Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор дөрөвдүгээр сарын 30-нд гарах тээврийн жолооч нарыг Хятадын талд PCR шинжилгээнд хамруулахад нэг жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр өчигдөр /2021.05.05/ Хятадын талд шинжилгээ өгчээ. Тэдний хариу сөрөг гарвал Гашуунсухайт хилийн боомтын экспорт, импортыг хэвийн үргэлжлүүлэх аж.
Сovid-19 халдварын улмаас өнгөрсөн зургаан хоногийн хугацаанд хилийн боомтоор нүүрсний экспорт тэг зогсоод байв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяагаас нөхцөл байдлыг тодруулахад “Өнөөдөр /2021.05.05/ экспорт, импорт хийх нүүрсний 50, зэсийн баяжмалын 16, бараа материалын 10 нийт 76 жолооч шинжилгээнд хамрагдаж, орж ирсэн" гэдгийг хэллээ. Цаашдаа Гашуунсухайт хилийн боомтоор өдөрт 50 нүүрс тээврийн жолооч тээвэрлэлт хийхээр болсон гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Хилийн боомтод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байгаа юм.
Гашуунсухайт хилийн боомт хаахын өмнөх өдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд гарах чиглэлд нүүрс тээврийн 97, бараа материалын 25, зэсийн баяжмалын 16 тээврийн хэрэгсэл хилээр гарсан байна.
Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 25 хүний бүрэлдэхүүнтэй таван автомашинтай мэргэжлийн баг Ханбогд сум Хайрхан багийн нутаг Цагаан хад суурьшлын бүсэд тандалт судалгаа хийж байна. Тавдугаар сарын 1-нээс 3000 хүнээс шинжилгээ авч үр дүнг тооцон, вакцин хийлгээгүй үлдсэн бүх хүнийг дархлаажуулна гэдгийг мэдээлж байв.
Тавдугаар сарын 4-ний байдлаар нийт 4621 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, 1049 хүнийг вакцинд хамруулжээ. Үүний 948 нь вакцины эхний тунд хамрагдсан бол 101 нь хоёр дахь тунд хамрагдаад байгаа аж.