

ХҮМҮҮС

Билл Гейтсийн эхнэр, сайхан сэтгэлт Мелинда

Билл Гейтсийн эхнэр, сайхан сэтгэлт Мелинда

АНУ-ын мэдээллийн технологи, компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "Microsoft" компанийн үүсгэн байгуулагч, бизнесмэн, дэлхийн толгой баячуудын нэг Билл Гейтс эхнэрээсээ салж буйгаа энэ долоо хоногт албан ёсоор зарласан билээ. Тэд нийт 27 жил ханилахдаа гурван хүүхэдтэй болж, хамтдаа сан байгуулан олон сайн үйлс хийсэн юм.

Билл Гейтсийн талаар хүмүүс сайн мэддэг ч түүний эхнэр Мелиндагийн талаар төдийлөн сайн мэдэхгүй. Тиймээс бид энэ долоо хоногийн ХҮМҮҮС буланд Билл Гейтстэй 27 жил ханилсан Мелинда Анн Френчийг онцолж байна.


Мелинда 2000 онд нөхөртэйгөө хамтран Билл ба Мелинда Гейтсийн хэмээх сан байгуулсан нь 2015 он гэхэд дэлхийн хамгийн том хувийн буяны байгууллага болсон билээ. Тиймдээ ч өмнө нь "Microsoft"-ийн Ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэж явсан. Түүнийг хүмүүс АНУ-ын сайн үйлстэн гэдгээр нь илүү танина. Сангаараа дамжуулан тэрбээр ядуу буурай орны ард иргэдэд, ялангуяа Африкийн зарим орны хүмүүст олон зүйлээр тусалж, халдварт өвчнүүдийн эсрэг вакцинжуулалт зохион байгуулдаг нэгэн. Мөн түүнийг "Forbes" сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг аж.

БАГА НАС

Мелинда Анн Френч 1964 оны наймдугаар сарын 15-нд Техас мужийн Даллас хотод дөрвөн хүүхэдтэй нисэх онгоцны инженер Реймонд Жосеф Фгенч болон Илайн Агнес Амерланд нарын гэр бүлд хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Мелинда нэг эгч, хоёр эрэгтэй дүүтэй.

Гэр бүл нь католик шашинтай байсан тул тэрбээр гэгээн Моникагийн католик сургуульд элсэж, ангийнхаа шилдэг сурагч болжээ. Түүнийг 14 настай байхад аав нь анх “Apple 2” компьютертэй танилцуулсан бөгөөд сургуулийнх нь багш хатагтай Бауэр компьютерийн шинжлэх ухааны талаар хичээл зааж эхэлсэн гэдэг. Чухам тэр үеэс л эхлэн Мелинда цахим технологид дурлаж, анхан шатны програмчлалын хэл, цахим тоглоомуудын тухай энгийн мэдлэгтэй болжээ.

Дунд сургуулиа төгссөний дараа 1982 онд Мелинда уугуул Даллас хотынхоо Урсулины академийг амжилттай дүүргэж, 1986 онд Дюкийн их сургуулийг цахим шинжлэх ухаан, технологийн мэргэжлээр төгсч баклаврын зэрэг авсан бол 1987 онд Дюкийн бизнесийн Фукуа сургуулиас мастерын зэрэг хүртжээ.

 

АЖЛЫН ГАРАА

Мелинда хамгийн анхны цалингаа хүүхдүүдэд математик, цахим програмчлалын хичээл заан авч байсан гэдэг. Харин төгссөнийхөө дараа тэрбээр "Microsoft" компанийн Cinemania, Encarta, Publisher, Microsoft Bob, Money, Works (Macintosh) болон Word тэргүүтэй мултимедиа бүтээгдэхүүнүүдийн хөгжүүлэлтийг хариуцсан маркетингийн менежер болжээ. Түүний голчлон анхаарал хандуулж байсан Expedia нь хожим дэлхийн хамгийн алдартай аялалын захиалга хүлээн авдаг веб сайтуудын нэг болжээ. 1990-ээд оны эхээр Мелиндаа тушаал дэвшин бүтээгдэхүүний ерөнхий менежер болон томилогдсон ч 1996 онд гэр бүлдээ анхаарал хандуулахын тулд ажлаасаа гарсан гэнэ.

Гэхдээ тэрбээр гэр бүлийнхээ хажуугаар 1996-2003 оны хооронд Дюкийн их сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн байжээ. Түүнээс гадна тэрбээр Билдерберг группын жил бүр зохион байгуулдаг чуулганд оролцдог болж, 2004 оноос хойш "Washington Post" компанийн захирлуудын зөвлөлд суудалтай болсон аж. Түүнээс гадна Мелинда "Drugstore.com" компанийн захирлуудын зөвлөлд багтаж байсан хэдий ч 2006 оны наймдугаар сард илүү их буяны ажил хийхийн тулд ажлаасаа гарчээ.

2000 онд сан байгуулалцсанаасаа хойш тэрбээр ажил үйлсээрээ олонд танигдаж, сангийн ирээдүйн үйл ажиллагааны өнгийг тодорхойлж чадсан байна. Тухайлбал 2014 онд Билл, Мелинда хоёр өөрсдийнхөө байгуулсан санд 28 тэрбум ам.доллар хандивлажээ. Мөн 2015 онд Мелинда АНУ-ын эмэгтэйчүүд болон гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, үнэлэх, шийдэл олж, хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг, бие даасан "Pivotal Ventures" компанид хөрөнгө оруулжээ.

ЗОХИОЛЧ

Мелинда 2019 онд “Сэргэх мөч: Эмэгтэйчүүдийн хүч дэлхий ертөнцийг хэрхэн өөрчилж чадах вэ” хэмээх ном бичиж, сурталчилгаанд нь зөвшөөрөл бүхий Барак Обамагийн загварыг ашиглаж байв. Тус ном феминист эдийн засагч Дэйм Мэрилин Уарингийн “Хэрвээ эмэгтэйчүүдийг тооцдог бол” хэмээх номтой төстэй агуулгатай бөгөөд эмэгтэйчүүдийн цалингүй хөдөлмөрийн тухай нарийн тусгажээ.

ХУВИЙН АМЬДРАЛ

Мелинда анх 1987 онд Нью Йорк хотод болсон үзэсгэлэн дээр Билл Гейтстэй танилцан удалгүй болзож эхэлжээ. Улмаар 1994 онд тэд Хавайн Ланайд тансаг хурим зохин байгуулж, нисдэг тэргүүдээр хамгаалуулан гэрлэжээ. Тэд Женифер, Фиби, Рори Гейтс хэмээх гурван хүүхэдтэй болж, Вашингтон мужийн Медина дахь Вашингтон нуурын эрэг дээр тансаг харш барин амьдарсан юм. Тэд мөн Калифорни мужийн Дел Мар дахь далайн эргийн тансаг байшинг эзэмшдэг аж.

Гэвч энэ сарын эхэнд Мелинда, Билл хоёр гэрлээд 27 жил, танилцаад 34 жилийг хамт өнгөрүүлсний эцэст салахаар шийджээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИГЧ

Эрэгтэй ажилчид голлосон "Microsoft" компанид ажилласан туршлагадаа үндэслэн Мелинда цахим технологийн салбарт илүү олон эмэгтэйчүүдийг ажиллуулахаар хичээсээр иржээ. 2016 оны есдүгээр сард тэрбээр ажлын байр, ялангуяа технологийн салбарт хүйсийн харьцааны тэнцвэргүй байдал улам нэмэгдэж байгааг онцлон “Бүх компанид технологич хэрэг болдог атал бид яагаад маш цөөхөн эмэгтэй технологич бэлдэж байна вэ? Энэ бол нийгэмд тусгүй. Тиймээс бид үүнийг өөрчлөх хэрэгтэй” хэмээн ярьж байв.

Эх сурвалж: WASHINGTONPOST GUARDIAN FORBES INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж