Covid-19 цар тахлын вирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан иргэд гэрчилгээгээ E-Mongolia цахим хуудсаас авах юм. Эхний ээлжинд давтан тунгаа хийлгэсэн иргэдэд гэрчилгээ олгох бөгөөд цаашдаа цахим QR код өгнө гэдгийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Иргэд E-Mongolia цахим хуудаст байрших QR кодоо уншуулж, үйлчилгээ авах аж. Гэхдээ шинэ технологийн шийдэл нь хараахан бэлэн болоогүй байна.
Улсын онцгой комиссоос хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-наас үе шаттайгаар сулруулахаар төлөвлөөд буй. Тус комиссын Ажлын зөвлөл эхний байдлаар журмыг боловсруулж, хөл хориог бүрэн сулруулахгүй байх хувилбарыг ярьж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Тавдугаар сарын 8-наас хөл хориог үе шаттайгаар сулруулахдаа зарим үйлчилгээг нээх шаардлагад ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буйг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Энэ талаар Шадар сайдын хэвлэлийн албанаас тодруулахад “УОК-ын Ажлын зөвлөл журам боловсруулж байна. Эцсийн байдлаар журам батлагдаагүй байна. Вакциндаа хамрагдаагүй хүмүүс дунд жирэмсэн болон вакцины эсрэг заалттай, харшилтай хүмүүс орох эсэх талаар олон санал хэлэлцэж байна.
Вакцины давтан тунгаа хийлгэсэн хүмүүс гэрчилгээ үзүүлээд явж болно. Харин Covid-19 авч, эдгэсэн хүмүүсийг юугаар нотлох вэ. Хувь хүний нууцыг ил гаргах нь зөв үү, буруу юу зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Эхний ээлжинд давтан тунгаа хийлгэсэн хүмүүс гэрчилгээ авч байна. Цаашдаа шууд гар утсаараа уншуулдаг систем ашиглана. Ерөнхийдөө өнөөдөр энэ журам тодорхой болох байх” гэв.
Холбоотой мэдээ