Засгийн газар өнөөдөр (2021.05.05) ээлжит хуралдаанаа хийж, гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээллээ.
Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд вакцинд хамрагдах иргэдийн тоо буурчээ. Тиймээс вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан байна. Тодруулбал, вакцины хоёр тундаа хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН: Нийслэлд хүнсний талон авдаг 47 мянган насанд хүрсэн, вакцин хийлгэх ёстой иргэн байдаг. Үүний 29 мянга нь вакцины нэгдүгээр тундаа ч хамрагдаагүй байна. Мөн Улаанбаатарт төрөл бүрийн халамжид хамрагддаг 211 мянган иргэн байна. Үүний 81 мянган иргэн нь вакциндаа хамрагдаагүй байгаа юм. Иймээс ирэх саруудад бүх төрлийн халамж, хүнсний талоныг вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс шалтгаалж олгоно. Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн дархлааг хадгалах, сэргээх зорилгоор 50 мянган төгрөгийн витаминжуулалтын багц бэлдэж байсан. Гэхдээ үүнийг вакцинд хамрагдсан иргэдийг урамшуулах хэлбэрээр бэлэн мөнгөөр тооцож олгох шийдвэр гаргалаа. Иймээс ард иргэд нийгмийн хариуцлагаа ухамрсарлан гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй байна.
Өнгөрсөн жил 2021 оны төсөв батлахдаа эрүүл мэндийн салбарын багцийг 1.4 их наяд төгрөг гэж баталсан. Өөрөөр хэлбэл, сардаа 120 тэрбум орчим төгрөгийн гүйцэтгэл гарч байх ёстой салбар. Гэтэл тавдугаар сар гарчихаад байхад дөнгөж 220-иод тэрбумын гүйцэтгэлтэй явж байна. Өөрөөр эхэлбэл, төсвийн шинэчлэлийн хүрээнд салбарын санхүүжилтийн хувьд эрүүл мэндийн салбарт гүйцэтгэл удаашралтай байсан тал бий. Иймээс Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг гүйцэд гаргаад явах шийдэлд хүрсэн.
Вакцинжуулалтын цэгүүдэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд бүтээмжээрээ үнэлэгдэж, цалин нь очно. Өмнө нь тогтмол цалингаа аваад, илүү цагийн мөнгө ирэхгүй байна гэх гомдол гардаг байсан.
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: Эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний санхүүжилтийн гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилан ЭМД-ын сангаас санхүүжүүлж эхлээд байна. Энэхүү гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд Covid-19-ийн эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээний санхүүжилтийн журмыг Сангийн Яам болон Эрүүл мэндийн яам хамтран гаргалаа. Covid-19-ийг илрүүлж, оношлох, дархлаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтан, мөн хөнгөн хэлбэрээр өвдөж тусламж үйлчилгээ авч буй иргэдийг өрхийн эрүүл мэндийн эмчийн хяналтаар санхүүжүүлэх болсон. Мөн өрх, сум, тосгонд хөнгөн өвчтөнийг гэрээр эмчлэн, тусламж үйлчилгээ үзүүлэх санхүүжилттэй болсон. Эрсдэл өндөртэй хөнгөн, хүнд, хүндэвтэр өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтэн эмчлэхэд биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4 сая 300 төгрөг байхаар тарифыг шинэчлэн тогтоосон.
Шадар сайд С.АМАРСАЙХАН: Засгийн газрын хийсэн хэлэлцээрийн хүрээнд иргэдээ долдугаар сарын 1-ний өдөр гэхэд дархлаажуулалтад бүрэн хамруулах боломж бүрдсэн. “Спутник” вакцины сая тунг худалдан авах гэрээг гуравдугаар сард хийсэн. Гэвч ОХУ дотооддоо нийлүүлэлтээ хангаж чадахгүй, гадаад улс орон руу нийлүүлэх боломжгүй байгаагаас үүдэн татан авалт удааширсан. Сая тун вакцины гэрээ хийсний 20 мянган тун нь ирсэн. 65-аас дээш насны иргэдээ хамруулна.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Tuesday, May 4, 2021
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ