Хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалах, хүүхдийн хөгжил оролцоог бодитойгоор дэмжих, хүүхдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, тодорхой түвшинд шийдвэрлэх зорилготой “Хамтдаа оролцъё-Хамтдаа хөгжье" цахим чуулга уулзалт өнөөдөр (2021.05.05) боллоо. Тус уулзалтад дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, албан бус насан туршийн боловсролын төв, тусгай сургууль, скаутын холбооны сурагчид болон асрамж халамжийн төвд асруулж буй хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл болох 400 гаруй сурагч оролцлоо.
Цахим чуулга, уулзалтын үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Д.Хуягбаатар, Засаг дарга Н.Алтаншагай нар нээж, дүүргээс баримталж буй хүүхдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг оролцогчдод танилцуулав.
Covid-19-ийн тархалтаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулж буй уулзалтад сурагчид өөрсдөдөө тулгарч буй нийтлэг асуудал, сурч боловсрох, амьдрах орчныг сайжруулах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, чуулганд оролцож буй төлөөлөгчидтэй санал бодлоо хуваалцлаа.
Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Засаг дарга Н.Алтаншагай, нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Э.Ниндэв, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ нар хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал санаачлагыг нэгтгэн, шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгахаар боллоо.
Өнөөдрийн цахим уулзалтыг дүүргийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, “Хүүхдийн холбоо”, ерөнхий боловсролын сургуулиуд хамтран зохион байгууллаа.