"Урамшууллын 50 мянгыг вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдийн дансанд шилжүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2021.05.05-нд нийтлэгдсэн

"Урамшууллын 50 мянгыг вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдийн дансанд шилжүүлнэ"

"Урамшууллын 50 мянгыг вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдийн дансанд шилжүүлнэ"

НЭМЭЛТ: 22.10 ЦАГ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинг энэ сарын 8-наас ирэх сарын 5-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд шилжүүлж, зэрэглэл бууруулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу УОК өнөөдөр хуралдаж, холбогдох журам баталсан талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албаныхан олон нийтэд танилцууллаа.

ХАЛДВАР БАГАСААГҮЙ, ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА

Шадар сайд С.АМАРСАЙХАН: 

-ОХУ-ын "Спутник-V" вакциныг маргаашаас 65-аас дээш насныханд хийж эхэлнэ. Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 8-наас 22-нд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "Улбар шар" зэрэгт шилжиж байгаа хэдий ч халдварын тархалт багасаагүй, эрсдэл өндөр хэвээр байгааг байна. Дээрх хугацаанд орон нутагт зорчих хөдөлгөөнийг мөн хязгаарлах бөгөөд дархлаажуулах ажлыг эрчимжүүлнэ.

Дархлаажуулах ажилд иргэдийн идэвхийг нэмэх зорилгоор, вакцины хоёр тун авсан иргэнд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Уг мөнгийг тухайн иргэн вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн тохиолдолд данс руу нь орохоор зохион байгуулж байна. Энэ ажлыг ЭМЯ, Сангийн яамтай хамтран зохицуулна.

Халамжийн 90 мянга, хүнсний талон авдаг 30 мянган иргэн вакцинд хамрагдаагүй байгаа тухай судалгаа байна. Тиймд иргэдийг нийгмийн хариуцлагатай байхыг уриалж байна. Мөн олон улсын судалгаа, эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст вакцины хоёрдугаар тунг хийнэ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, зорилтот бүлэг буюу насанд хүрсэн хүн амын 60 хувь нь вакцины нэгдүгээр тунг, 27.3 хувь нь хоёрдугаар тунг тариулсан.

Үйл ажиллагааг нь хязгаарласан 18 байгууллага:

  1. Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
  2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
  3. Бүх төрлийн баар
  4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
  5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  6. Хүнсний биш барааны зах, худалдааны төв
  7. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
  8. Сургалтын төв
  9. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  10. Алжаал тайлах төв
  11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  12. Саун, бассейн нийтийн халуун ус,
  13. Зочид буудал, дэн буудал
  14. Амралт, жуулчны газар
  15. Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
  16. Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ
  17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
  18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб

Үйлчилгээний салбарын 40 мянга гаруй иргэнийг хамгийн түрүүнд вакцинд хамруулсан тул цаашид шат дараатайгаар үйлчилгээний газруудыг нээх ажээ.

30 ХОНОГИЙН ДАРАА НЭГ ТУН ВАКЦИНД ХАМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРГАСАН

Covid-19 тусаад эдгэрсэн иргэнийг анх батлагдсан өдрөөс нь 30 хоногийн дараа нэг тун вакцинд хамруулахаар журам боловсруулж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрбээр “Олон улсад Covid-19-өөр халдварлаад эдгэрсэн иргэнийг вакцинд хамруулах эсэх талаар судалгаа хийж байна. Тухайлбал, вакцин үйлдвэрлэгч орнууд халдвар аваад эдгэрсэн иргэнийг 30 хоногийн дараа нэг тунд хамруулна гэсэн дүгнэлт гаргасан байна.

Вакцин худалдаж авдаг, хүрэлцээ муу байгаа орнууд 3-6 сарын дараа вакцинд хамруулна гэсэн харилцан адилгүй судалгааны дүгнэлт гаргаж байна. Манай улсын эрдэмтэн судлаачид ч энэ талын судалгаа хийж байна. 30 хоногийн дараа нэг тун вакцинд хамруулах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг энэ сарын 8-наас холбогдох журамд тусгана” гэлээ.

ХАЛДВАР БАТЛАГДСАН ӨДРӨӨС ХОЙШ 30 ХОНОГИЙН ДАРАА ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛНО

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Нэг, хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэд цаашид шинжилгээ өгөх үү. Вакцинд хамрагдах боломжгүй иргэдийг яах вэ?

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: Вакцины нэг, хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэд QR код уншуулж, үйлчилгээний газруудаар үйлчлүүлнэ. Вакцинтай холбоотой мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэж, судалгаа үргэлжилж байна. Бидний тооцооллоор одоогоор жирэмсэн 54 мянга орчим эмэгтэйчүүд байна. Эдгээр хүмүүст вакцин хийлгэж болно, эсвэл болохгүй гэх зүйл байхгүй. Өдөр бүр мэдээлэл шинэчлэгдэж байна.

-Бүрэн тунгаа хийлгээд, 14 хоногийн дараа орон нутаг руу зорчиж болох уу?

-Тавдугаар сарын 8-наас хойш, 14 хоногийн дараа орон нутаг руу зорчиж болно.

-Орон нутагт вакцины хэдэн хувийг явуулж байна вэ. Мөн вакциныг стандартын дагуу тээвэрлэж чадаж байна уу?

Улсын хэмжээнд дархлаажуулалтын 540 цэг байдаг. Эдгээр цэгт вакцин хадгалах зориулалтын төхөөрөмжүүд бий. Тиймээс орон нутаг руу зориулалтын төхөөрөмжөөр тээвэрлэж байна.

-Вакцин хийлгэсэн хүмүүст өгөх 50 мянган төгрөгийг хэзээ шилжүүлэх вэ?

Шадар сайд С.АМАРСАЙХАН: Хоёр дахь тунгаа хийлгэсний дараа иргэдийн данс руу нь орохоор Сангийн яамнаас зохион байгуулалт хийж байна.

-"Спутник V" вакцин хэзээ ирэх вэ?

-Вакцины нийлүүлэлт, татан авалт хэвийн явагдаж байна. “Спутник V” вакцин дөрөвдүгээр сард ирэх байсан ч дотоодын нийлүүлэлтээс болоод хойшилсон. “Синофарм”-ын вакцины татан авалт хэвийн үргэлжилж байгаа.

-Халдвар аваад эдгэрсэн хүн вакцинд хэрхэн хамрагдах вэ?

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: Халдвар аваад эдгэрсэн хүний талаарх судалгаа хийгдэж байгаа. Судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүн батлагдсан өдрөөс хойш 30 хоногийн дараа нэгдүгээр тунг хийлгэнэ гэсэн зөвлөмж өгч байна. Мөн зарим судалгаагаар арай өөр, 3-6 сар байгаа. Үүнд үндэслээд, манай эрдэмтэд ч судалгаа хийж байна. Халдвар авсан хүн халдвар батлагдсан өдрөөс хойш нэг сарын дараа вакцинд хамрагдаж болно. Бид журам боловсруулж байна. Журмыг тавдугаар сарын 8-наас өмнө оруулж ирнэ.

ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР: Хоёр дахь тунгаа аваад 14 хоногийн дараа аль ч тохиолдолд халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой. Дархлал тогтцын судалгааг хийж байгаа.

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, May 5, 2021

 

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА

Улсын онцгой комисс (УОК) яг одоо хаалттай хуралдаж байна. Засгийн газрын өнөөдөр (2021.05.05)-ийн хуралдаанаас тавдугаар сарын 8-ны 06.00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан.

Энэ хугацаанд тархалтын эрсдэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгасан юм.

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж