Булган аймгийн Булган суманд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдэж, Лхагва гариг (2021.05.05)-ийн 18.00 цагаас тавдугаар сарын 9-ний өдрийн 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоосон байна. Тус сумын Засаг даргын захирамжаар хөл хорионы үед зарим үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэжээ.
Аймаг, сумын Онцгой комиссын гишүүд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, эрчим хүч, ус, дулаан хангамж, газар тариалан, төмс хүнсний ногоо, уул уурхай, мал амьтны өвс тэжээл тээвэрлэлт, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт, тээвэрлэлт, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, ариутгал халдваргүйтгэл, оршуулгын үйл ажиллагааг хязгаарлаагүй байна.
Эм, эмнэлгийн зайлшгүй тусламж авах, дархлаажуулалтад хамрагдах, шинжилгээ өгөх, хүнс, ахуйн хэрэглээний бараа худалдан авах, зөөврийн ус авах явган хүний хөдөлгөөнийг хориглохгүй байхаар шийдвэрлэжээ. Хүнсний худалдаа, үйлдвэрлэл, эмийн сангийн үйл ажиллагааг 10.00-18.00 цагаар тогтоож, бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ