Марокко улсад есөн ихэр хүүхэд мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.05-нд нийтлэгдсэн

Марокко улсад есөн ихэр хүүхэд мэндэлжээ

Марокко улсад есөн ихэр хүүхэд мэндэлжээ

Африкийн баруун хойд нутагт байрладаг Марокко улсын амаржих газарт Мали улсын иргэн очиж, өчигдөр (2021.05.04) амаржин, есөн ихэр хүүхэд төрүүлжээ. Мали улсын засгийн газраас хүүхдүүдийн бие сайн байгаа хэмээн мэдээлсэн бол Мароккогийн эрх баригчид одоохондоо албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Өрнөд Африкийн буурай улс Малигийн эмнэлгүүд өдгөө 25 настай Халима Сиссе хэмээх эмэгтэйг долоон ихэр хүүхэд тээж байна хэмээн үзжээ. Улмаар хүүхдүүдийг эсэн мэнд төрүүлж чадах эсэхдээ эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна. Иймд тус улсын засгийн газар тусламж үзүүлэн, түүнийг эрүүл мэндийн тогтолцоо арай сайн хөгжсөн Марокко улс руу гуравдугаар сарын 30-нд илгээн, хяналтад оруулжээ.

Хүн долоон ихэр хүүхэд тээж, эсэн мэнд төрүүлэх тохиолдол нэн ховор. Тэгвэл есөн ихэр хүүхдийг эсэн мэнд тээж, бүгдийг нь эрүүл саруул төрүүлнэ гэдэг бүр ч ховор тохиолдол юм. Маррокко улсын эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рачид Кудхари ”Өмнө нь Мароккогийн эх барих эмнэлгүүдэд ийм олон ихэр хүүхэд төрж байсан тохиолдол би лав санахгүй юм” хэмээн ярьжээ.

Харин Малигийн засгийн газраас мэдээлснээс үзвэл Сиссе кесарево хагалгаагаар таван охин, дөрвөн хүү төрүүлжээ. Малигийн эрүүл мэндийн сайд Фанта Сиби “Эх болон хүүхдүүдийн бие сайн байна. Сиссег Малигийн эмч дагалдан явсан бөгөөд цаг үргэлж харж хандан, бидэнд мэдээлэл явуулж байна. Эх болон хүүхдүүд хэдэн долоо хоногийн дараа гэртээ ирнэ” хэмээн хэлжээ.

Сиссег амаржихаас өмнө эмч нар төдийгүй мэргэжлийн бус хүмүүс ч түүний болон хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд санаа зовж байсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, Мали болон Марокко улсын эмч нар бүгд л Сиссег долоон хүүхэд тээж байна хэмээн тодорхойлж байжээ.

Хүүхдүүдийг эсэн мэнд эх барьж авсан явдалд Фанта Сиби Мали болон Мароккогийн эмч нарын багийнханд халуун баяр хүргэж, гүнээ талархаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж